Ургийн гажгийн талаар хэлэлцлээ | News.MN

Ургийн гажгийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Ургийн гажгийн талаар хэлэлцлээ

АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, ХБНГУ-н Байер Консюмер Кейр компани хамтран өнөөдөр "Ургийн хөгжлийн гажигаас урьдчилан сэргийлэх олон улсын чиг хандлага» конференцийг Чингис зочид буудалд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ОХУ-ын Москва дахь ЮНЕСКО-ын бичил тэжээл судлалын эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал, Клиникийн эм зүйч, АУ-ны доктор, профессор О.А. Громова; АШУҮИС-н Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Д.Мөнхцэцэг; АШУҮИС-н Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Г.Мэндсайхан; ЭХЭМҮТөвийн Удам зүйн лабораторийн эрхлэгч, удам зүйч эмч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг нар дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн лекц уншлаа. 

Конференцид Улаанбаатар хотын улсын болон хувийн эмнэлгийн 200 эх барих эмэгтэйчүүдийн эмч, өрхийн эмч нар оролцлоо.

Дэлхийд ойролцоогоор жил бүр нийт төрж байгаа хүүхдийн зургаан хувь буюу 7.9 сая нь төрөлхийн хөгжлийн гажиг(ТХГ)-тай  төрдөг ажээ. Тэдний 3.3 сая нь бага насандаа эндэж, 3.2 сая нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болдог. ТХГ-ийн зургаан хувийг хромосомын, найман хувийг генийн, 25 хувийг удамшимтгай эмгэг эзэлдэг гэсэн судалгаа бий.

Нидерланд улс 50 жилийн хугацаанд пренатал оношилгооны аргуудыг үе шаттай хэрэгжүүлснээр хромосомын анеуплоид, тархи нугас, хүйний ивэрхий болон төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг 87.5-90 хувиар бууруулж чаджээ.Төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромосомын өвчтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний эрт хугацаанд биохимийн скрининг буюу хоймсон гурвал тест болон пренатал оношилгооны инвазив ба хэт авиан хяналтыг хийж байгаа хэдий ч жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний эрт хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг үүсэхээс сэргийлэх нь чухал асуудал гэдгийг эрдэмтэд тодотгож байлаа. Жирэмслэхээс өмнө болон жирэмсний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь ургийн мэдрэлийг гуурсны гажиг хөгжил үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь нотлогдсон юм байна.

Сүүлийн жилүүдэд ургийн төрөлхийн хөгжлийн гажигаас сэргийлэх эрт илрүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж олон сургалт зохион байгуулагдаж байгаа ч өрх дүүргийн эмч нарт тасралтгүй сургалт шаардагдсаар байгаа. Иймээс  өрх, дүүргийн болон мэргэжлийн эмч нарт ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, өвчлөл,  эндэгдлээс сэргийлэх чиглэлээр сургалт явуулахаар шийдсэн юм байна.

Ж.ГҮЕГ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж