"Нүд минь харж, гар чичрээгүй цагт зургаа зурсаар байх болно"

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

"Нүд минь харж, гар чичрээгүй цагт зургаа зурсаар байх болно"

"Нүд минь харж, гар чичрээгүй цагт зургаа зурсаар байх болно"

Монголын дүрслэх урлагийн салбарт одоо амьд сэрүүн, бүтээлээ туурвиж буй хоёрхон Ардын зураач үлдээд буй. Нэг нь Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсом. Түүний 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэн өнөөдөр (2020.10.14) Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Ардын зураач Б.Чогсомын 1940-өөд оноос хойш бүтээсэн бүтээлүүдээс гадна өмнө олны өмнө дэлгэж байгаагүй судалбар эскизүүд хүмүүсийн анхаарлыг татна. “Говийн дуу”, “Тайхар чулуу”, “Хоргын дуулал” импрессионизмын төлөөлөл болсон олон зураг нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ардын зураач буурайтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


Та сайхан намаржиж байна уу? Бие лагшин тунгалаг уу?

-Сайхан намаржиж байна. Хаанаас яваа хүүхдүүд билээ?

-Мэдээллийн News.mn сайтын сэтгүүлч байна.

-За.

-Монголын уран зургийн галерейгаас таны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнг нээж байна. “Зуу наслаж, зургаадай таяг тулаарай” гэж ерөөе. Танд баяр хүргэе?

-Би энэ жил 90 насыг шувтарч, хуучнаар 91 настай болж байна. Сайхан нь юу байх вэ дээ. Хөгширч л байна (инээв). Хамгийн гол нь нүд минь харж, гар чичрээгүй, тархи хэвийн ажиллаж байна. Миний хувьд хийж дуусаагүй зүйл асар их. Тэр болгоныг хийх л хэрэгтэй. Би зургаа зурахаараа чадалтай болдог. Зураг зурахгүй болчихоороо улам ядраад байдаг хүн дээ. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг л энэ байх.

-Та одоо ямар бүтээл урлаж байгаа вэ? 

Би үргэлж ажиллах хэрэгтэй байлаа. Залуу байхад нэг шөнө дунджаар дөрвөн цаг л унтана. Одоо ч гэсэн би ажиллаж байна. Би нэг бүтээл эхлүүлээд дуусаагүй байхад ийм үзэсгэлэн гаргах болсон. Хүндэтгэлийн үзэсгэлэн маань дөрөв, тав хоногийн дараа хаагдахаар би эндээс зарим зургуудаа гэртээ аваачиж тавина. Дутуу хийсэн бүтээлээ дуусгана. Дараагийн үзэсгэлэнд оролцоно.

-Хүндэтгэлийн үзэсгэлэнг тань өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан гэсэн. Цар тахлын улмаас хойшилж, одоо нээлтээ хийж байх шиг байна?

-Харин тийм ээ. Миний хувьд жаахан сэтгэл дундуур байгаа юм. Учир нь өнгөрөгч жилээс л нэлээд том хэмжээний үзэсгэлэн гаргая гэж бодож, төлөвлөж байлаа. Тэгээд үзэсгэлэнд дэлгэх бүтээлийнхээ нэрсийн жагсаалтыг гарган, Уран зургийн галерейд өгөөд байж байтал гэнэт л цар тахал дэгдсэн. Тэд маань миний жагсаалтын дагуу Архивын ерөнхий газраас бүтээлийг маань шүүж чадаагүй юм шиг байна лээ. Саяхнаас л дотооддоо хөл хориог цуцалж, гэнэт миний 90 насны ойд зориулсан үзэсгэлэнг гаргахаар болчихсон. Надад 10 хоногийн хугацаа өгч, нэлээд давчуу хугацаанд үзэсгэлэндээ бэлтгэлээ. Үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байсан бүтээлүүдээс минь гадна өөртөө хадгалж байсан 70 гаруй бүтээлийг дэлгээд байгаа нь энэ юм.

-Уг нь таны хүндэтгэлийн үзэсгэлэнд энд тэнд тарсан бүтээлүүдийг дэлгэх байжээ. Хэчнээн бүтээл энд дэлгэгдээгүй үлдэв ээ?

-Энэ үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Улаанбаатар хотын музейн сан хөмрөг, миний хувийн архивт хадгалагдаж байсан 100 орчим бүтээлийг дэлгэсэн. Би 1942 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 78 жил хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн удаа гадаадын олон улсын үзэсгэлэнд бүтээлээ явуулж байлаа. Өөрийн бие даасан их, бага хэмжээний үзэсгэлэнгүүд гаргаж байсан. Нутагтаа бас үзэсгэлэн зохион байгуулсан бол хамгийн сүүлд 2007 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэр үед тооцоо гаргахад 4000 орчим бүтээл байсан санагдана. Тэрнээс олон байж ч мэднэ. Би өмнө нь бүтээлээ тоолж, сүйд болж явсангүй ээ.

-Таны “Хоргын дуулал” бүтээл барууны урсгалыг оруулж ирсэн гэгдэж, тухайн цаг үед багагүй шүүмжлэлд өртсөн гэдэг. Энэ бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний “Хоргын дуулал” бүтээл их дуулиантай зураг л даа. Ганц энэ бүтээл ч биш “Говийн дуу”, “Чулуучин” зэрэг олон зураг  шүүмжлэлд өртөж байлаа. Зураачид бүгд хурлаа хийж, нэг хүн миний “Хоргын дуулал” зургийн талаар илтгэл тавьсан юм. Тэр илтгэлийн гол агуулга нь “Их муу зураг болсон байна. Хөрөнгөтний үнэртэй бүтээл” гэж шүүмжилсэн. Тэр чинь хаа байсан 1966 он шүү дээ. Тэр үеийн манай нийгмийн ойлголт ямар байсныг харж болно. Гэтэл өнөөдөр миний “Хоргын дуулал” зургийг хүндэтгэн жаазлаад дүүжилчихжээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж