Ерөнхийлөгчөөрөө Л.Болдыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөөрөө Л.Болдыг сонголоо

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил тохиосон 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолж намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. Олныг хамарсан, олон хүний дэмжлэг авсан энэхүү хэлэлцүүлэг, үйл ажиллагаа нь МоАН Санаачилга нэртэй бие даасан байгууллага болон бэхжсэн байна. Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин, санаа нэгдсэн, нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцдог зуун хүн энэхүү МоАН санаачлага нэрийн дор нэгдэж өнгөрсөн Баасан гарагт гишүүдийнхээ анхны хурлыг хийжээ.

Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж удирдлагуудаа сонгосон байна. Энэ үеэр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг МоАН Санаачлагын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгож түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс сонгогдон оржээ.

УИХ-ын гишүүн, “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгч Л.Болд

Мөн МоАН-ын үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах замаар суурь үнэт зүйлсдээ тулгуурласан Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаардлагатай цагт тэмцэгчид болон хувирч ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээнцаашдын үйл ажиллагааны чиг шугамыг тодорхойлж байв.Хурлаас гаргасан тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна. МоАН санаачилгыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын доорх үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна.” гээд Монголын ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлсон байна. 

Энэхүү байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх юм. Гэсэн хэдий ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд МоАН буюу Монголын Ардчиллын Нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж