Хотын дарга аа, мөсөнд автсан айлуудыг анхаараач

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, мөсөнд автсан айлуудыг анхаараач

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуу өвөлжсөн айлууд усанд автаж эхэлжээ. Хөрсний цэвдэгтэй газар энэ жил 40 орчим өрх өвөлжсөний тав нь усанд автсанаасаа болоод газрыг орхин нүүсэн байна. Одоогоор хоёр айл гэрийн бүслүүр, ханийн толгой хүртлээ усанд автаж, мөстсөн байх юм. Хөдөө ажлаар яваад ирэх хооронд нь өнгөрсөн 12 дугаар сард иргэн М-ийн таван ханатай гэр усанд автаж эхэлсэн байжээ. Өндөр настай ээж, бага насны охинтойгоо амьдардаг байсан М тухайн үед хүн хүчгүйдсэнээс болж, гэрээ мөстөхөөс өмнө гэрийнхээ тавилга, цахилгаан бараа, эд хогшлоо гэрээсээ гаргаж чадаагүй байна. Гэртээ амьдрах аргагүй мөстсөнөөс болоод  ойролцоох түрээсийн байранд мөнгө төлөн амьдарч, байрныхаа цонхоор гэрээ харуулдан суудаг аж. Өдөр болгон ирж гэрийнхээ мөсийг лоомоор цохин, нүх гаргаж доторх усыг нь гаргахгүй бол хавар бүр хэцүүднэ гэж ярих иргэн М тус газраа 2014 онд есөн сая төгрөгөөр худалдан авчээ.

Улсын Их хурлын 2004 оны сонгуульд БЗД-ээс нэр дэвшигч Т.Ганди анх энэхүү хөрсний цэвдэгтэй газар иргэдэд газар олгож, газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл гаргаж өгсөн байна. Хөрсний цэвдэгтэй газар буусан 40 орчим өрхийн 24 нь тус 21 хорооны харьяалалтай, үлдсэн нь түр оршин суугчаар амьдардаг. Мөн 10 орчим айл нь газар эзэмших, өмчлөх гэрчилгээтэй бусад айл нь зөвшөөрөлгүй буужээ. Зөвшөөрөлгүй буусан өрхийг албадан нүүлгээд байх эрхгүй тул бороо орохын өмнө хойно хавар, намартаа нэг 21 дүгээр хорооны засаг дарга үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг, хууль бусаар буусан айл өрхийг газар чөлөөлөх шаардах хуудсыг өгдөг байна. Өнгөрсөн жил энэ газар 39 айл усанд автаж, онцгойн аврагчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байжээ. Газрын зөвшөөрөлтэй 10 айлыг БЗД-ийн Өмч, харилцааны газраас “Гачуурт”-д буюу тус дүүргийн 20 дугаар хороонд эрүүл газар шинээр олгоё. Цэвдэгтэй газраа орхи гэсэн ч дүүргийнхний үгэнд орсон нэг ч иргэн байгаагүй аж.

Газрын зөвшөөрлийн бичиг баримт, гэрчилгээ аль нь ч байгаагүй ч зун ирж үзэхэд ногоорсон, эрүүл хөрстэй газар болохоор шууд мөнгөө өгөөд авсан. Гэхдээ тухайн үед ингэж ус гарч ирж, мөстдөг гэдгийг мэдээгүй байсан. Мөн газар зарсан иргэн ч удахгүй бичиг баримтыг нь гаргаад өгнө гэсэн ч өдийг хүртэл таг чиг. Өнгөрсөн жил ингэж мөсөнд автаагүй энэ жил ийм байдалд ороод эд хөрөнгө, сэтгэл санаа гээд бүх л зүйлээрээ хохироод газар зарсан хүндээ мөнгөө буцааж авъя гэтэл шүүхэд хандаад ялаад ав гэсэн тухайгаа иргэн М ярилаа. Иргэн М-ийнх бол нэг жишээ. Учир нь энэ газарт мэдээлэлгүй, ядарсан иргэдийг залилж, тухайн зөвшөөрөлгүй газрыг худалдан, түрээсэлж мөнгө олдог хүн чанаргүй иргэд олширчээ.

10 гаруй жилийн турш Дамбадаржаагийн рашааны баруун хэсэг, Сэлбэ голын зүүн эргэ дагасан өрхүүд усанд автлаа, үерт живлээ гэсэн мэдээлэл гарах болгонд дүүрэг, хорооны зүгээс иргэдийг нүүлгэх, усыг зайлуулах далан, замыг барьдаг ч өнөөг хүртэл амжилт олоогүй байна. Иймээс нийслэл, улсын хэмжээнд энэ асуудлыг хөндөж, дорвитойхон шийдэл олж, байгалийн үзэгдэлд иргэд өртөж, эд хөрөнгөөрөө хохирдоггүй болох арга замыг хайх шаардлагатайг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн улсын ахлах байцаагч санууллаа. Учир нь одоо мөстсөн айлууд, урин цагт мөс нь хайлж, шар усны  үерт автах аюултай болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж