Хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага, идэвхтнүүдийн эсэргүүцлийг үл харгалзан ОХУ, Хятад, Куба улсууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. ОХУ, Куба улсууд өрсөлдөгчгүйгээр бүс нутгаасаа сонгогджээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 193 орноос нууц санал хураалтаар Пакистан 169, Узбекистан 164, Балба 150, Хятад 193 санал авснаар Ази-Номхон далайн бүсийг төлөөлөх дөрвөн суудал авсан бол Саудын Араб ердөө 90 санал авснаар ялагдсан байна.
Саудын Араб нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд суудал авахын тулд өнгөрсөн хугацаанд багагүй шинэчлэлт явуулсан юм. Ойрхи-Дорнодын исламын шашинт Саудын Араб улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн том өөрчлөлт гарч, эмэгтэйчүүд автомашин жолоодох эрхтэй болсон. Гэвч хоёр жилийн өмнө Турк улсын Истамбул хотын Саудын Арабын Консулын газарт “Washington Post” сонины нийтлэлч Жамал Хашоггиг хөнөөсөн нь олон улсаас хүчтэй шүүмжлэл дагуулсан юм.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүний 15-ыг нь өчигдөр сонгосон ба Ази-Номхон далайн бүсийн өрсөлдөөнийг эс тооцвол бараг бүх нэр дэвшигчийг бүс нутгийн бүлгүүдээс урьдчилан шийдсэн байжээ. Африкийн дөрвөн суудлыг Зааны ясан эрэг, Малави, Габон, Сенегал улсууд, Зүүн Европын төлөөллийг ОХУ, Украин, Латин Америкаас Мексик, Куба, Боливи сонгогдсон байна. Харин Баруун Европыг төлөөлөх хоёр суудлыг Их Британи, Франц авчээ.
НҮБ-ын хүний эрхийн 50 эксперт өнгөрсөн зургадугаар сард Хятадын Засгийн газарт хандан Хонгконг, Түвдэд хүний эрхийг хамгаалах, уйгур үндэстний эсрэг хатуу бодлогоо өөрчлөхийг уриалан мэдэгдэл гаргаж байв. Тэдний уриалгыг 60 гаруй орны 400 гаруй нийгмийн бүлэг дэмжин, дуу хоолойгоо өргөсөн. Гэвч Ази-Номхон далайн орнуудыг төлөөлөх дөрвөн суудлын нэгийг нь Хятад улс авлаа.
Өмнө нь Куба, ОХУ, Хятад улсууд Хүний эрхийн зөвлөлд суудалтай болчихвол цаашид НҮБ-аас хүний эрхийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хориг саад хийх нь ойлгомжтой хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байв. Тэд уг зөвлөлийг өөрсдийн бамбай болгон ашиглах нь тодорхой гэж шинжээчид үзжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ