Сурвалжлага: Сонгуульд залуусаас илүү ахмадууд ач холбогдол өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сонгуульд залуусаас илүү ахмадууд ач холбогдол өгч байна

Сурвалжлага: Сонгуульд залуусаас илүү ахмадууд ач холбогдол өгч байна

Парламент буюу Улсын их хурлын сонгуулийн дараа монголчууд дахин нэг чухал сонголтыг хийх гэж байна. Энэ бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль.

Хүн амынх нь дийлэнх оршин суудаг Улаанбаатар хотод есөн дүүрэгт 453  хэсгийн хороонд санал авч буй. Сонгогчид 1.3 сая хүнийг төлөөлж ирэх дөрвөн жил ажиллах үүрэгтэй 45 хүнийг, мөн өөрийн амьдарч буй иргэдийн төлөөлөгчдийг сонгох чухал өдөр юм. Санал хураалт өнөө өглөө 07:00 цагт эхэлснээс хойш нийслэлд сонгогчдын идэвх оролцоо ямархуу байгааг сурвалжиллаа.


                            АХМАДУУД ИДЭВХТЭЙ САНАЛАА ӨГЧ БАЙНА

10:40 цаг

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг санал авах байрны 28 дугаар хэсэгт ирц 10.6  хувьтай байна. Тус хэсгийн хороонд 1847 хүн  санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Саналаа өгөхөөр ирж буй хүмүүсийн дийлэнх нь ахмадууд байсан бол залуус цөөн байв. Хэсгийн хорооны мэдээлснээр санал өгсөн иргэдийн дийлэнх нь буюу 89 хувь нь 56-аас дээш насныхан бол  41 хувь нь  26-40 насныхан байна. Хамгийн идэвхгүй буюу 18-25 насныхан нийт сонгогчдын 9 хувийг эзэлж байв. Иргэдийн тухайд саналын хуудсаа буруу бөглөж, андуурах тохиолдол цөөнгүй гарчээ. Тус хэсгийн хороонд нийт 14 хүн ажиллаж байна.

САНАЛ ӨГӨХ ИРГЭДИЙН ИДЭВХ МУУ БАЙНА

 28-6-2 дугаар хэсгийн хорооны дарга Ё.УРАНБИЛЭГ: 

 

-УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай харьцуулахад иргэдийн идэвх оролцоо муу байна. Гэхдээ санал өгөх иргэдийн хөл хөдөлгөөн татрахгүй байна. Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул үдээс хойш сонгогчдын идэвх сайжрах болов уу. Өнөөдрийн байдлаар 1000 орчим иргэн саналаа өгөх болов уу гэж харж байна. Сонгогчдын тухайд одоогоор саналын хуудсаа буруу бөглөсөн 6 тохиолдол байна. Санал өгөх байраа андуурах тохиолдол ч байна. Яагаад гэвэл манайх хоёр хэсгийн хороонд иргэдийн саналыг авч байгаа учраас тэр болов уу” гэлээ.

     СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ ХАНГАЛТГҮЙ, ЗАЛУУС ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА

11:11 цаг 

Сүхбаатар дүүргийн долдугаар хороо,  28 дугаар тойргийн  хэсгийн хорооны 7-1хэсэгт  ирц 14 хувьтай байв. Нийт 2803 иргэн санал өгөхөөр бүртгүүлснээс 356 нь саналаа өгчээ. Залуусын тухайд саналаа өгч байгаа нь маш цөөн байсан бол ахмадууд идэвхтэй саналаа өгч байв.  Хэсгийн хорооны мэдээлснээр иргэд саналаа идэвхтэй өгч байгаа ч саналын хуудсаа буруу бөглөх нийтлэг алдаа их гарч байгаа аж. Үүнийг сонгогчдын боловсролтой холбог тайлбарлав.

Сүхбаатар дүүргийн 28-7-1 дүгээр хэсгийн хорооны дарга Д.ТУНГАА: 

-Орон нутгийн сонгуульд иргэд ач холбогдол өгөхгүй байна. Иргэдийн идэвх оролцоо муу байна. Иргэдийн тухайд хамгийн гол төлөөллөө ойлгохгүй байна уу, эсвэл мэдээлэлгүй байна уу гэдгийг хэлж мэдэхгүй. Хамгийн идэвхтэй нь ахмадууд болон эмэгтэйчүүд байгаа юм. Тэд санал өгч буй хүмүүсийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Харин залуус маш идэвхгүй, сонгуульд ач холбогдол өгөхгүй байгаа юм болов уу. Ялангуяа 18-40 хүртэлх насныхан сонгуульд идэвхгүй, оролцоо багатай, залуус маш хойрго хандаж байгаа нь ирцээс харж болно. Ер нь анх удаа орон нутгийн сонгуульд саналаа өгч буй залуусаас илүү өмнө нь саналаа өгч байсан залуус саналаа идэвхтэй өгч байна. Харамсалтай нь энэ бол маш бага үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс залуус ирэх дөрвөн жилд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх хэрэгтэй.  Нөгөө талаас саналаа өгч буй иргэдийн тухайд саналын хуудсаа буруу бөглөх тохиолдол их байна. Манай хэсгийн хороонд нийслэлээс хоёр, дүүргээс хоёр мандаттай оролцож байгаа. Гэтэл иргэд саналаа илүү будаж, саналын хуудас хүчингүй болгож байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн дугуйлах ёстой бол таван хүн дугуйлж будах нь нийтлэг байгаа юм. Энэ нь сонгогчдын боловсрол маш хангалтгүй байгааг харуулж байна. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаагаар дамжуулан бид сонгуулийн санал хураалтын талаар хангалттай мэдээлэл өгсөн болов уу  гэлээ.

               СОНГОГЧДЫН ИРЦ ХАНГАЛТГҮЙГ ХЭСГИЙН ХОРООНООС ҮГҮЙСГЭВ

11:30 цаг 

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг  25-1-3 дугаар санал авах байранд санал хураалтын ирц 12.4  хувьтай байв. Нийт 2216 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс  240 нь  саналаа өгчээ. Тус санал авах байрт бусад хэсгийн хороодтой харьцуулахад хөл хөдөлгөөн багатай, залуус саналаа өгч байгаа нь ховор байв. Санал авах байрыг зорьж буй хүмүүсийн дийлэнх нь ахмад настан байсан юм. Харин тус санал авах хэсгийн хорооноос сонгогчдын ирц хангалттай, залуус идэвхтэй санал өгч байгааг онцолсон.

Хэсгийн хорооны дарга  Б.ДУЛМАА:

 

-Өнөө өглөө саналт хураалт 07:00 цагаас эхэлснээс хойш иргэд саналаа идэвхтэй өгч байна. Залуус ч бас орон нутгийн сонгуульд идэвхтэй саналаа өгөхөөр оролцож байгаа нь ирцээс харж болно. Сонгогчдын ирцээс харахад 40 хувь нь залуус байгаа юм. Ихэвчлэн 25-45 насныхан саналаа өгч байна. Манай хэсгийн хороо бусад санал авах байруудтай харьцуулахад ирц харьцангуй өндөр байгаа. Саналын хуудсаа ч бас алдаагүй зөв бөглөж байна гэлээ.                   

 

ЗАЛУУС ИДЭВХТЭЙ САНАЛАА ӨГЧ БАЙНА

12:10 цаг

Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, 30 дугаар тойргийн 6-1 дүгээр хэсгийн санал авах байранд ирц 12 хувьтай байв. Нийт   2878 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 470 хүн саналаа өгчээ. Үүнээс 114 нь 28-40 хүртэл насныхан бол 27 нь 18-25 насныхан байгаа юм. Тус санал авах байранд саналаа өгөхөөр ирж буй залуус бусад хэсгийн хороодтой харьцуулахад идэвх оролцоо сайн байгаа нь харагдсан. Урт дараалалд зогссон, саналаа өгч буй хүмүүс дунд залуус их байсан юм. Гэсэн ч хэсгийн хорооноос залуусын ирц хангалтгүй байна хэмээн дүгнэж үдээс хойш сайжирна хэмээн үзэж байна.

ИРЦИЙН ДҮН БАГА Ч ЗАЛУУСЫН ОРОЛЦОО САЙН БАЙНА

30-6-1 дүгээр хэсгийн хорооны дарга Б.АМАРБАТ:

-“Сонгогчдын идэвх оролцоо өнөө өглөө муу байсан бол үдээс хойш идэвхтэй болж байна. Саналаа өгсөн иргэдийн 56 хувь нь ахмадууд бол залуусын идэвх оролцоо бага байна. Гэхдээ үдээс хойш залуус идэвхтэй саналаа өгөх болов уу, ирц бүрдчих байх гэж харж байгаа. Та бүхэн харж байгаа бол саналаа өгөхөөр дугаарласан залуус ч бас цөөнгүй байна шүү дээ. Хэдийгээр ирцийн дүн мэдээлэл бага боловч оролцоо нь сайн байна гэсэн үг. Ер нь саналаа өгч буй хүмүүс саналын хуудсаа буруу бөглөх тохиолдол ч цөөнгүй гарлаа. Одоогоор саналын хуудас хүчингүй болсон таван тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.

Санал авах хэсгийн хороодод санал өгч буй хүмүүс, тэр дундаа залуусын  идэвх оролцоо харилцан адилгүй байсныг энд тодотгоё. Санал авах байруудад иргэдийн урт дараалал үүссэн дүр зураг нийтлэг угтсан ч залуусын идэвх харилцан адилгүй байв. Зарим санал авах байрт саналаа өгч буй залуус харагдаагүй бол өөр дүүргийн санал авах байрт идэвхтэй саналаа өгч, дугаарлаж байлаа. Залуусын тухайд нэр дэвшигчдээ танихгүй ч саналаа өгөхөөр оролцож байгаа бол зарим нь нэр дэвшигчдээ судалж, мөрийн хөтөлбөртэй нь танилцжээ.

ЗАЛУУС: БИДНИЙ СОНГОЛТ  НИЙГМИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛНӨ

Иргэн М.ОЮУНБОЛД: 

-Саналаа өгөх нь иргэн хүний хариуцлага. Энэ утгаараа би УИХ-ын ээлжит сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгдөг. Харин энэ жил анх удаа орон нутгийн сонгуульд саналаа өгөх гэж  байна. Нэр дэвшигчдийг сайн мэдэхгүй, харж байгаад саналаа өгнө. Яах вэ, тараах материалаас мөрийн хөтөлбөртэй нь танилцсан. Саналаа өгвөл дараа нь дүүрэг, хорооны даргаа таньдаг болно, эргээд хариуцлага тооцож болно.


Иргэн О.АРИУНТУУЛ:

-Орон нутгийн сонгууль бол УИХ-ын ээлжит сонгуулиас илүү ач холбогдолтой. Ирэх дөрвөн жилд биднийг төлөөлөх хүмүүсээ сонгоно. Иргэдтэй хамгийн ойр байдаг нь дүүрэг, хороо. Тиймээс орон нутгийн ээлжит сонгуульд саналаа идэвхтэй өгдөг. Бидэнд тулгамдаж буй асуудлыг шийдэж, иргэдээ төлөөлөх хүмүүс нь иргэдийн төлөөлөгчид учраас  сонголтоо зөв хийх хэрэгтэй. Нэр дэвшигчдээ судалж, мөрийн хөтөлбөртэй нь танилцсан. Сүүлийн жилүүдэд  залуус ч бас саналаа идэвхтэй өгдөг болсон байна.


Иргэн Т.МӨНХБАТ: 

-Орон нутгийн сонгуульд хоёр дахь удаагаа саналаа өгч байна. Эрх баригч намыг дэмжлээ. Өмнө нь сонгуулийн ач холбогдлын талаар сайн мэддэггүй байсан. Хүн бүр саналаа идэвхтэй өгч байж бидний төлөөлөх хүмүүс шударгаар сонгогдоно. Саналаа өгөхгүй гэж хайнга хандвал шударга нийгэм бүрдэхгүй. Бидэнд тулгамдаж буй өчнөөн  асуудал ч шийдэгдэхгүй. Гэвч саналаа өгөх хүмүүсийн идэвх оролцоо сул байна гэж анзаарагдлаа. Санал өгч байгаа хүн их цөөн байна.


Иргэн Ц.МАНДАЛАЙ: 

-Орон нутгийн сонгуульд хоёр дахь удаагаа санал өгөх гэж байна. УИХ-ын ээлжит сонгуулиас дутахааргүй чухал ач холбогдолтой гэж боддог. Миний хувьд саналаа өгөхөөс өмнө нэр дэвшигчдээ мэднэ, мөрийн хөтөлбөртэй нь танилцсан. Улс орны ирээдүй болсон залуус бид сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч байж өнөөгийн нийгмийн тогтолцоог өөрчилнө. Хэрэв саналаа өгөхгүй, сонгуульд ач холбогдол өгөхгүй бол төрийн цөөн эрх баригчдаар л ирээдүйгээ, амьдралаа шийдүүлэх болно.


Иргэн Б.ТЭЛМЭН: 

-Орон нутгийн сонгуульд анх удаа саналаа өглөө. Нэр дэвшигчдээ танина, өмнө нь фэйсбүүкээр судалсан. Огт танихгүй нэр дэвшигчдэд саналаа өгөх нь хэцүү. Саналаа өгч байхад залуус их цөөн саналаа өгч байгаа нь харагдсан. Гэхдээ фэйсбүүкт сонгуульд идэвхтэй оролцохыг залуус их уриалж байна билээ. Залуус бид саналаа өгч байж, амьдрах орчноо сайжруулж чадна. Тиймдээ ч орон нутгийн сонгууль чухал ач холбогдолтой гэж бодож байна.

 


 

 

Орон нутгийн сонгуулийн санал хураалтын явцыг фото цомгоор хүргэе. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж