Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргын Тамгын газрын байрыг “Хүүхдийн эмнэлэг” болгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлаар өнөөдөр (2020.10.18) тус дүүргийн Засаг дарга Эрүүл мэндийн яаманд хандаж, албан бичиг хүргүүллээ. Уг бичигт томуу өвчний дэгдэлтийн үед дүүргийн эмнэлгийн ачааллыг багасгаж, богино хугацаанд эмнэлгийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг нь нээж өгөхийг хүсчээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 2011 онд ашиглалтад оржээ. Нийт 3896 мкв талбай бүхий, 62 өрөө тасалгаатай бөгөөд 100 хүүхдийн ортой эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой аж. Мөн B1 гэсэн давхартай. Байрны ойролцоо 100 гаруй автомашины зогсоолтой.
Байршлын тухайд дүүргийн төв цэг нь бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй төв эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төвүүд нэг дор байрладгаараа онцлог. Тус дүүргийн харьяанд нийт 120 мянган хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт жилд дунджаар 8000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.
Томуу өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч, эмнэлэгт хүүхдийн ор хүрэлцдэггүй тул шинээр эмнэлэг барих шаардлага тулгарч эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч шинээр хүүхдийн 100 ортой эмнэлгийг барьж ашиглалтад оруулахад дунджаар 8.3 тэрбумын өртөг шаардагдах аж.
Дүүргийн удирдлагууд дээрх зардлыг хэмнэж, богино хугацаанд эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц олсон нь Засаг даргын Тамгын газрын байраа суллаж, хүүхдийн эмнэлэг болгохоор шийдсэн явдал юм байна.
ЭМЯ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОВ УУ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.БАЯСАХ:
-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргын Тамгын газрын байрыг Хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Энэ бол ойрын хугацаанд эмнэлэгтэй болох арга зам гэж төлөөлөгчид үзсэн. Хэрэв шинээр эмнэлэг баривал хамгийн багадаа дөрвөн жил шаардлагатай. Харин Тамгын газрын байрыг тохижуулаад, эмнэлгийн зориулалттай ашиглах боломжтой.
Дүүргийн хэмжээнд 120 мянган хүүхэд бүртгэлтэй байдгийн 80 мянга орчим нь томуу өвчинд өртөмтгий 0-4 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Томуу өвчний улиралд хүүхдийн өвчлөл эрс нэмэгддэг тул эмнэлэг ачааллаа дийлдэггүй. Эмнэлгийн тусламж шаардлагатай хүүхдүүддээ 100 хувь үйлчилж, эмчилж чаддаггүй нь нууц биш.
Эмнэлгийн ор хүрэлцдэггүй учраас эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймд Засаг даргын Тамгын газрын байрыг 100 хүүхдийн ортой эмнэлэг болгоход ямар ч асуудалгүй гэж үзэж байна. Ямартай ч бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн, дараа нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч эмнэлгийн ажилчдын асуудлыг Эрүүл мэндийн яам шийдвэрлэх болов уу.
ЭМНЭЛГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛАА ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДЛЭЭ
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Х.БАТТОГТОХ:
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдөрт дунджаар 26 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Томуу өвчний дэгдэлтийн үед эмнэлэг ачааллаа дийлдэггүй, хүүхэд хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцдэггүй. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд хэвтэн эмчлүүлэх эмнэлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг бид Эрүүл мэндийн яамд уламжилсан ч найман жилийн хугацаанд шийдэгдээгүй. Бидэнд шинэ эмнэлэг байгуулах 8.3 тэрбумын өртөг байхгүй. Иймд богино хугацаанд эмнэлэгтэй болох асуудлыг бид дүүргийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж байна. Баянзүрх дүүргийн төв цэгт байрлах Засаг даргын Тамгын газрын байрыг төрийн өмчид зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа үйлчилгээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах албан бичгээ Эрүүл мэндийн яамд хүргүүллээ.
Салбарын яамнаас албан бичигтэй танилцаж, холбогдох шийдвэрээ гаргах байх. Дараа нь энэхүү объектыг албан ёсоор Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгнө. Бидний тухайд, түрээсийн байранд орж, Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байдлаар иргэддээ үйлчилнэ. Төр иргэддээ нээлттэй үйлчлэх ёстой. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгохоор ийнхүү шийдвэрлэсэн нь төрийн алба хаагчдад тансаг орд харш, тансаглал хэрэггүй. Төр иргэндээ түргэн шуурхай, ил тод, нээлттэй үйлчлэх ёстой гэдгийг төрийн байгууллагуудад уриалж, үлгэр жишээ болж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ