Их Британийн музейгээс зохион байгуулдаг онгон байгалийн шилдэг зургийг шалгаруулдаг "Wildlife Photographer of the Year" уралдаанд Амурын барын зураг шилдгээр шалгарсан байна.
ОХУ-ын Приморийн "Земля леопарда" үндэсний паркад авсан гэрэл зурагчин Сергей Горшковын зураг “Онгон байгаль” номинацид тэргүүлсэн нь энэ юм. Уг номинацид Орос улс анх удаа тэргүүлсэн юм. Уралдаанд нийтдээ 49 мянган зураг ирж, шүүлгэжээ.
Сергей Горшков зургаа “Тэврэлт” хэмээн нэрлэсэн бөгөөд бар үнэрээ үлдээхээр мод тэвэрч буй агшныг буулгасан юм. Дэлхийд ховордож байгаа төрөл зүйлийн амьтны жаргалтай, таашаалтай агшныг буулгаж чадсанаараа итгэл найдвар төрүүлж байна хэмээн шүүгчид зургийг үнэлжээ.
Сергей Горшков зургаа хөдөлгөөн мэдрэгчтэй мэргэжлийн камераар авсан байна. Камераа модны хажууд барын хумстай арьсаар хучин өнгөлөн далдлан нууцсан байжээ. Түүний зурагт “Земля леопарда” паркийн T 41F дугаартай бар дүрээ үлдээж чаджээ.
Амурын бар бол дэлхийд нэн ховордсон махчин амьтан бөгөөд дэлхийн Улаан номд орсон амьтан юм. ОХУ Амурын барыг тусгайлан хамгаалахад ихээхэн анхаарч байгаа юм. 2019 онд Орост 580-600 бар бүртгэгдсэнээс "Земля леопарда" паркад 41 гаруй толгой байсны 10 нь бамбар байжээ.
Холбоотой мэдээ