Ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа НӨАТ-ын хуулийг өөрчилж, эцсийн хэрэглэгчид худалдан авсан барааныхаа И-баримтыг бүртгүүлнээр урамшуулал авдаг тогтолцоо руу шилжсэн. Ингэснээр далд эдийн засгийг хумих боломжтой болсон Энэ жилээс НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болсон. Гэсэн хэдий ч үйлчилгээний зарим газрууд И-баримт өгдөггүй. Тэр тусмаа хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байдаг томоохон зах, дэлгүүрүүд “Пос машин байхгүй” гэх шалтгаанаар НӨАТ-ын баримт олгохгүй явсаар дөрвөн жил өнгөрчээ.
“Төр, хувийн байгууллагад ажилладаг хүмүүс орлогын албан татвар төлдөг. Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг хэмээн” наймаачдыг шүүмжлэх хүн олон бий.
Татварын ерөнхий газар цахим төлбөрийн QR Barimt үйлчилгээ нэвтрүүлснээр цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай хамаарахгүйгээр зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох боломжийг бүрдүүлжээ. Товчхондоо иргэн тухайн худалдагчид байх бэлэн QR кодыг уншуулахад худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд баталгаажих юм.
Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар хотын 207, хөдөө орон нутгийн 191 захуудын 24 мянган татвар төлөгчдийн 27 мянган лангуун дээр QR код байршуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд дээрх ажил дуусах шатандаа орсон” гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс томоохон, зах худалдааны төвүүдэд QR код байршуулсан эсэхийг өчигдөр /2020.10.13/ сурвалжиллаа. “Нарантуул” олон улсын худалдааны төв өчигдөр буюу Мягмар гаригт амардаг учир “Sunday plaza”, “Шөнийн зах” худалдааны төвөөр орсон юм.
Хамгийн эхэнд “Sunday plaza” худалдааны төвөөр орлоо. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсантай холбогдуулан зузаан ноосон цамц, куртка тус худалдааны төвийн лангуун дээр дэлгэгджээ. Өнгөний хувьд цагаан өнгө, биед сул, том нэвсгэрдүү харагдах загвартай куртка давамгайлж байлаа.
НАЙМААЧИД БАРААН ДЭЭРЭЭ НӨАТ-ЫН ҮНЭЭ ШИНГЭЭГЭЭД ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ
-Худалдагчаа энэ куртка хэд вэ, үнээ буулгах уу?
-Буулгана, гэхдээ үүнээс доош хямдруулахгүй гэх зэргээр худалдагч иргэн хоёрын хоорондох яриа ийнхүү эхэлнэ. Тус худалдааны төвд 20 гаруй жил наймаа эрхэлж буй Ж.Сарантуяа “Үд болж байхад хоёрхон куртка, нэг өмд зарлаа. Энэ жил худалдан авалт үнэхээр муу байна” гэсээр биднийг угтав. Тэрбээр зуны улиралд өмд, цамц зардаг бол өвлийн улиралд куртка, нэхий болон бусад зузаан хувцас зардаг байна.
Сар гаруйн өмнө Татварын Ерөнхий газраас байцаагч нар ирээд Ж.Сарантуяагийн лангууны дугаар, лавлагаа зэргийг бүртгээд явсан байна. Удалгүй QR код бүхий наалт авчирч өгчээ. Лангууны шилэн ширээний буланд наасан жижиг QR кодыг харахад нэг талаасаа будаг нь ховхорч бүдгэрчээ. Үүнээс харахад наагаад удсан нь шууд мэдэгдэх бөгөөд илүү запас QR код наалт байгааг ч Ж.Сарантуяа хэлсэн юм. Харин ихэнх иргэдийн хувьд НӨАТ-ын баримтаа нэхэх нь битгий хэл асуух ч үгүй байгаа аж.
Тэрбээр “Баримт асуусан хүмүүс QR кодон наалтыг утсан дээрээ уншуулахад л болно. Гэхдээ иргэд QR код уншуулахгүй байгаагаас харахад мэдээлэл муутай байгаа юм болов уу л гэж бодож байна. Иргэд ер нь НӨАТ-ын баримт асууж, сураглах нь ховор. Асуулаа гэхэд зарим нэг нь НӨАТ-ын үнээ хасуулаад авъя гэдэг. Үүнээс харахад иргэдийн амьдралд хөл хорио, ажилгүйдэл хүчтэй нөлөөлсөн нь илт байгаа биз. Наймаачид татвар төлж эхэлсэн учраас зарж байгаа бараан дээрээ НӨАТ-ын үнээ шингээгээд зарж эхэлсэн. Жишээлбэл, би энэ хар курткыг 65 мянган төгрөгөөр зарж байлаа гэхэд тухайн хүн НӨАТ-аа бодуулаад авъя гэвэл 3000-4000 төгрөг нэмж зарна гэсэн үг” гэлээ. “Sunday plaza” худалдааны төвийн зарим лангуунуудад QR код тараагдаагүй, хүлээгдэж байгаа бөгөөд Татварын Ерөнхий газарт бүртгүүлсэн ээлж дарааллаараа кодоо авч байгаа юм байна.
QR кодоо авсан лангуунууд шилэн ширээ, бараагаа хийдэг модон авдар, хана гэх мэтчилэн хүний нүдэнд ил, далд харагдахуйц газар наажээ.
"ЮУН НӨАТ-ЫН БАРИМТ МАНАТАЙ"
Ерөнхий дүр зургийг харвал наймаачид татвар төлж эхэлж буйдаа их л бухимдангүй байгаа бололтой. Тус худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны худалдагч “НӨАТ-ын баримт олгох пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг. Тэр нь айхтар үнэтэй. Хэрэв программ, пос машин суурилуулсан бол ихэнх наймаачид дампуурах байсан учраас худалдаж авдаггүй байсан. Иргэд наймаачдыг орлого сайтай л гэж боддог. Гэтэл жилээс жилд иргэдийн худалдан авалт муудсан. Халдварын улмаас хил хаагдсан учраас бараагаа өөрсдөө ч татаж чадахгүй, цаанаас хэлсэн үнээр нь үнэтэй авч байна. НӨАТ-ын тухайд иргэд ерөөсөө асуудаггүй. Баримт олгоод эхлэхээр барааны үнэд өөрчлөлт орно.
Бид НӨАТ-ын үнээ шингээж, хэдэн төгрөг нэмж зарахаас өөр аргагүй. Өмнө нь, одоо ч тэр иргэд худалдагч нар НӨАТ-ын арван хувь бодуулах эсэхийг тохиролцоод явж байна.
Баримт асуусан нэгэнд нь QR кодоо уншуулаад, асуухгүй нэгэнд нь бараагүй НӨАТ-ын нэмэгдэлгүй зарж байгаа. 30 мянган төгрөгийн цамцыг доош нь буулгаад 27 мянган төгрөгт зарж байхад юун НӨАТ-ын баримт манатай. НӨАТ-ын үнийг бараг хямдралд нь шингээгээд явуулчихаж байгаа биз дээ” хэмээн гурван бүсгүй ам уралдан ярьж байсан юм. Өмд зардаг өөр нэг худалдагч “2016 онд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлэх үед иргэд баримт их асуудаг байсан. Одоо бол асуудаг хүн өдрийн од шиг ховор. Манай лангууны хувьд QR кодоо хүлээж байна. Код тараагдсан бусад лангуунуудаас харахад иргэд НӨАТ-ын үнийн дүнг хасуулаад авч байх шиг байна. Хасуулаад ч болов бараагаа зарахгүй бол худалдан авалт маш муу байна. Өмнө нь орлого сайтай байх үед өдөртөө 20-30 өмд зардаг байсан бол одоо өдөртөө 2-3 өмд зарахаас өөрөөр гавихгүй байна” гэлээ.
ЗАРИМ НАЙМААЧИД QR КОДОН НААЛТАА ӨӨРСДӨӨ Ч АШИГЛАЖ МЭДЭХГҮЙ
“Шөнийн зах” худалдааны төвөөр ороход ихэнх лангуунуудад QR код бүхий наалт наажээ. Эндэхийн наймаачдын хувьд “Sunday plaza” худалдааны төвийн наймаачдын ярьсан зүйлтэй ижил “НӨАТ нь үнийн өсөлтөд нөлөөлнө” гэх зүйл ярьж байлаа. Харин зарим наймаачид QR кодон наалтаа өөрсдөө ч ашиглаж мэдэхгүй байна. Ийм байдалтай байгаа наймаачид, иргэдэд НӨАТ-ын баримт өгч байгаа нь ч эргэлзээтэй гэсэн бодол төрж байв. Тэд албаныхны нүдийг QR кодыг дуртай, дургүй наасан болоод аргалдаг бололтой.
Ямартай ч Монголд томоохонд тооцогдох хоёр худалдааны төвөөр ороход байдал ийм байна. Хэдийгээр татварын албанаас томоохон зах, худалдааны төвүүдэд QR код бүхий наалт тараасан ч дүр үзүүлсэн ажил болоод үлдэх вий гэсэн болгоомжлол төрсөн. Хотын захын хорооллын жижиг түргэн үйлчилгээний цэг хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад өдрийн орлого нь хэдэн зуун мянгаар тоологддог хүнс, барааны лангуунууд өгөхгүй байна гэдэг шударга ёсонд нийцэхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Тэд орлогоо нуух гэсэндээ юу, үнэхээр маш бага орлоготой байгаа юу, ямартай ч НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд хойрго хандацгааж байна. Борлуулалтаа нуух нь тэдэнд ч, эдийн засагт ч сөрөг үр дагавартай гэдгийг албаны хүмүүс сануулсаар.
Хэрэв таны үйлчлүүлсэн газар НӨАТ-ын баримт олгохгүй байгаа бол харьяа дүүргийн Татварын хэлтэс, эсвэл 1800-1288 дугаарт холбогдоод төлбөрийн баримт олгохгүй байгаа талаарх гомдлоо гаргах боломжтой юм. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон төлөвлөгөөт шалгалтын явцад НӨАТ-ын баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ