Ажлын цагт өөрчлөлт оруулснаар түгжрэлийг сааруулж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Ажлын цагт өөрчлөлт оруулснаар түгжрэлийг сааруулж чадах уу?

Ажлын цагт өөрчлөлт оруулснаар түгжрэлийг сааруулж чадах уу?

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулахын тулд  ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар гаргажээ.

Тус газар нь нийслэлийн төр захиргааны байгууллагын 4000 ажилтныг хамруулан ажлын цагийг 07.00-10.00 болгож, энэ хооронд тухайн ажилтан сонголттойгоор ирэх боломжийг олговол ямар вэ гэсэн санал авахад 97 хувь нь дэмжсэн юм байна. Иймээс аравдугаар сардаа багтаан, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй аж.

Хамгийн гол нь дээрх санал асуулгад дурдсанчлан ажлын цагт өөрчлөлт орсноор автомашины түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой вэ гэдэгт тодорхой прогноз алга.

Өмнө нь хотын захиргаа автомашины түгжрэлийг сааруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 мянган албан хаагчийнхаа ажил эхлэх цагийг 08.00, 08.30 болгож, 17.00, 17.30 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийж үзсэн. Гэвч ажил хийдүүлдэг хүмүүс нь олон болсноос биш түгжрэлийг сааруулахад том нөлөө үзүүлж чадаагүй.

Түгжрэл үүсч буй цагийн урсгал нь өглөөний 06.40-09.30 цаг, 17.00-22.00 цаг хүртэл үргэлжилж буй.

Харин үүний оронд автомашинаа техникийн улсын үзлэгт оруулдаггүй, даатгалд хамрагддаггүй,  дүрмээ мөрддөггүй жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлах замаар хариуцлагажуулах  бодлого хэрэгжүүлбэл түгжрэл жинхэнэ утгаараа буурах боломж харагдаж буй.

Учир нь Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1.3 сая орчим иргэн жолооны үнэмлэхтэй бол бүртгэлтэй 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд 1.522.505 замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил бүртгэгдсэн нь  үндсэндээ дүрмээрээ хөдөлгөөнд оролцдог жолоочгүй болжээ гэж хэлж болохоор буй.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 604800 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ч техникийн улсын үзлэгт хамрагдаагүй 340 мянган автомашин бий. Техникийн улсын үзлэгт хамрагдаагүй автомашин бол аюултай тээврийн хэрэгсэл гэж оношилж болно.

Иймээс Тээврийн цагдаагийн газар нь Татварын ерөнхий газартайгаа хамтраад даатгалдаа хамрагдаагүй, автомашинаа үзлэг оношилгоонд  оруулаагүй, торгуулиа төлөөгүй жолооч нарын судалгааг гаргаж, тодорхой цаг хугацаа заан, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд зорчих эрхийг нь хязгаарлах замаар ажиллавал түгжрэл саарах боломж байна.

Гагцхүү зоригтой шийдэл дутаж байна.

Дүрмээрээ явдаггүй, баталгаагүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийгөө төдийгүй өрөөлийн амь насыг эрсдэлд оруулсан харамсалтай жишээ олон бий.

Тээврийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар 46.567 зам тээврийн осол гарч, 317 хүний амь нас хохирсон бол 2073 хүн гэмтэж, бэртсэн байдаг. Хохирлын хэмжээ 14.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй.  Тиймээс иргэнийхээ аюулгүй байдлыг хангах талаасаа ч автомашин нь цаг хугацаандаа үзлэг оношилгоонд хамрагддаг, жолооч нь дүрмээрээ хөдөлгөөнд оролцдог байж, зорчих эрхийг давхар авдаг байх үүргийг хүлээх шаардлага тулгарч байна.

Нөгөө талдаа хотын захиргаа нийтийн тээврээ хөгжүүлэх. Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд 902 том оврын автобус өдөр тутам үйлчилгээнд гардаг. Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн бөгөөд том оврын автобусны тоог 500-гаар нэмэгдүүлэх шаардлага бий талаар албаныхан хэлж буй.  Гэвч эдийн засгийн ийм боломж байхгүй ч, автобусныхаа тоог 100-гаар нэмж, цагийн зохицуулалтыг зөв хийж чадвал хүн бүр автомашинаараа унаж, түгжрэл дунд цаг алдахыг хэн хүсэх билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж