Япончууд парламентын ордноо бүсэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Япончууд парламентын ордноо бүсэлжээ

 

Окинава аралд шинээр АНУ-ын цэргийн бааз байгуулахыг эсэргүүцсэн олон мянган хүн Ням гаригт /II.21/ Токио дахь парламентын ордныг бүсэлжээ. Жагсагчид гинжин цуваа үүсгэн парламентын ордныг тойрон бүсэлсэн байв. Жагсаалд 28 мянга орчим хүн оролцсон байна. АНУ-ын цэргийн баазын бүтээн байгуулалтын ажил нь өмнөд хэсгийн Окинава арал болон Токиогийн засгийн газрын хооронд маргаан үүсгээд байгаа юм.

 

Японы газар нутгийн нэг хувьд ч хүрэхгүй Окинава аралд Япон дахь АНУ-ын цэргийн байгууламжийн 75 хувь нь оршдог аж. Гэтэл Японы засгийн газраас Окинава аралд шинээр АНУ-ын тэнгисийн цэргийн агаарын бааз байрлуулахаар төлөвлөж байгаа нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулжээ. Шинэ баазыг “Футенма” агаарын баазын оронд байгуулахаар төлөвлөсөн аж. Харин Окинавагийн оршин суугчид “Футенма” агаарын баазыг арлаас гаргах хүсэлтэй байна. Оршин суугчид АНУ-ын цэргийн баазууд дахь дуу чимээ, осол аваар, заримдаа гардаг гэмт хэргийг цаашид тэвчихгүй хэмээн эсэргүүцжээ.

 

“Футенма” агаарын баазыг нүүлгэхээр хоёр засгийн газар 1996 оноос хэлэлцэж эхэлсэн боловч оронд нь өөр цэргийн бааз үлдэх ёстой хэмээн үзсэн аж. Тэрхүү цэргийн бааз нь Ази дахь зөрчил мөргөлдөөнд АНУ-ын цэргүүдийн хамгийн хурдан хүрч чадах боломжтой байршил гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж