Н.Наагий: Би муу уран бүтээл хийхийг хүсдэггүй

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Н.Наагий: Би муу уран бүтээл хийхийг хүсдэггүй

Н.Наагий: Би муу уран бүтээл хийхийг хүсдэггүй

Хөл хорионоосоо гарсан монголчууд урлагаар цангасан мэт тоглолтын зарууд ар араасаа хөвөрсөөр. Дуулим энэхэн хорвоо дуу хуургүй бол ямар гунигтай болохыг өнгөрсөн найман сарын хөл хориотой өдрүүдээс мэдэрсэн биз. 

Хотын модод хэдийнэ шарлаж, жиндүү салхитай намрын орой түүнтэй "болзох"-оор цаг товлолоо. Товлосон цагтаа, суудаг студидээ тэр уран бүтээл дээрээ ид ажиллаад сууж байв. Удахгүй түүний бие даасан тоглолт болно. Тэр бол “Жазз Наагий”. 


-Сайхан намаржиж байна уу, Наагий. Намар хэдийнэ ирээд, хэзээ мөдгүй буцах дөхсөн энэ үед бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Таны хувьд намрын улиралд хэр “эмордог” вэ?

-“Намар бол урлаг. Бусад нь улирал юм” гэж үг байдаг шүү дээ. Миний сэтгэл намрын улиралд яагаад ч юм бэ их тогтворгүй болчихдог. Намар маш олон зүйл давхцдагаараа онцлог. Хүмүүс зунжингаа амарч зугаалсаны дараа намраас ажилдаа шамдан, шинэ он гарахаас өмнө ажлаа амжуулахыг зорьдог. 2020 он маш богинохон жил боллоо.

-Хөл хорионоос болоод уу?     

-Тийм ээ. Дэлхий нийтийн хөл хорионоос болоод. Өөрөөр хэлбэл, бидний амьдралаас нэг жилийг автоматаар үгүй болгочихсон гэж хэлж болно. Гэхдээ бас авах юмтай онцлог жил байлаа. Асар их хурдтай эдийн засаг, техник технологийн хөгжил дунд хаана нь яваагаа харах боломжийг хүмүүт олгосон жил байсан болов уу.

-Хүн төрөлхтөн хүчирхэг техник технологи эзэмшиж буй ч цар тахал, өвчин зовлон, байгалийн гамшгийн үед хэн ч биш гэдгийг мэдрүүлсэн жил болсон байх. Уран бүтээлчийн зүгээс өөртөө хэрхэн дүгнэлт хийв. Хөл хорионы үеэр амрав уу,  аль эсвэл уран бүтээл дээрээ төвлөрөв үү?

-Миний хувьд уран бүтээл дээрээ ажиллах нь ажилласан. Ер нь би олон жил ингэж амраагүй юм байна. Тэр амралтаа 2020 ондоо авлаа. Сүүлдээ ажил хийнэ гэхээр залхуу хүрээд. Яг тийм байдалд шилжихийн даваан дээр уран бүтээлдээ эргэн орлоо. Уран бүтээлч хүн  үзэгчдээсээ холдохоор онцгүй юм байна. Жишээлбэл, тайзан дээр гарах боломжгүй, үзэгчидтэйгээ амьдаар харилцах боломжгүй болохоор тайзаа бүр илүү санадаг юм байна.

Сонсогчдодоо шинэ уран бүтээлээ хүргэж, өөрөө тайзан дээр дуулмаар. Үзэгчидтэйгээ хамт хөөрмөөр, эмормоор л, тэднээсээ эрч хүч, энерги авмаар санагдсан. Бид бас  амьдрах хэрэгтэй. Миний хувьд хөл хориотой байх үед уран бүтээлдээ анхаарлаа хандуулах боломж олгосон жил байлаа.

-Санхүүгийн хувьд хэн хүнгүй л хямрал дагуулсан хүнд жил боллоо шүү дээ ?

-Маш том нөлөө үзүүлсэн. Урлагийнхан бүтэн долоо, найман сар ямар ч орлогогүй амьдарлаа. Уран бүтээл хийж мөнгө олдог хүмүүст маш хүнд туссан.

-Улсын филармонийнхон намар цагийн нээлтээ "Ганган дагшаа" тоглолтоор эхлүүлсэн. Бүтэн найман сар хөл хорионд орсны дараа тайзан дээрээ гарахад сайхан байв уу?

-Улсын филармонийн  2020 оны хамгийн анхны концерт болох “Ганган дагшаа” тоглолт амжилттай болсон. Уран бүтээлчид, үзэгчид биеэ, биеэ санасан гоё мэдрэмжийг олж мэдэрсэн. Тоглолт маань халуун дулаан алга ташилт дор болж өнгөрсөн. “Ганган дагшаа” тоглолтоор “Баянмонгол” чуулгынхан хуучны гайхамшигтай дууг орчин үед нийцүүлж, илүү гангалж хүмүүст хүргэлээ. Миний хувьд таван дуу дуулсан.  Олон сарын дараа гайхалтай мэдрэмж авсан.

-Энэ удаа бие даасан тоглолтоо  хийхээр төлөвлөсөн. Гэхдээ  яагаад тоглолтын зар түгээсэнгүй вэ.  Реклам, сурталчилгаа ч хийсэнгүй?

-Энэ удаагийн тоглолтоо маш цөөн хүнд зориулж хийхээр төлөвлөсөн. Ердөө мянган хүнд зориулсан тоглолт. 2020 оныг нам жим өнгөрөөчихөөр маш хайран санагдаад байна. Миний тоглолтыг нам суугаад үзэх биш  үзэгчид маань өөрийнхөөрөө, чөлөөтэй байж хамт дуулж, бүжиглээсэй гэж хүссэн.  Намайг, миний дууг чин сэтгэлээсээ сонсдог үзэгчидтэйгээ нэг үдэш гоё хөгжмөөр байна.

-Хүсээгүй холыг чи зорь

Хагацлын далайг чи өөрөө сорь

Хүрэхгүй сэтгэлийн хязгаарыг ол

Хөрсөн сэтгэлийг чинь хайраар асаана…  гээд таны дуунууд жинхэнэ сэтгэлийн таашаал өгч чаддаг. Хэн нэгэнд зориулмаар, хамтдаа бүжиглэмээр ч, жинхэнээсээ эмормоор.  юм шиг.?

-Баярлалаа. Уран бүтээлч хүний зорилго тэр шүү дээ. Сэтэлээсээ хийсэн хоол ямар сайхан амттай байдаг билээ. Жүжигчин хүн дүрдээ орохдоо тэр дүрээрээ амьдардаг. Яг түүн шиг сэтгэлээсээ дуулсан дуу, хийсэн уран бүтээл ямар сайхан амттай гээч. Дуугаа дуулахдаа  тэр дуундаа амьдарч, уусаж чадах юм бол хүний зүрх сэтгэлд шууд хүрдэг. Харин хэлбэр бол хэлбэр. Хэлбэр хөөх нь үзэгдэл болоод л өнгөрдөг.

Миний хувьд олон жилийн настай уран бүтээл туурвиж, хүмүүсийг уяраахыг хүсдэг. Бидний сонсох дуртай 1960, 1970-аад оны барууны сайхан дуунууд бий. Энэ дуунууд бидэндтэй ямар олон жил хамт “амьдарч”, хүн төрөлхтөнийг хэчнээн цаг хугацаа туулан хөглөж байна вэ. Би тийм луран бүтээл хийхийг эрмэлздэг. Тэрнээс бол арилжааны дуу дуулах нь надад сонин биш. Зүрх сэтгэлээсээ өөрийн гэсэн мөн чанарыг гаргаж буй уран бүтээл цөөн сонсогчтой байсан ч гэсэн маш үнэ цэнэтэй байдаг.

-Таны сонсогчдын насны хувьд?

-Сүүлийн үед миний сонсогчдын нас залуужиж байгаа. Бүр бага 1-3 насныхан миний дууг маш их сонсдог. Аав, ээж нь уйлахаар миний дууг сонсгож, тайвшруулдаг тохиолдлууд гарч байсан. Нэг настай хоёр ихэр хүүхдийн төрсөн өдөрт урилгаар дуулж байлаа. Миний тооцооллоор 25-45 насныхан миний дууг түлхүү сонсдог. Үүний 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Дуучин Наагийгийн сонсогчдын 70-80 хувь нь эмэгтэйчүүд гэлээ. Аргагүй биз. Ихэнх дуунууд нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, дотоод сэтгэл, хайр дурлалыг магтан дуулдаг шүү дээ. Эмэгтэй хүний ямар занд илүү татагддаг вэ?

-Миний хувьд эмэгтэйчүүд гэлтгүй хүний өөрийнхөөрөө байгаа занд дуртай. Тухайн хүн хэн ч байж болно. Хамгийн гол нь өөрийнхөөрөө, хүн байх нь чухал.

-Дуучин Ука таны алтан партнёр уу?

-Тийм. Дуучин Ука, Б.Баярцэцэг маань байна. Ука бид хоёр “Nature sound” студийн нэг үеийн төгсөгчид учраас илүү ойр байдаг юм. Хэн нь хэн байснаа мэддэг найзууд. Ука маань арваннэгдүгээр сарын 20-нд бие даасан тоглолтоо хийнэ. Би тоглолтод нь очиж оролцоно. Миний тоглолтод ч гэсэн Ука маань ирж, дуулна.

Хэр романтик залуу вэ. Эхнэртэйгээ хэр их болзож байна?

-Ер нь би романтик талдаа хүн болов уу. Гэхдээ энэ асуултад манай эхнэр л хариулж чадах байх. Хэн ч саад болохгүй орчинд удаан бодож төлөвлөсөн тэр болзоог хамгийн романтик болзоо гэх болов уу. Би одоо ч гэсэн эхнэртэйгээ болзоно. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулчихаад өглөөгүүр болзох үе ч бий. Хамгийн романтик болзоо бол хоёулаа хүссэн болзоо байх.

-Хөгжилтэй, авъяаслаг дуучин Наагийгийн эхнэр ямар бүсгүй байдаг бол. Манай уншигчид сонирхож байгаа л байх?

-Манай эхнэрийг Э.Энхмарал гэдэг. Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Бид гэр бүл болоод 10-аад жил болж байна. Одоо хоёр хөөрхөн охинтой. Хоёулаа учраад дөрвүүлээ болсон. Би анх “Даашка” студид ажиллаж байсан юм. Эхнэрийн маань гэр студид ойрхон учраас байнга нохойгоо салхилуулна. Тэр үед ганц нэг удаа тааралдаж, сүүлдээ “Сайн уу” гэж мэндэлдэг болсон. Тэр бүсгүй үнэхээр надад таалагдсан. Тэгээд дараа дараагийнхаа алхмуудыг хийж, шууд утсыг нь асуухаасаа илүү Hi5-ын хаягийг нь асууна. Хайртай бүсгүйтэйгээ танилцаад эр хүний 13 мэхээ хэрэглэж, авч суусан даа (инээв).

-Эхнэртээ зориулсан дуу байгаа юу?

-Би хайр дурлалын тухай дуу дуулах бүхэндээ эхнэрээ боддог, эхнэртээ зориулдаг. Хамт байсан нандин мөчөө мэдэрч, түүнийгээ дуугаараа илэрхийлдэг. . Миний “Итгэл” цомогт орсон “Амин хайр” дуу бол хайрт гэргийдээ зориулсан дуу.

– “Nature sound” студийн шилдэг төгсөгч болсноор урлагийн гараагаа эхэлсэн гэж хэлж болох уу. Уг нь та урлагийн биш, тэс өөр мэргэжилтэй хүн юм билээ?

-Тэгэлгүй яахав. Би 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи, япон хэлний ангийг төгссөний дараа продюсер Б.Дашдондог багшийнхаа студид орж байлаа. Тэр цаг мөчөөс хойш урлагийн хүн болсон. Хүний хувь тавилан хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Миний хувьд тэр үед хамгийн зөв зам руугаа эргэсэн гэж бодож байгаа. Бас зөв хүний дагасан. Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондог гэж хүн бол миний амьдралд маш том үлгэр дууриаллыг үзүүлсэн. Зөвхөн уран бүтээлчээс гадна хүн байх ёстойг ойлгуулсан.

-Танай багш одоо дэлхийн хүн болсон шүү дээ. “The Hu” хамтлаг дэлхийн алдартай рок фестивалиудад оролцож, уран бүтээлийг нь олон сая хүн харж, сонсч байна. Багштайгаа холбоотой байдаг уу?

-Холбоотой байлгүй яах вэ. Тэр хүнийг ямар мундаг уран бүтээлч вэ гэдгийг дэлхий  нийтээрээ харж байна. “The Hu” хамтлагийг дэлхийд гаргаж ирснээр Монголын уран бүтээлчдэд маш том гарцыг нээж өглөө. Энэ бол багшийн маань асар том гавьяа. Тэдний араас нь хэчнээн монгол уран бүтээлч дэлхийн тайзнаа гарахыг бид хэлж мэдэхгүй. Монгол гэх өвөрмөц дүр төрх, имижтэй хамтлагийг дэлхийн сонорт хүргэж байгаа нь үнэхээр гайхамшиг юм.

-Багш, шавь хоёрын хамтын уран бүтээл бий юу?

-Би Б.Дашдондог багшийнхаа дуулсан “Захиа” дууг дуулж цомогтоо оруулсан. Багшийн маань аялж өгсөн олон сайхан дууны санаанууд бий. Хараахан тэр дуун дээрээ ажиллаагүй байгаа. Саяхан багштайгаа хамтран ажиллах саналыг миний зүгээс тавьсан. Одоогоор багш маань “The Hu” хамтлагийн шинэ цомог дээр ажиллаж буй учраас завгүй, ажлыг нь цалгардуулах вий гээд түр хойшлуулчихсан л байна.

-Жазз урсгалыг хотын хөгжим гэдэг. Сүүлийн жилүүдэд Монголд энэ урсгал хэрхэн хөгжиж байна вэ?

-Жазз урлаг дэлхийн хөгжмийн ертөнцөд 100 гаруй жилийн өмнөөс үүсч хөгжсөн түүхтэй. Тэр цагаас энэ урсгалыг хөгжмийн мэдрэмжтэй, боловсролтой, хотын соёлтой хүмүүс сонссоор ирсэн. Энэ урсгал  Монголд утгаараа хөгжиж байна. Маш олон авьяаслаг жазз хөгжимчин, дуучин төрөн гарч ирсэн. Монгол Улсын Консерватори, Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 2014 онд Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимыг үүсгэн байгуулснаар Монголын анхны жазз хөгжмийн сургалтын төвийг байгуулсан.

Биднийг бааранд дуулж байхад уг төслийнхөн уран бүтээлчдийг олж  харсан байдаг юм. Төслийн хүрээнд залуу дуучин Э.Энхжаргал дэлхийн тэргүүлэх хөгжимчидтэй хамтран Германы алдарт “Enja Records”-д өөрийн “Mongolian song” жазз цомгоо бичүүлэн гаргаж байсан удаатай. Мөн Мөнхтэмүүлэн, Отгоо, Хүслэн гээд хөгжимчид Германд суралцаж, туршлага судалж байгаа. Тэд маань тун удахгүй эх орондоо ирэх байх.

-Таны хувьд мэдрэмжээрээ жазз урсгал руу хөтлөгдсөн үү?

-Мэдээж. Бидэнд зааж сургах сургууль байгаагүй.

-“Итгэл” дуу чинь хамгийн өндөр хандалттай уран бүтээл мөн үү. Хамгийн их эрэл хайгуул хийж, өөрийгөө зовоон байж төрүүлсэн уран бүтээл нь аль нь вэ?

-Миний дуунуудаас хамгийн өндөр хандалттай уран бүтээл бол “Итгэл”. Дараагаар нь “Чамайг хүлээнэ”, “Саран” гээд явах байх. Хүнд итгэл, урам зориг өгнө гэдэг маш сайхан мэдрэмж. Энэ дууг 6-7 сая хүн Youtube сувгаар дамжуулан сонссон. Нэг хүн хэчнээн удаа сонссоныг би мэдэхгүй. Сүүлд хийсэн “Kiss” гээд дуу бий. Намрын улиралд клипийг нь хийж, цацагдах байсан ч хараахан амжсангүй. Энэ дууг би маш олон дүр төрхөөр төсөөлж, сэтгэлийн уналт, босолт, хайр хүндлэл гэх мэт маш олон зүйл рүү хувирсан. Манай продюсер Б.Наранзуны хөгжмийн зохиол, миний дуулах мэдрэмж огтлолцож байж уран бүтээл төрдөг. Энэ дуун дээрээ хугацаа их зарцуулж, “ноцолдсон”. Зүгээр л нэг сайхан хувцастай зогсч байгаад ганган чамин дуулахаасаа илүүтэй тэр дууг зүрх сэтгэлээсээ мэдэрч дуулахыг хүсдэг.

-Тэгэхээр шинэ уран бүтээл хийе гэж яардаггүй гэсэн үг үү?

-Уран бүтээл гэдэг чинь шууд төрдөг зүйл биш. Хүн хэчнээн мөнгөтэй, сайхан хоолойтой байсан ч онгод хийморьгүй  бол сайн уран бүтээл төрөхгүй байх магадлалтай. Тэрийг уран бүтээлч хэрхэн хөглөж, бий болгодог юм бэ. Уран бүтээлч  сэтгэлээсээ баярлаж, гомдож, гуниглаж, маш олон цэг дээр сэтгэл хөдлөлөө аваачсанаар уран бүтээлийн санаа төрдөг. Нэг уран бүтээлийн ард том баг ажиллаж, бодож төлөвлөн хөрөнгө мөнгө зараад уран бүтээлийн гол санаа гарч чадахгүй бол хоосон ажил болж хувирна. Тэгэхээр өөрийгөө маш сайн хөглөж байх хэрэгтэй.

-Уран бүтээлч сайн уран бүтээл төрүүлэхээс гадна, сайн маркетингтай байж мөнгө олно. Та ингэхэд хэр маркетингтай уран бүтээлч вэ?

-Маркетинг бол ёстой муу. Гэхдээ сайн уран бүтээл, сайн дуу маркетингтай, маркетинггүй  олон нийтэд хүрчихдэг. Хүмүүст хүрэхгүй дуугаа хүчээр, мөнгө төлөөд сонсгох хэцүү л дээ. Тэртэй тэргүй явах дуу явна. Явахгүй дууг хүчлэх шаардлагагүй.

Дуучин Наагийгийн дуунууд бүгд, бүгдэд таалагдах албагүй. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүст хүрч, дор хаяж 100 мянган хүн үзэж байна. Миний хувьд хүмүүст огт хүрээгүй дуу хийсэн удаа байхгүй гэдэгт итгэлтэй байдаг даа.

-Цаашдын төлөвлөгөөг чинь сонирхож болох уу. Тоглолтынхоо дараа ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Миний дараагийн уран бүтээлүүд дандаа эрч хүчтэй байх болно. Хүмүүсийг асааж, зоригжуулсан, эрч хүч бэлэглэж, итгэл төрүүлсэн дуугаар хөглөмөөр байна. Уран бүтээлч хүний нийгэмд нөлөөлөх нөлөөлөл маш чухал байна. Нийгмийн болж бүтэхгүй зүйлсээр өөрийгөө цэнэглэж, стресстэхийн оронд хүмүүс хандлагаа өөрчилж, ямар нэгэн үйлдэл хийх ёстой.

Би өөрийнхөө хүрээлэлд ямар үлгэр дууриаллыг үзүүлж чадах вэ. Залуустаа бүтээлч сэтгэлгээ, зөв хандлагыг түгээх уран бүтээлийг хийхийг хүсч байна. Ингэхдээ зөвхөн урлагаар биш. Сошиал орчинд дуу хоолойгоо хүргэж, гарцыг хамтдаа хайцгаая. Би энэ байгаа насандаа зүгээр л нэг уран бүтээлч байхыг хүсэхгүй. Ирээдүй хойчдоо маш олон зүйл хийж үлдээмээр байна.

Тиймээ, тэр хотын дуучин. Гэхдээ түүний дууг зөвхөн хотынхон гэлтгүй бүгд сонсдог.

Сайн муу хослох нь амьдралын жам

Санан гуних нь хайрыг чинь батална

Хорвоо ертөнц чамаас нүүрээ буруулсан мэт

Хослон жаргах мөч дахин ирнэ, итгэ…. Түүний дууг амандаа аялсан шигээ намрын орой их хотын гудамжаар алхах сайхан байлаа. Түүний үдэш удахгүй ирнэ. Тэр үзэгчдээ хэрхэн хөглөх бол.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж