“Amazon” сайтыг үндэслэгч Жефф Безосын сансрын компани гариг хооронд богино зайн аяллын пуужингаа амжилттай туршчээ. Дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безос нь 2024 оноос хүмүүсийг сар руу аялуулахаар төлөвлөж байна. Түүний “Blue Origin” компанид үйлдвэрлэсэн “New Shepard” пуужин сансраас дэлхийд эргэн ирэхдээ босоогоор газардах чадвартай байхаараа онцлог аж. Үүний тулд пуужинд зориулан компьютерийн тусгай технологи, программ хангамж, мэдрэгч бүтээсэн байна.
АНУ-ын сансар судлалын агентлаг (NASA)-аас энэхүү пуужинг сар руу илгээхийн өмнө дэлхий дээр хэрхэн ажиллахыг харахыг хүссэн аж. Улмаар өчигдрийн туршилтын үеэр 18 метр өндөр “New Shepard” пуужин шүхрээ дэлгэн алгуурхан бөгөөд амжилттай газарджээ. Эхний ээлжинд тус пуужингаар дэлхийн агаар мандлаас гадагш 100 км орчим зайд аялагчдыг аваачин микро-таталцлыг мэдрэх боломж олгох юм байна.
Эх сурвалж: ВВС