Тайландчууд: Бид эцсийн мөч хүртэл тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Тайландчууд: Бид эцсийн мөч хүртэл тэмцэнэ

Тайландчууд: Бид эцсийн мөч хүртэл тэмцэнэ

Тайландын нийслэл Бангкок хотод эмх замбараагүй байдал үүсч, нөхцөл байдал хяналтаас гарах төлөвтэй болсон тул тус улсын Засгийн газар өчигдөр /2020.10.15/ онц байдал зарласан юм. Онц байдал зарлах тухай мэдэгдэлд “Бангкокт олон бүлэг хүмүүс ард түмнийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож, дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн дурджээ.

Тус улсад онц байдал зарласнаар дөрөв ба түүнээс дээш хүн нэг дор цугларах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, ард иргэдийг айдаст автуулсан, үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийг хэвлэн нийтлэхийг хориглоод байгаа.

Гэсэн ч ардчиллыг дэмжигчид Засгийн газрын шийдвэрийг үл хайхран олон мянгаараа гудамжинд гарч, энх тайвны тухай дуу дуулж, тайван жагсаал хийв. Тэд Пүрэв гаригт цагдаа нарт баривчлагдсан 20 орчим идэвхтэнг суллахыг шаардан жагсав. Баривчлагдсан хүмүүсийн дунд эсэргүүцлийн жагсаалын хэд хэдэн гол удирдагч байсан бөгөөд тэдний дотор хүний ​​эрхийн хуульч Анон Нампа, оюутны идэвхтэн Парит Чиварак, "Оцон шувуу" хочоороо олонд танигдсан Панусаяа Ситихираваттанакул нар байв.

“Бид эцсээ эхүртэл тэмцэнэ. Бид ухрахгүй. Зугтахгүй. Хаашаа ч явахгүй” хэмээн баривчлагдаагүй үлдсэн эсэргүүцлийн жагсаалын удирдагчдын нэг Панупонг Жаднок хэлжээ.

Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал олон жил үргэлжилж байгаа ч энэ оны хоёрдугаар сард байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн уур бухимдлыг улам дэвэргэсэн юм. Тус нам нь 2014 онд цэргийнхэн засгийн эрхийг гартаа авснаас хойшхи анхны ардчиллыг дэмжигч нам бөгөөд Тайландын залуучууд анх удаа өөрсдийнхөө төлөө санал өгөх боломж гарч ирсэн ч эрх баригчид ийнхүү өрсөлдөгчөө татан буулгасан юм.

Мөн түүнээс гадна 2014 оны цэргийн эргэлтээс хойш Камбожид цөлөгдсөн ардчиллыг дэмжигч Ванчалеарм Сацаксит энэ оны зургадугаар сард сураггүй алга болсон нь жагсагчдын эсэргүүцлийг эрчимжүүлсэн байна.

Эсэргүүцэгчид хааны эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг уриалж байгаа юм. Ерөнхий сайд Чан-Оча нь 2014 онд анх уг албан тушаалд сонгогдож түүнээс хойш тасралгүй энэ албыг хашиж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод болсон жагсаал цуглаан сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган жагсагчид эрх баригчдыг улс эх орондоо өөрчлөлт хийхийг шаардав.

Тайланд нь хаант засаглалтай, хаант засаглалаа тахин шүтдэг хууль дүрэмтэй цөөхөн улсуудын нэг. Тиймдээ ч тус улсын ард иргэд хаант засаглалаа багаасаа хүндэтгэн дээдлэхийг үе дамжин заан сургаж, хаант засгийг шүүмжилсэн хэнийг ч маш хатуу чанга шийтгэл хүлээж байдаг учир хэн нэгэн зориглон үг хэлж чаддаггүй аж. Харин сүүлийн жилүүдэд ардчиллыг хүссэн оюутан залуус энэ бугшсан байдлыг өөрчлөх цаг нь болсон хэмээн үзэж үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал цуглаан зохион байгуулах болсон юм. Тэдний нэг бол 21 настай оюутан Панусаяа Ситихираваттанакул гэх эмэгтэй байв. Тэрбээр наймдугаар сард зоригтойгоор гарч ирэн хаант засаглалын эсрэг үгээ хэлж, залуусыг өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан юм. Энэхүү үйл явдал олон жилийн турш хүссэн хүсээгүй хаанаа таних шүтсэн Тайландчуудын хувьд гэнэтийн цочирдом явдал байв. Панусаяа Ситихираваттанакулын индэр дээрээс уншсан 10 гаруй хуудас тунхаг бичгийн гол агуулга нь хааны ордныхны төсвийг бууруулж, хаан засаглалыг улс төр рүү хутгалдахыг зогсоох байсан юм. Үүний дараа түүн рүү болон хамтран жагсаал цуглаанг удирдаж буй оюутнууд руу маш их дайралт, доромжлол ирж, зарим нь баривчлагдсан ч тэд өнөөдрийг хүртэл зөвхөн урагшаа харан тэмцсээр байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж