Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал Мягмар гариг (2020.10.13)-т онлайнаар хуралдаж, Монгол Улсыг “Cаарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан. Эцсийн шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хуралдах ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.
ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын ААН, иргэд дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн.
Тодруулбал, гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан. "Саарал жагсаалт"-аас гарснаар дээрх нөхцөл байдал эерэгээр шийдэгдэх юм. Гадаадад байгаа монголчууд тэнд данс нээх, мөнгөн гуйвуулга хийхэд хямд төсөр, шуурхай болно. Хятадын мөнгө, зээл, санхүүгийн эрхшээлээс зайлсхийж, гуравдагч хөрштэй бизнес хийх, тэндээс хөрөнгө оруулалт татахад амар болно. Монгол ААН-ийн гадаад орлого, зарлагын зардал эрс буурна гэж эдийн засагч Ч.Отгочулуун хэлжээ.
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.БАТБААТАР "Монгол Улс саарал жагсаалтаас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуур зөөлөрнө. Мөн тухайн улс орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, энэ чиглэлийн эрсдэл багатай юм байна, тийм учраас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мессэж өгнө. Банкуудаас мөн корреспондент банкуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дахин эрчимтэй арга хэмжээ авч эхлэх байх. Энэ утгаараа ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжирна гэж бодож байна” гэв.
Холбоотой мэдээ