Их Британийн шилдэг судлаач Б.Марал

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Их Британийн шилдэг судлаач Б.Марал

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор Б.Маралыг онцолж байна. Тэрбээр Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгараад буй. Хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан зэрэг том хэмжээний байгууламжууд нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах ажлаараа Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалах тэтгэлэг хүртжээ. Геологич мэргэжилтэй бүсгүй Лондонд дунд сургуулиа төгсч, Бристолын их сургуульд бакалавр, мастераа хамгаалжээ. Одоо Их Британийн Засгийн газрын “Satellite Applications Catapult” инновацийн төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажилладаг. Ингээд түүнтэй танилцана уу.


БАЯРАА МАРАЛ 1992.05.22

Төгссөн сургууль: Бристолын их сургууль

Мэргэжил: Геологич

Одоо эрхэлж буй ажил: Сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтэн

Сошиал хуудас:  Maral MAral /фэйсбүүк, linkedin/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?

-Би багадаа сахилгагүй, хөгжилтэй зантай хүүхэд байсан. Сахилгагүй гэдэг нь заавал хэн нэгний хэлсэн үгнээс зөрдөг гэсэн үг биш л дээ. Харин хүмүүсийн хэлснийг шууд дагадаггүй, аливаа зүйлийн учрыг ойлгох гэж тэмүүлдэг байсан гэх үү дээ. Тийм болохоор томчууд, ялангуяа цэцэрлэг, сургуулийн багш нартаа их загнуулдаг байсан санагдана. Манай аав сайхан зурдаг хүн. Ээж намайг аавыгаа дуурайсан гээд зургийн харандаа, будаг, зургийн дэвтэр байнга авч өгдөг байлаа. Лондонд очоод дунд сургуульдаа дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан. Одоо зав л гарвал зургаа зурж, өөрийн ертөнцөөр аялах дуртай.

Нийгэм биднийг хайрцаглах гэж дандаа оролдоно. Тэр хайрцганд нь орохгүйгээр хүүхэд шиг өөрийн байдлаа хадгалах нь их чухал. Би өсвөр насандаа өөрийгөө янз бүрээр илэрхийлж байлаа. Нэг хэсэг панк маягаар хувцаслаж, рок хөгжимд орсон. Тэгээд Лондонгийн Камден таун гээд панк, рокууд цуглардаг газраар найзуудтайгаа очдог байлаа.

Нэг удаа зуны амралтаараа Монголдоо ирээд Англи руу буцах гээд нисэх онгоцны буудал дээр ээжтэйгээ хүлээлгийн танхимд сууж байтал ээжийн маань танилууд тааралдсан юм. Тэд намайг сонжиж харснаа дараа нь “Ээжид энэ арай чиний охин биш биз дээ” гэж их гайхацгаасан гэдэг (инээв). Учир нь би савхин хүрэмтэй, үсээ хоёр талаар нь хуссан, нүд хумсаа хараар будсан байсан юм л даа. Одоо бодоход тэр үед би үнэхээр аз жаргалтай байсан. Энэ  дүрх төрх эхлээд манай гэрийхэнд таалагддаггүй, зөрчилддөг байсан. Аажимдаа гэр бүлийнхэн маань дасаж намайг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж, ямар ч эцэг эхэд  тааламжгүй санагдах байх. Гэхдээ намайг ойлгож, хүссэнээр минь байлгасанд их баярладаг. Учир нь, би хүссэн зүйлээ тэр үед нь хийж үзсэн тул харамсах зүйлгүй, сэтгэл ханамжтай байдаг. Энэ их чухал. Одоо би үсээ хусахаа больсон ч хайрцаглагдахгүй гэсэн зарчим хэвээрээ.

Сансрын чиглэлээр ажилладаг ихэнх хүмүүс эрэгтэй, дунд насны Европ хүмүүс байдаг. Гэтэл би Ази эмэгтэй тул тэдэнтэй харилцахад миний багийн сахилгагүй зан их тус болдог гэж боддог. Жишээлбэл, анх ажлын уулзалтад ороход заримдаа миний хэлснийг үл тоох зэрэг зүйлс ажиглагддаг байлаа. Энэ нь миний насны залуу эмэгтэйчүүдэд их тохиолддог. Тэгэхээр түүнтэй соёлтойгоор тэмцэж сурах хэрэгтэй болдог. Өөрийн хүссэнээр ажил, амьдралаа бий болгох нь тэмцэл юм. Үүнд сахилгагүй хүүхдүүдийн томчуудаас зөрөхөөс айдаггүй, бие дааж шийдвэр гаргах тэр чадвар, тэмүүлэл  хэрэг болдог болов уу.

АНХНЫ АМЖИЛТ

-Би 2008 онд Лондон хотод дунд сургуульд суралцаж байхдаа “CISCO” гэдэг технологийн олон улсын томоохон компанийн зохион байгуулсан уралдаанд зурсан зураг, зохиосон шүлгээрээ оролцож, тэргүүн байр эзэлж байлаа. Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтөөс болж хайлж байгаа дэлхийг зурсан. Тэр зургаараа “Хэрэв танайх шиг том технологийн компаниуд ногоон эрчим хүч хэрэглэж эхлэхгүй бол манай дэлхийг ийм ирээдүй хүлээж байна” гэсэн мессэжийг өгсөн юм.

ГЕОЛОГИЧ МЭРГЭЖИЛТЭЙ ГЭСЭН ҮҮ. ЯАГААД ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ БОЛОВ?

-Эхэндээ би зураач эсвэл философич болно гэж мөрөөддөг байсан. Гэвч бидний амьдарч буй дэлхийн аль ч нийгэмд дийлэнх зураач эсвэл зохиолчдод уран бүтээлээрээ хоолоо олох нь хязгаарлагдмал санагдаж, шинжлэх ухаан сонирхож эхэлсэн. Геологич мэргэжлийг сонгоход Монголын говиор эмээгээ даган хээрийн судалгаанд явж эхэлсэн минь нөлөөлсөн. Ингээд дэлхийн түүхийг чулуунаас унших энэ урлагт гүнээ дурласан гэх үү дээ.

Сурсан бүхэн эрдэм гэдэг. Геологийн мэдлэг, философийн бодох өнцөг мөн дүрслэх урлагийн мэдрэмж зэрэг нь надад давуу талыг олгодог. Жишээлбэл, зурах дуртай болохоор ажлууд дээрээ анализ хийхдээ, ялангуяа мэдээллийг дүрслэх буюу “data visualisation”-д энэ мэдрэмж их хэрэг болдог.

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ИННОВАЦИЙН ТӨВД АНХ АЖИЛД ОРСОН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Би их сургуулиа төгсөөд “Airbus Defense and Space” хэмээх хиймэл дагуул, онгоц бүтээдэг компанид ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа Лондон хотод мэргэжлийн түвшний хурал дээр “Satellite Applications Catapult” (одоогийн ажиллаж буй байгууллага)-ын даргатайгаа танилцсан.

Тэдний багийн нэг гишүүн илтгэл тавьсны дараа асуулт хариултын хэсэг эхлэхэд  би олон асуулт асууж, нэлээн халуун хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ нь манай даргад гүн сэтгэгдэл үлдээсэн гэж тэрбээр дараа нь хэлж байсан юм. Хурлын дараа оройн хоолны үеэр надад нэрийн хуудсаа үлдээгээд, “Чи манай багт таарах хүн байна. Мөн манай багт орон зай байгаа” тухайгаа хэлж, анкетаа явуулахыг санал болгосон юм. Ингээд би 2017 оноос энэ байгууллагад ажиллаж эхэлсэн.

САНСРЫН ЗАЙНЫ ТАНДАН СУДЛАЛЫН МЭРГЭЖИЛТЭН ЯМАР АЖИЛ ХИЙДЭГ ТУХАЙ ТАНИЛЦУУЛААЧ?

-Маш их код бичнэ. Аливаа салбарын толгойны өвчин болж байгаа асуудлыг сансрын технологиор шийдэл гаргаж болох эсэхийг судалж, янз бүрийн туршилт хийх зорилгоор код бичдэг. Эдгээр нь сансраас авсан анхан шатны зураг боловсруулахаас эхлээд төрөл бүрийн анализ хийх кодыг боловсруулахад оршино.

Мөн тухайн газар нутагт нь очиж хээрийн судалгаа хийх ажил ч ордог. Тухайлбал, Кембрижийн их сургуулийн профессоруудын багтай Перу улсад очиж сансрын шинжилгээгээ баталгаажулах хээрийн судлагаанд хамгийн сүүлд хийж байлаа. Ингэж явахад их адал явдалтай байдаг хажууд галт уул хүртэл дэлбэрч байсан.

ИХ БРИТАНИЙН ШИЛДЭГ 10 ЗАЛУУ СУДЛААЧИЙН НЭГЭЭР ШАЛГАРСАНД БАЯР ХҮРГЭЕ. ШАЛГАРСАН АЖЛАА ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ. ӨМНӨ НЬ ЭНЭ ТАЛААР СУДАЛГАА ХЭР ХИЙСЭН БАЙДАГ БОЛ?

-Маш их баярлалаа. Хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт том хэмжээний байгууламжууд нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах ажлаараа Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалнa.

Энэ ажилд гурван өөр салбарыг нэгтгэх шаардлагатай. Сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан ба геотехник. Энэ утгаараа маш шинэлэг ажил болох юм. Сансрын зайны тандан судалгаагаар суурь хэмжих өгөгдлийг гаргаж, уг өгөгдлийг геотехникийн хувьд баталгаатайгаар боловсруулах аргыг судална. Дараа нь бат бөх боловсруулсан өгөгдөлдөө тулгуурлан хиймэл оюун ухааныг ашиглан сэрэмжлүүлэх системийг нь бий болгоно гэсэн үг. Энэ үе шат болгонд тухайн мэргэжлийн экспертуудтай хамтран ажиллаж, олон төрлийн уналт ба далан дээр олон туршилт хийж үзнэ. Бүх үе шатуудад хэмжилтийн тодорхойгүй байдлыг багасгах зэрэг турших, санаж бодох зүйлс олон бий.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж байсан. Зурах олон аргыг сурсан. Тосон будаг болон харандаагаар хар зураг зурах дуртай. Зурсан зургаараа Лондонд 1-2 үзэсгэлэнд оролцож байв. Зав гарсан үедээ зургаа зурж, өөрийн ертөнцөөр аялах дуртай. Мөн гитар  бага зэрэг оролддог. Орой болгон ном уншиж, нойроо хүргэдэг. Найз нөхөдтэйгөө уулзаж суух дуртай. Мөн гэрийхэнтэйгээ ярьж сэтгэл санаа болон амьдралд тохиолдсон зүйлээсээ хуваалцдаг. Боломж олдвол хаданд авирах клубт очдог.

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Миний аав хувцасны загвар зохион бүтээх мэргэжилтэй, маш уран хүн байдаг. Миний ээж эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор. Тэрбээр Монгол Улс төдийгүй олон улсад олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох эмнэлзүйн судалгааны ажлыг анх эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа. Миний эмээ мөн эрдэмтэн хүн байдаг. Тэгэхээр би докторын зэргээ хамгаалахад гурван үеийн эрдэмтэн төдийгүй шинийг бүтээгч, бүтээлч гэр бүлээрээ бахархдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Оксфордын их сургууль болон  “Catapult”-ын ажлаа хослуулж байгаа учир зав чөлөөгөө маш сайн зохицуулж сурах шаардлагатай. Ажил болон судалгааны ажлынхаа шугамаар Бразил, Австрали улсуудад судалгааны ажил хийнэ. Мөн Монголдоо уул уурхайн хаягдлын далангийн хэд хэдэн судалгааны ажил хийх төлөвлөгөөтэй байна. Цаашилбал, докторын ажлын хүрээнд мэргэжлийн академик түвшний сэтгүүлд жилдээ хоёр удаа өгүүлэл хэвлүүлэх зэрэг олон төлөвлөгөө бий.

 ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Чухал асуулт байна. Одоогоор хэд хэдэн томоохон мөрөөдөл байгаа. Заримаас нь дурдвал, мэдээллийн эрин зууны давуу талыг ашиглан Монголынхоо нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих төсөл хэрэгжүүлж, дэлхийн мэдлэгт хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Сансар, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц төвүүдийг Монгол Улсдаа байгуулах боломжийг бүрдүүлэх тал дээр ахтайгаа хамтарч ажиллахаар ярилцаж байна. Энэ ажилдаа эмзэг бүлгийнхэн болон өрх толгойлсон эцэг, эх зэрэг боломж хязгаарлагдмал хүмүүсийг оролцуулж, тэднийг дэмжиж дээш өргөх зорилготой.

Хоёрдугаарт, доктрантураа дуусгаад дэлхийн томоохон дэд бүтцүүдийг сансраас Монголоос хянах үйлчилгээг бий болгох. Ингэснээр Монгол хүний, Монгол Улсын бий болгосон технологийг дэлхийд түүчээлэх цагийг ойртуулахаар зорьж байна. Гуравдугаарт, дээр дурдсан ажлууддаа одоогийн зэрлэг капитализмын хандлагаар биш өөр зарчмаар хийж дэлхийд гайхуулах зорилготой. Жишээлбэл, хүмүүсийг цалингийн боолчлолоос чөлөөлж ажиллаж байгаа хүн бүр компанийнхаа ашгаас хүртэх боломжоор хангах зэрэг арга туршиж үзэх бодол байгаа. Одоогоор бүрэн томъёолж чадаагүй л байна. Ажлынхаа хажуугаар энэ тухай уншиж судалж байгаа.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Миний анзаарч байгаагаар залуусыг хамгийн ихээр будилуулж байгаа зүйлийн нэг нь яг юунд дуртайгаа мэдэхгүй байх эсвэл өөрт тохирох төгс ажлыг хүлээн суугаад байгаа юм болов уу. Энгийнээр хэлбэл, хүн ховор эсвэл үнэтэй ур чадвартай байж өөрийн ажиллаж буй чиглэлдээ үнэ цэнэ авч ирдэг. Өөрийн ажиллаж, сурч буй чиглэлдээ хамгийн хүнд, хэцүү эсвэл ховор зүйлсийг нь олж харах хэрэгтэй тэгээд тэр зүйлийг нь тултал нь сурах нь чухал болов уу.

Геологи болон зайны тандан судалгаанд код бичих хүмүүс их ховор байдаг тул би үнэгүй “MOOC”-нүүдээс “Python” сурч эхэлсэн. “Python” нь өндөр төрлийн програмчиллын хэл юм. Үүнийг  гайгүй сурсан үеэсээ эхлэн ажил дээрээ “software” баг болон өөрийн баг хоёрын дунд гүүр болон ажиллах болсон. Энэ нь миний зүгээс ажилдаа өгөх мэргэжлийн саналын үнэ цэнийг ихээр нэмэгдүүлсэн юм. Ингээд хүн өөрийн чаддаг зүйлээсээ таашаал авч эхэлдэг. Тэгээд нэг суусан газраасаа шороо атгасан бол нийгэмд эсвэл өөрийн сонирхолдоо ямар сайн үзүүлэх вэ хэмээн тунгаан бодсноор цаашид үйл ажиллагаа эхлүүлэх тавцанг өгдөг болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж