УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ:
Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна. Нийтдээ 412 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан гэлээ. МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан гэж дүгнэсэн. АН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байгааг тодруулахад: Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх анх нэрийг нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй гэсэн юм. Үүний дараа С.Одонтуяа гишүүн нийгмийн салбарт хийсэн хууль эрх зүйн талаар мэдээлэл хийлээ.
С.Одонтуяа: Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдсэн
АН-ын бүлгийн дарга С.Одонтуяа нийгмийн салбарт хийсэн хууль зүйн шинэчлэлийн талаар мэдээлсэн юм.
Тэрээр “АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэ хууль батлагдснаар эмзэг бүлгийн хүмүүст хэрэгтэй чухал хууль болсон. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхэд хамгааллын тухай хууль гэсэн хоёр хууль цогцоороо батлагдсан. Өмнө нь хүүхдийн эрх зөрчигдөж байсан ч шүүхээр шийдвэрлэж байсан тохиолдол цөөн байдаг. Энэ хоёр хүүхдийн хууль батлагдснаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал олон улсын түвшинд хүрэх боломжтой боллоо. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, малчдын тэтгэврийн жилийг тооцох шинэ тогтолцооны хуулийг санаачлан боловсруулсан. Энэ мэтчилэн нийгмийн маш олон тулгамдсан асуудлыг шийдсэн чуулган боллоо” хэмээлээ. Харин Ж.Батзандан гишүүн эрүүгийн эрх зүйн чиглэлд хийсэн шинэчлэлийн талаар тайлбар мэдээлэл хийсэн юм.
Ж.Батзандан: Социалист хэв маягийг халсан
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ:
“Намрын чуулганаар Эрүүгийн тухай хуулийг баталсан. Ингэснээр “шоронжсон” нийгмийг халж, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчын эрхийг хамгаалах чиглэлд шинэчлэл хийгдсэн гэж хэлж болно. Энэ нь Ромын эрүүгийн эрх зүйн дүрэм, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц гэсэн гурван үндсэн дүрэм журамд нийцэж байгаа юм” хэмээгээд социалист хэв маягийг халсан, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бий болгож чадсан гэдгийг онцоллоо.
Ийнхүү мэдээлэл хийсэн гишүүд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Ээлжит бус чуулганаар цэцийн тухай хуулийг хэлэлцээд тарах шийдвэр гарсан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-Ээлжит бус чуулганаар ганцхан асуудал хэлэлцэнэ гэж төлөвлөөгүй. Даргын зөвлөлийн хурлаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ гэж төлөвлөгөөнд орсон байсан. Гэвч МАН, МАХН ээлжит бус чуулганд орохгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс үүдэж АН хэлэлцэх асуудлаар зөвшилцөл хийсний үндсэн дээр чуулганыг завсарлуулсан.
-ҮХЦ-ийн даргыг эргүүлэн татах асуудал нь ҮХ зөрчсөн гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ асуудалд тайлбар авмаар байна.
-АН-ын бүлэг ҮХ зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Ирэх хавсрын чуулганаар хамгийн чухал нь ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ?
-Татварын орчныг өөрчлөх хуулийн төслийг чухал гэж үзэж байна.
Т.ДАВААНЯМ