Циркийн барилгыг иж бүрэн засварлаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Циркийн барилгыг иж бүрэн засварлаж байна гэв

Циркийн барилгыг иж бүрэн засварлаж байна гэв

“Улсын циркийн байрыг нурааж эхэллээ” гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон.  Тухайлбал, найруулагч Ю.Гэрэлбаатар циркийн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж байн. Даацын багануудыг нь аваад эхэлчихсэн байгаа. Дотор талаас үзэгчдийн онцгой суудал, манежийг бүгдийг нь эвдсэн. Ямар ч байсан дахин циркийн зориулалтаар ашиглахааргүй болголоо. Циркчид ашиглах боломжгүй, бүх зүйл нь алдагдсан” гэсэн юм.

Харин Монголын үндэсний циркийн зүгээс 2020 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдлээ өнөөдөр ил болголоо.  Уг мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэжээ.

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгад бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 2.5 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг гэж уран бүтээлчид хэлж байв.

Соёлын сайд С.Чулуун цирктэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Менежментийн хувьчлалын гэрээнд Улсын циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэж заасан байгаа. Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна. Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн юм.

"УЛСЫН ЦИРКИЙН БАРИЛГЫГ ХҮРЭЭ ХҮҮХНҮҮДИЙН МАЛГАЙНААС САНАА АВЧ БАРЬСАН"

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан. Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухайгаа ярьж байв.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж