Х.Мөнхбаатар арсланг итгэл найдвараа алдахгүй байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Х.Мөнхбаатар арсланг итгэл найдвараа алдахгүй байхыг хүсэв

Улсын арслан Х.Мөнхбаатар бэртлийн улмаас зодог тайлах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Монгол Улсын арслан нутгийн дүү Х.Мөнхбаатар “Зодог тайлна” гэсэн мэдээллийг хараад бөхөө дээдэлдэг түмнийхээ нэгэн адил өөрийн эрхгүй харамсаж байна. Хүнд бэртэл гэмтлийг сэтгэлийн тэнхээгээр давж, богино хугацаанд амжилтад хүрэхийн сайхныг биеэрээ нотолсон шүү дээ. Энэ удаа ч мөн сэтгэлээ чангалж, бэрхшээлтэй тэмцэж зүлэг ногоон дэвжээнээ цог жавхаа дүүрэн гарах итгэл найдвараа бүү алдаач гэж ах хүний хувьд захимаар байна.

Монгол бөх бол дэлхийд ганцхан Монголчуудын өв соёл болохоос хэсэг хүмүүсийн дарамт шахалт, хов живээр шийдэгдэх ёсгүй. Тэгэх тусам Монгол түмнээ илүү олон жил баясгаж, залуу үедээ үлгэрлэж түүхэнд мөрөө үлдээх хэрэгтэй. Нас залуу, бяр хүч хэвээрээ, туршлага арвин болсон шүү дээ. Зүрхээ чагна. Сэтгэлээ чангал. Итгэлийг ав. Монголчууд хэзээ ч чиний талд шүү. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд бадрах болтугай.” хэмээн бичжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж