"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

"100 гаруй улс ‘саарал жагсаалт’-аас гаргахыг санал нэгтэй дэмжсэн"

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар хуралдаж, Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хуралдах ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм. “Саарал жагсаалт” болон бусад асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан хурал өчигдөр болсон. Хуралдааны талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хуралдаанаар Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний баг ажилласан тайлангаа тавьсны дараа АНУ, Англи, Хятадын банкууд Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гарах саналтайгаа хэлсний дараа эсэргүүцэх улс байгаагүй бөгөөд 100 гаруй орон дэмжсэн. Одоо аравдугаар сарын 21-нээс 23-ны өдөр болох нэгдсэн хуралдаанаар баталгаажна гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хамгаалж, газар дээр ирж шалгалт хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч коронавирусийн хорио цээртэй холбоотойгоор хойшилсоор аравдугаар сарын 1, 2-нд ирж, нягталж үзсэн. Төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг 140 орчим хүн газар дээрх үнэлгээнд хамрагдсан. Үүний үр дүн гарч байна.

-ФАТФ-ын нэгдсэн хуралдаан ямар бүрэлдэхүүнтэй хуралдах, эндээс гарах шийдвэр нь юу байх вэ?

-Бид нэгдсэн хуралдаанд оролцохгүй, гишүүн орнууд нь орно. Саяын хяналтын хурал дээр гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулаад явах болов уу. Үнэлгээний баг тавигдсан бүх шаардлагыг хангасан, хууль эрх зүйн орчноо сайжруулж, тавигдсан шаардлагуудын дагуу ахиц гарсан зэрэг олон ажил хийгдсэн гэж дүгнэсэн.

-Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргалаа гэсэн шийдвэр гарсан даруйд тус жагсаалтад орсонтой холбоотой гадаад гүйлгээ саатсан зэрэг асуудал хэвийн болох уу?

-Монголоос аж ахуйн нэгж, иргэд гүйлгээ хийхэд “саарал жагсаалт”-д байгаа учраас зайлшгүй хянах шаардлага үүсдэг байсан. ФАТФ-ын хурлын шийдвэр гарсан тохиолдолд мэдээллээ нээлттэй тавьсны дагуу “саарал жагсаалт”-тай холбоотой байсан асуудал хэвийн болно.

-2020 оны төсвийн хэлэлцүүлэг орон нутгийн сонгуультай холбоотойгоор одоо ч хэлэлцүүлэг нь эхлээгүй байна. Төсөв дөрвөн шатны хэлэлцүүлэг давж, арваннэгдүгээр сарын 5-ны дотор хэлэлцэгдэх ёстой. Цаг хугацааны хувьд амжих уу?

-Төсвийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 16-нд эхэлнэ. Төсөв батлах хугацаандаа багтаж батална. Гишүүдийн хувьд төсөвтэйгөө танилцаж, орон нутагт ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэлэлцүүлэгтээ илүү их бэлтгэж байна гэж харж байна. Засгийн газраас төсөвтөө тулгамдаж байгаа гол асуудлуудаа тусгаж, оруулж ирсэн. ДНБ-ий 5,1 хувьтай тэнцэж байгаа нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Тэнцвэржүүлсэн тэнцэлд хоёр орлогыг тооцохгүй байгаа нь дутуу тооцож яваа гэсэн үг. Төсвийн алдагдал бол өнөөгийн нөхцөлд нийцсэн эдийн засгийн зөв бодлого гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулахгүй гэсэн байр суурин дээрээ хэвээр байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудаас татсан. Капитал банкин дээр ЭМД-ын сангийн 140 орчим тэрбум төгрөг алдсан. Эдийн засгийн хямралтай үед мөнгөө хамгийн найдвартай газраа хадгалах нь зөв гэж үзэж байна. Цаашид төрийн сандаа байршаад явна.

-Халамжийн мөнгө хавтгайрч, ялангуяа сүүлийн үед хуурамчаар халамжийн төсвийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэл гараад байна. 2020 оны төсөвт халамжийн төсвийг нэмсэн үү?

-Халамжийн талаар өмнөх хуулиудаа барьж, 2021 оны төсөвт тусгасан. Гэхдээ зарим нэг зүйлийг өөрчилсөн. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат зэрэг шагналын эздэд халамжийн хуулиар мөнгө олгодог байсныг төсвийн байгууллагуудад нь шилжүүлсэн. Удахгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэтгэврийн шинэчлэл, халамжийн шинэчлэлийн хуулиудыг оруулж ирэхээр яригдаж байна. Баян-Өлгий аймаг дээр халамжийн мөнгө бусад аймгаас өндөр байдаг. Мөн Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий гэсэн гурван аймагт халамжийн мөнгө өндөр гэдэг асуудал яригддаг. Баян-Өлгий аймаг гэхэд өөрсдөө үүсгэсэн өр учраас аймаг нь шийдээд явах ёстой байсан. Гэхдээ шалгалтын ажил үргэлжилж байгаа гэж ойлгосон.

-ЖДҮХС-д мөнгө төсөвлөөгүй гэсэн мэдээлэл бий. Мөн гишүүд өөрсдөө сангийн мөнгө авчхаад, анхаарлаа хандуулахгүй байна гэсэн шүүмжлэл байна?

-Төсөвт шинээр мөнгө суулгаагүй. ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 450 орчим тэрбум төгрөгийн зээл эргэлддэг учраас өмнөх эргэн төлөлтөөр шинээр зээл олгоод явах боломжтой гэж үзсэн. Эргэн төлөгдөх боломжтой 200 орчим сая төгрөг эргэлдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл олгох бус, сан нь өөрөө судалгаатай, ил тод зээлээ олгодог чиглэл рүү явуулсан учраас түүнийхээ үр дүнг гаргах учиртай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж