УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит бус чуулган болон ээлжит бус завсарласантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан, харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан засгаасаа МАН-ыг хөөх хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар АН-ын зарим гишүүн МАН, МАХН-ын гишүүдийг байж боломгүйгээр дайрч доромжилсон. Зүй бусаар авирласан учир холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана” хэмээсэн юм.
Дээрх мэдээллийг, хийсний дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татчихлаа. Одоо орны хүнийг нь томилох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулиараа бол 30 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд дараагийн даргыг нь сонгох ёстой. Гэтэл УИХ-ын хаврын чуулганы хурал хуулиар заагдсан дээрх хугацаанаас хойш болох гээд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?
-Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн орны хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага юм. Улс орны Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй. Цэцийн 4-5 гишүүн ажлаасаа чөлөөлөгдөж болно. Тэгвэл заавал тэдний орны хүмүүсийн сонгосны дараа тэд ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ. Тэр “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр энэ удаа Дээд шүүхийн ямар саналыг үндэслэсэн бэ?. Мөн Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Ингээд цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа юм. Үндсэн хуулийн цэц, УИХ гэж яриад байгаа юм. Үндсэн хууль Монгол улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол улс оршин тогтноно. Бид бол Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Бид бол Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгэж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Үүнд санаа зовж байна. Сүүлийн үд цагаандаа гарч байна. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрвээ үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагыг саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ. Гэтэл нь саяын тохиолдолд тэгэлгүйгээр шууд зүтгүүллээ.
С.Бямбацогт: Ж.Батзандан гишүүн МАН болон гишүүдээс уучлал гуйх ёстой
-Ээлжит бус чуулганы үеэр Ж.Батзандан МАН-ыг “алуурчин нам” гэсэн. Үүн дээр танай нам ямар нэгэн тайлбар хийх үү. Мөн МАН болон МАХН хамтарч Эх орончдыцн өдрийг хамтарч тэмдэглэх гэж байгаа. Үүнийг хоёр намын нэгдэх эхлэл болж байна гэж харах хүн байгаа. Энд тайлбар өгнө үү?
-УИХ-ын чуулганы хуралдааны танхимд зөвхөн чуулган хуралдана. Өөр ямар нэгэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, семинар явж болохгүй гээд Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Байнгын хороодын танхимд хурал, зөвлөгөөн явж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан. Ж.Батзандан гишүүн алуурчдын нам гэсэн зүйл ярьж байсан. Харамсаж байна. Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн байсан. Энэ намын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан хүн байсан. Өнөөдөр төрсөн ах нь МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байна. Ингээд бодохоор аавынхаа зүтгэж байсан, төрсөн ахынхаа зүтгэж байгаа намыг алуурчдын нам гэж хэлж байгаа нь нэг талаас харамсалтай байна. Нэг биш олон удаа ингэж хэлж байгаа. Үүнийхээ төлөө МАН-аас болон жирийн олон мянган гишүүнээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалтаар түрий бариад байж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Ингэсэн тохиолдолд нэр дэвших нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасан байгаа. Энэ заалт үйлчилж болох юм. Иймэрхүү байдлаар хэн нэгнийг гутаан доромжлох, гүтгэх зүйлүүд байгаад байьал МАН цаашдаа хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.
-Саяын ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчсөн чуулган боллоо гээд байгаа. Яг ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг шийддэг. Та даргын зөвлөлийн хуралд оролцоогүй гээд байгаа.
-Даргын зөвлөлийн хуралд би оролцоогүй биш хоёр удаа оролцсон. Ээлжит чуулган завсарлсны дараа Баасан гарагийн 13:30 цагт хуралдсан хурал дээр ээлжит бус чуулганыг Даваа гарагт зарлана гэсэн хуралд оролцсон. Энэ дзээр 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж Их хурлын дарга танилцуулсан. Ийм олон асуудлыг бид нар ээлжит бус чуулганаар хэлэлцэх бололцоогүй. Энд хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн чухал асуудлууд ороогүй байна. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлууд ороогүй байна. Хэн нэг нь дур мэдэн гэнэтхэн баахан хуулиуд оруулж ирээд хэлэлцэнэ гэдэг байдал тогтвол төр засаг чинь самуурна гэдэг үндэслэлээр ээлжит бус чуулган зарлахыг эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөл хуралдаад шийдсэн. Үндсэн хууль зөрчсөний тухайд 65-ын 4-т “Үндсэн хуулийн шийдвэр гарч, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эрүүлэн татаж болно” гэж заасан байгаа. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн гишүүд шийдвэр гаргаагүй, харин ч УИХ-ын шийдвэр хууль зөрчиж байгааг сануулсан. Улсын дээд шүүхээс саналгүй байна гэсэн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёр намын хамтарч баяр тэмдэглэх дээр МАХН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан. 95 дахь жилийнхээ баяраа тэмдэглэх гэж байна. Нэгдээд нийлэх асуудал байхыг болохгүй гэж үзэхгүй байгаа.
Т.ДАВААНЯМ