“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.16/ нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэхь өдрөө үргэлжилнэ.
Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нотлох баримт шинжлэн судлах шатандаа явж байна.
"Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм. Мөн Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй юм.
Э.БУРАМ