Улирлын чанартай томуугийн дэгдэлттэй холбоотой томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
-Цар тахлын үед хүн бүр томуугийн вакцинд хамрагдаж, ханиад томууг давах нь чухал. Вакцинжуулалтын хамрагдалт хэр байна вэ?
-Цар тахлын улмаас дэлхий дахинд томуугийн эсрэг вакцины нөөц, олдоц тийм ч хангалттай биш байна. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс томуугийн 509.500 тун вакцин хүлээн авч, иргэдээ вакцинд хамруулах дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэхүү аян үргэлжлэх арав хоногийн хугацаанд бид эхний ээлжинд эрсдэлт бүлгийн иргэдээ аравдугаар сарын 1-ний өдрөөс вакцинд хамруулсан. Эрсдэлт бүлэгт жирэмсэн эмэгтэй, өндөр настан, бага насны хүүхэд, төрийн алба хаагчид ажил мэргэжлийн шаардлагаар /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа хүчний байгууллага/ багтаж байна. Нэн ялангуяа 16 хүртэлх насны хүүхдүүд вакцинд хамрагдах шаардлагатай. Энэ жилийн хувьд вакцинд хамрагдах шаардлагатай эрсдэлт бүлгийн иргэд өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн. Ерөнхийдөө хүн амын дунд томуугийн вакцины хүлээлт их байсныг эрүүл мэндийн төвүүдийн ачааллаас харж болохоор байна. Вакцинжуулалтын арав хоног өнгөрсөн ч ХӨСҮТ болон өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал дундрахгүй байна.
-Вакцин хийлгэхдээ заавал ХӨСҮТ-д очих уу, эсвэл харьяа дүүргийн эмнэлэгт хандах уу?
-Сайн дурын дархлаажуулалтад хамрагдахад заавал ХӨСҮТ-ийг зорих шаардлагагүй. Иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд вакцин хийлгэж болно. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байна. Дээрх дурдсан бага насны хүүхдүүд, ахмадууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, бага ангийн сурагчид харьяа дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцин хийлгэнэ.
-Зарим эцэг, эх хүүхдүүддээ вакцин хийлгэдэггүй. Ер нь томуугийн вакцины ач холбогдол юунд байдаг вэ?
-Вакцин нь томуугийн халдвараас гадна хүндрэлээс сэргийлэх боломжтой. Тиймдээ ч хүүхдээ вакцинд хамруулах эцэг эхчүүдийн идэвх оролцоо жилээс жилд нэмэгдэж байна.
-Энэ жилийн хувьд вакцины үнэ нэмэгдсэн үү?
-Эрсдэлт бүлгийн хүн амд вакцин үнэ төлбөргүй. Нэн ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчинд өртөмтгий байдаг тул эн түрүүнд вакцинд хамруулах хэрэгтэй. Харин насанд хүрсэн иргэд 15 мянган төгрөгөөр сайн дурын вакцинд хамрагдаж болно. Вакцины үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй.
Б.ЦЭЦЭГ
ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭН ХАРЬЯА ДҮҮРЭГТЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТАД ҮНЭГҮЙ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетын сувилагч Б.НАРАНТУЯА:
-Улирлын чанартай томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг аравдугаар сарын сүүлчээс бага насны хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүн ч амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр. Тиймээс манай сайн дурын дархлаажуулалтын кабинет иргэдэд нээлттэй тусламж, үйлчилгээ үзүүлж, вакцинжуулалтад хамруулдаг. Вакцины үр дүн манай улсад өндөр байдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх нь чухал. Вакциныг гэнэт гаргаж ирэхгүй шүү дээ. Лабораторийн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-д өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биет агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгийг шийддэг. Энэ жилийн хувьд “Гурван цэнт вакцин” үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинж агуулсан вакцины захиалга хийж, олон нийтийг дархлаажуулалтад хамруулж байна. Манай улс жил бүр Засгийн газрын санхүүжилтээр томуугийн вакцин хийдэг. Энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан. Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг онцлогтой. Бид аюулгүй, чанартай вакцин хэрэглэж байгаа ч эргэлзэх огт шаардлагагүй гэдгийг иргэддээ хэлмээр байна.
-Томуугийн вакцинд хамрагдахын ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгвөл?
-Монголд жилд 250-300 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Эдгээрээс 200 мянга орчим хүн зайлшгүй эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэх шаардлагатай тулгардаг. Тиймээс томуугийн өвчлөл хүндрэхээс урьдчилан сэргийлж томуугийн вакцин хийлгэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Үр дүн нь мэдээж тухайн хүн халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх ач холбогдолтой.
-Иргэд хэрхэн сайн дурын дархлаажуултад хамрагдах боломжтой вэ? Зорилтот бүлгийнхэнд хэдээс хэдэн насны хүмүүс хамаарах бол?
-Бид зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийдэг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд ордог. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ-д эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг бөгөөд томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна. Хэрэв тухайн иргэн хүсвэл заавал ХӨСҮТ-д биш, өөр нэр бүхий эмнэлгүүдэд томуугийн вакцин хийлгэх боломжтой.
-ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар аравдугаар сарын эхний 10 хоногт хэчнээн хүн үйлчлүүлсэн бэ?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Манай сайн дурын дархлаажуулатын кабинет аравдугаар сарын 2-ноос 12-ны хооронд 4000 ширхэг вакцин хүлээж авснаас одоогийн байдлаар 10-15 насны 85, 16-24 насны 167, 25-49 насны 341, 50-64 насны 352, 65-аас дээш насны 82 хүнд нийт 1027 иргэнд үйлчилсэн байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцин хийхдээ ангийн багш, эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, гарын үсгээр баталгаажуулдаг гэж сонслоо?
-Энэ жилийн хувьд "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор аль болох төвлөрөл багатай байлгах үүднээс 300 гаруй цэгт томуугийн вакцин хийж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, өрх болон дүүргийн эмнэлэгт иргэд вакцинаа хийлгэх боломж бүрдүүлсэн. Хэрэв өрхийн эмнэлэгт томуугийн вакцин дууссан бол иргэд маань дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж дархлаажуулалтаа хийлгэж болно. Иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсч байна.
ТАМХИ ТАТАХ, ТАВИЛГА СОНГОЛТ ХҮРТЭЛ АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАР ТЭЭГЧ БОЛДОГ
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан О.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Томуу нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг тул ханиад томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд орчны бохирдлын асуудал давхар хөндөгддөг байгаа. Хүрээлэн байгаа орчин хүний үйл ажиллагаанаас салшгүй холбоотой байдаг. Тухайлбал, агаарын бохирдол гэвэл дотоод болон гадаад орчны бохирдол гэж ойлголт гарч ирнэ. Хүн амьдралынхаа 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчин буюу гэр, ажил, автомашин, цайны газар зэрэг байгууламжаар хүрээлэгдсэн бүх газарт ариун цэврийг сайтар сахих нь агаарын бохирдлоор ямар нэгэн нян тархах боломжийг бууруулдаг гэж ойлгож болно.
Тамхи татах, тавилга сонголт зэрэг нь бүгд дотоод орчны эрүүл ахуйтай холбогдож байгаа юм. Харин гадаад орчин буюу барилга байгууламж, хог хаягдал, утаа, оршуулгын газар зэрэгт тавих анхаарал байдаг атлаа тогтмол эрүүл ахуйг сахих хүн, нэгж байдаггүй. Тиймээс бид өөрийгөө дархлаажуулж байгаатай адилаар байгаль, хүрээлэн байгаа орчныхоо эрүүл, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол мянга вакцин хийлгэж, эм уусан ч вирус тархсаар байвал тухайн хүн халдварласаар л байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол томуугийн эсрэг вакцин аж. Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирусын тухайн улиралд зонхилон эргэлдэж буй гурван хүрээний эсрэг дархлаа тогтоодог бөгөөд жирэмсэн эмэгтэйг дархлаажуулснаар төрөх хүүхэд нь ч мөн томуу өвчний халдвараас хамгаалагддаг байна. Энэ жил манай улс ДЭМБ-аас баталгаажсан БНСУ-ын “GREEN CROSS” корпорацийн үйлдвэрлэсэн “GC FLU” (өөрөөсөө тариуртай) вакциныг нэвтрүүлээд байгаа юм байна. Дашрамд дурдахад, томуугийн вакцины үйлдвэрлэгдсэн улсад ач холбогдол өгөх шаардлагагүй болохыг мэргэжилтнүүд анхааруулсан юм. Учир нь ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бол айх зүйл байхгүй.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ