Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.10.15/ 15.00 цагт 48-р сургууль дээр саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа хэвлэлийхэнд хандаж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна
Posted by News.mn on Thursday, October 15, 2020
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:
-Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дарга нараа сонгодог хариуцлагатай чухал сонгууль болж байна. Өдрийн 15.00 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 35 хувьтай байгаа нь тун бага үзүүлэлт. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд санал хураалтын цаг дуусахаас өмнө иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульдаа оролцоогүй, сонгуулиар нийгмийнхээ харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох асуудлыг нэхэх нь учир дутагдалтай. Жишээлбэл, саяхан нийслэл дээр хүүхдийн автобусыг худалдаж авсан үнийн асуудалд маргаан гарлаа. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчид олон намын тогтолцоотой, хяналттай байсан бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байх байлаа. Тийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын зарчим. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийгээрэй гэж хүсье” гэсэн юм.
НЭМЭЛТ: 12.00 ЦАГ
Г.ЗАНДАНШАТАР: ЗАЛУУЧУУД ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ
УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн "Ривэр Garden" хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд дөнгөж сая саналаа өгөөд гарч ирлээ. Тэрбээр энэ үеэр “Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. 10 гаруй аймгаар явж иргэдтэй уулзсан. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль. Нийт иргэд сонгогчдоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй тохиолдлууд ч гарч байсан. Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя” гэлээ.
Санал хураалт оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн билээ.
НЭМЭЛТ: 11.00 ЦАГ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ САНАЛАА ӨГЛӨӨ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.15/ 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөлгүйгээр шууд явсан юм.
Уг хэсгийн хороонд үдээс хойш Ерөнхийлөгч мөн саналаа өгнө. Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр бөгөөд нийт 248705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тус дүүрэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 30 нэр дэвшигч 10 суудлын төлөө өрсөлдөж байна.
Холбоотой мэдээ