Португал улсын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр /2020.10.13/ Кристиано Роналдог шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг мэдэгджээ. Роналдо өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, өөрийгөө тусгаарлаж байгаа гэв.
Өдгөө 35 настай түүний хувьд өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцсон бол өнгөрөгч Ням гаригт УЕФА Үндэстнүүдийн цомын тэмцээнд Францын шигшээ багийн эсрэг тогложээ.
Кристиано Роналдо өнөөдөр Шведийн шигшээ багийн эсрэг тоглохгүйгээс гадна ирэх Сериэ-А лигийн болон УЕФА Аваргуудын лигийн нээлтийн тоглолтыг өнжих болж байна.
Кристиано Роналдог шинэ коронавирусийн халдвар авсныг мэдсэн Португал улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бүх тоглогчоо шинэ төрлийн коронавирусийн шинжилгээнд хамруулж, бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.
Роналдо өнгөрсөн сард Шведийн шигшээ багийн эсрэг хоёр гоол оруулж, шигшээ багийн түвшинд зуун гоол оруулсан хоёр дахь тоглогч болсон. Түүний өмнө одоо гагцхүү Ираны домогт довтлогч Али Даеи 109 гоол оруулснаараа бичигдэж байна.