ЭМЯ: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.14) мэдээллээ хийлээ.


Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнээс Covid-19 халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, дээрх иргэд нь 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй юм. Нэг тээврийн жолооч эдгэрч, сувилалд шилжжээ.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Өнөөдөр өглөө үүрээр 4.20 минутад тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-д шилжээд байсан нэг жирэмсэн эх төрж, 2.8 жинтэй хүүтэй болов. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор 29 хүн тусгаарлагдаж байна. Ингэснээр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс албан ёсны дөрвөн тохиолдол батлагдав. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 268 хүн
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 79 хүн
  • Есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 227 хүний давтан
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 25 хүний давтан
  • Есдүгээр сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 210 хүний давтан
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан
  • Есдүгээр сарын 23-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 107 хүний давтан
  • Есдүгээр сарын 23, 24-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 хүний давтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 22 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдсан хоёр хүн
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан дөрвөн хүн
  • Тандалтын зорилгоор авсан 12 хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн нэг хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 22 хүн, үүрэг гүйцэтгэсэн 45 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 54 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

ВАКЦИНЫ ДАРААХ ХҮНДРЭЛ НЭГ Ч БҮРТГЭГДЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Улирлын томуугийн вакциныг аравдугаар сарын 1-нээс хийж байна. Одоогийн байдлаар 63.7 хувьтайгаар вакцинжуулалт үргэлжилж байна. Монгол Улсад өмнөх жилүүдээс гурав дахин их буюу нийт 509.500 хүн тун вакцин хийнэ. Үүнээс 317 мянга гаруй нь хийгджээ. Энэ вакцин бол гурван цэнт, А, В хүрээний томуугийн вирусийн эсрэг хамгаалах чадвартай, БНСУ, Бразил улсад үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын батламжтай юм. Зарим хүмүүс олон нийтийн сүлжээгээр вакцинжуулалтын талаар ташаа мэдээлэл түгээж байна. Судалгаагаар вакцины дараах хүндрэлийг байнга судалдаг. Өдөр болгон мэдээ авч байна. Одоогоор вакцины дараах хүндрэл нэг ч бүртгэгдээгүй.


НИЙТ 81 УЛС РУУ 90 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЭД БАЙНА

ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн байдлаар 81 улс руу 90 удаагийн тусгай нислэг үйлдээд байна. Энэ нислэгээр 18.009 иргэн Монгол Улсдаа ирсэн бол 6544 иргэнээ хилийн боомтоор татан авлаа. Нийтдээ 24.553 иргэн эх орондоо иржээ. Тодруулбал, БНСУ руу 23 удаа, Герман руу 10, Япон руу ес, АНУ руу зургаа, Турк улс руу дөрөв, Австрали улс руу тав, ОХУ руу зургаа, Энэтхэг улс руу гурав, Казахстан руу дөрөв, Англи руу хоёр, Катар улс руу нэг, Филиппин рүү нэг, Хятад руу хоёр, Лаос улс  руу нэг, Өмнөд Судан руу нэг, БНСУ-аар дамжин транзит нислэг зургаан удаа, Турк улс руу нэг транзит, Хонгконг руу гурван удаагийн захиалгат нислэг үйлдсэн.

Нийт зорчигчдыг ангилбал, бага насны хүүхэдтэй гэр бүл 3010, эрүүл мэндийн шалтгаантай 1929, хөгжлийн бэрхшээлтэй 348, өндөр настан 1486, жирэмсэн эмэгтэй 623, саатуулагдсан 87, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 427, санхүүгийн хүндрэл болон бусад шалтгаантай 10099 иргэнийг татан авсан. Эдгээр хүмүүс нийт татан авалтын 56 хувийг эзэлж байна. Аравдугаар сард найман удаагийн нислэгээр 1560 иргэнээ авна. Тусгаарлан ажиглах 63 байранд 2662 иргэн байна. Улаанбаатарт 2345, орон нутагт 317 иргэн байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штаб нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангаж, орон нутагт сургалт зохион байгуулж байгаа.


ИРГЭД ТУСГААРЛАХ БАЙР, ХООЛ УНДАА ГОЛОХ АСУУДАЛ ГАРГАХАА БОЛЬСОН

ЦЕГ-ын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.ЛХАГВАСҮРЭН:

-Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш гадаадаас 24523 иргэдээ татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна. Давхардсан тоогоор нийт 10828 албан хаагч ажиллалаа. Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 3699 иргэн байна. Улсын хэмжээнд 12 тээврийн хэрэгсэлтэй 254 албан хаагч ажиллаж байна. Иргэд тусгаарлах байр, хоол ундаа голох асуудал гаргахаа больсон. Харин аравдугаар сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн иргэд “Амар” зочид буудалд ажиллаж байгаа ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, өрөө хооронд холхих зөрчил гаргасан. Үүнийг шалгаж, тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хариуцлага тооцно. Мөн “Ворлд Монголиа” зочид буудалд Токиогоос ирсэн хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэж, тусгаарлалтын бүсийг зөрчсөн.


ДАВХАРДСАН ТООГООР 709 РЕЗИДЕНТ ЭМЧ ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.НАРАНТУЯА:

-Нийслэлийн хэмжээнд байгаа 45 тусгаарлах байранд 223 удаагийн 25 мянга гаруй иргэнийг тусгаарласан. Давхардсан тоогоор 709 резидент эмч дайчлагдан ажиллаж байна. Өнөөдөр 25 тусгаарлах байранд 78 резидент эмч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж