Бургастайн боомтод хөтөлж ирсэн энэ зам &#34хөгжлийн зам&#34 байх болтугай

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Бургастайн боомтод хөтөлж ирсэн энэ зам &#34хөгжлийн зам&#34 байх болтугай

 

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд мал сүрэг, түүний үр шимийг эргэлтэд оруулахаар идэвхтэй ажилласны дүнд БНХАУ-ын зах зээлд үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлох боломжтой болсон. Энэ хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн “Грийн Грасланд” компанийн “Мон Тува” үйлдвэрт бэлтгэсэн 17 тонн хонины мах экспортолсноор  үхэр, хонь, ямааны мах БНХАУ-д экспортлох үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Монгол Улсын хилийн Бургастай боомтод болсон БНХАУ-д мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэхдээ "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд Монголын талаас түүхий мах экспортлох хүсэлтийг хүлээн авч богино хугацаанд хамтран ажиллаж, боломж олгосон БНХАУ-ын төр засаг, хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархалаа илэрхийлье. Экспортод чиглэсэн аливаа бүтээгдэхүүн түүнийг дэмжих үйл ажиллагаа бол Гадаад хэргийн яам, тэр дундаа Гадаад бодлогоо эдийн засагжуулах хөтөлбөрийн салшгүй хэсэг. Бид энэ тал дээр идэвхитэй ажиллаж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцлоо. Цаашид зөвхөн малын түүхий махаар зогсохгүй бусад олон төрлийн малын гаралтай болон монголын экспортын бүтээгдэхүүн энэ боомтоор гарах байх гэдэгт итгэлтэй байна. Үүний үр дүнд малчин түмний, Говь-Алтайчуудын, зах хязгаарын аймгуудын малчид, хөдөлмөрчид, иргэдийн ашиг орлого өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр энэ боомт руу биднийг хөтөлж ирсэн энэ зам "Хөгжлийн зам"  байх болтугай. Цаашид энэ боомтыг өргөжүүлэн тохижуулах, дэд бүтэц хийгээд энд ажиллаж байгаа Гааль, Хил, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилчдын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх нь чухал юм. Миний бие Говь-Алтай аймгаас гаралтай Засгийн газрын гишүүний хувьд анхаарлаа хандуулж, Засгийн газрын хэмжээнд асуудлыг ярьж, шийдвэрлүүлэхийн төлөө тулд хичээн ажиллах болно" хэмээв.

 “Грийн Грасланд” компаниас гадна “Завхан хүнс”, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” компаниуд үйлдвэрийн аргаар бэлдсэн махыг БНХАУ-д экспортлох эрхээ аваад байна. Өмнө нь олон улс руу түүхий мах экспортлоход малын шүлхий зэрэг нь халдварт өвчний хориг саад болж байлаа. Өөрөөр хэлбэл, манай улсын зарим аймгийн нутагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан манай улсад бүхэлд нь шүлхийн хорио тогтоож байсан бол хоёр талын яриа хэлэлцээний дүнд хятадын тал өнгөрсөн оны 9 дүгээр сард шүлхийн өвчний эрсдлийн үнэлгээ шинжилгээ хийж, улмаар 2015 оны 12 дугаар сард Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг таван аймгийн түүхий махны шүлхийн хоригийг цуцалсан тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ.

Түүнчлэн Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурж, Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж