Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон цэргийн сүрт жагсаал дээр үг хэлэхдээ индэр дээр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гарч ирээд, өөрийг нь улс эх орондоо тулгарсан хүнд асуудлуудыг шийдэхээр ажиллаж байх зуур агуу их итгэл, тэвчээр, золиос гаргасан ард иргэддээ талархсанаа илэрхийлсэн билээ.

Ким Жон Ун улсаа дангаараа он удаан жил удирдахын төлөө өрсөлдөгчдөө хайр найргүй “цэвэрлэсэн” хэдий ч өөрийгөө эцэг Ким Жон Илээс илүү уламжлал төгс улс төрийн удирдагч хэмээн тодорхойлдог гэж ажиглагчид баталдаг.

Энэ сарын 10-нд болсон цэргийн сүрт жагсаал дээр үг хэлэхдээ Ким Жон Ун нулимс дуслуулан байж сүүлийн үед болсон гамшгуудын үеэр үнэнч зүтгэж, үүргээ гүйцэтгэсэн цэргүүддээ талархал илэрхийлж, амьдралын түвшинг сайжруулж чадаагүйдээ ард иргэдээсээ өршөөл хүссэн юм.

“Ким Жон Уны даруу бөгөөд илэн далангүй байдал, нулимс унагасан, эхэр татсан зэрэг нь үнэхээр ер бусын явдал байлаа. Тэр байтугай алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, сэтгэл хөдлөлөө нийтэд илэрхийлсэн нь Ким Жон Унаас хэний ч хүлээж байгаагүй зүйл боллоо” хэмээн чөлөөт судлаач, БНАСАУ-ыг ажиглагч асан Рейчел Миньюн Ли ярьжээ.

Ард түмнийхээ сэтгэлд нийцэхээр нямбайлан боловсруулсан тус илтгэл, сэтгэл хөдлөл зэрэг нь Ким Жон Уныг чадварлаг, сэтгэл татам, хүн чанартай удирдагч хэмээх имиж бүрдүүлэх үр дүнтэй арга болж чадлаа хэмээн Рейчел дүгнэж байгаа аж.

Намайг уучлаарай

Цэргийн сүрт жагсаал дээр цоо шинэ, асар том баллистик пуужингууд гарч ирэхэд нүүр дүүрэн мишээл тодруулан зогссон Ким Жон Ун үг хэлэхдээ БНАСАУ-ын эдийн засаг сэргэхгүй хэвээр байгааг олон улсын тавьж буй хориг арга хэмжээнүүд, цар тахал, сүүлийн саруудад болсон хар салхи, үерийн гамшгуудтай холбон тайлбарлав.

2011 онд эцгийнхээ залгамж халааг авч, улсын удирдагч болохдоо Ким Жон Ун эдийн засгийн өсөлтийг мөрийн хөтөлбөрийнхөө гол зорилго болгон тодорхойлж байсан билээ. Мөн тэрбээр урьд БНАСАУ-ын түүхэнд байгаагүйгээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй дотно харилцаа тогтоож, халуун дулаан үгтэй захидал солилцдог болсон юм.

Гэвч түүний олон улстай худалдаа наймаа хийх, барилга байгууламж барих болон бусад эдийн засгийн хөгжлийн төлөөх амбиц дүүрэн төлөвлөгөөнүүд нь цөмийн зэвсэг, баллистик пуужингуудын төсөл, түүнээс үүдсэн олон улсын хориг арга хэмжээнүүдэд боогдон зогсонги байдалд ороод удаж байгаа.

Түүн дээр нэмээд энэ жил БНАСАУ цар тахлаас болж бүх хилээ хаасан, хэд хэдэн хар салхи дараалан болсон, улмаар үер болж ургац хураахад хүндрэл учруулсан зэргээс болж эдийн засаг улам хүнд байдалд оржээ.

Энэ талаар ярихдаа Ким Жон Ун “Ард түмэн минь надад тэнгэр мэт өндөр, далай мэт гүн итгэл хүлээлгэн өгсөн. Гэтэл би тэр итгэлийг нь дааж чадсангүй” хэмээн хэлээд эхэр татан цааш “Би үүндээ гүнээ харамсаж байна” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон бусад тулгамдсан асуудлыг амжилттай даван туулсан нь ард түмний маш том гавьяа хэмээн тодорхойлов.

Тэрбээр “Ард түмэн маань үргэлж манай намыг дэмжиж, талархаж явдаг. Гэхдээ нам бол та бүхний төлөөлөл, бид бол та нар юм шүү. Тиймээс жинхэнэ талархал хүлээх ёстой хүмүүс бол та нар минь юм” гэж хэлсэн байна.

Ийнхүү ард иргэдэд хэтэрхий их төвлөрсөн, үзэл суртал нэвт шингэсэн илтгэл нь энэ мэт арга хэмжээн дээр эрх баригч ажилчдын намыг магтан дуулах гол тактикуудын нэг юм хэмээн Ли тодорхойлж, “Ким Жон Ун иймэрхүү илтгэл тавих нь анхнаасаа тодорхой байсан” хэмээжээ.

Хувийн хандлага

Өөрөөс нь дэндүү өөр эцэгтэй нь харьцуулбал Ким Жон Ун гадаад орнуудын удирдагчидтай улс төрийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо эхнэрээ авч явдаг, хүүхдүүдээ тэвэрч, тэдэнтэйгээ тоглож байгаа нь харагддаг, олны өмнө гарч ирэхдээ энгийн ажилчдын дунд ордог зэргээрээ ялгаатай юм.

Энэ мэт хуучирсан аргууд нь түүний эдийн засгийн төлөөх хичээл зүтгэл бага байгаад ард түмний хандах хандлагыг өөрчилж дөнгөсөн хэмээн АНУ-д төвтэй Стимсон судалгааны төвийн судлаач, БНАСАУ-ын эдийн засгийн шинжээч Бенжамин Катзефф Силберштейн хэлжээ.

Тэрбээр “Ким гамшгийн дараах сэргээн босголтын ажил болон бусад ижил төстэй арга хэмжээнүүд дээр ихэвчлэн өөрийн биеэр очиж, түүнийгээ хэвлэлээр дамжуулан бүх хүнд харуулдаг. Мөн маш олон тооны сэргээн босголт, барилгажуулалтын талаар бэлгэ тэмдэг бүхий төслүүдийг нэн тэргүүнд тавьснаараа эдийн засаг сайжирч байгаа мэт харагдуулдаг” хэмээн тайлбарласан байна.

Хэдий Ким Жон Ун үнэхээр зах зээлийг дэмжих анхан шатны алхмууд хийсэн ч чухам улсын хөгжлийн тал дээр эцэг, өвөө нараасаа илүү гарч чадаагүй хэмээн Силберштейн үздэг аж.

Харин НҮБ-аас БНАСАУ Ким Жон Уны удирдлага дор үндсэн эрх чөлөөнөөсөө улам холдож, улс төрийн шоронг хэвээр хадгалж, иргэдийг хатуу чанга хянадаг тогтолцоо үргэлжилсээр ирлээ хэмээн мэдэгдсэн аж.

Ким Жон Ун ард иргэдээ нэгдүгээр сард болсон, дараагийн таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэх конгрессоос өмнө өдгөө биелээгүй үлдсэн эдийн засгийн зорилгуудаа биелүүлэх найм хоногийн “Хурдны аян”-д уриалсан байна.

Харин Силберштейн энэ мэт илүү цагийн, сайн дурын нэмэлт хөдөлмөрийг зарим иргэд өдөр тутмын амьдралын хамгийн ядаргаатай, стресстэй хэсэг хэмээн тодорхойлдгийг баталжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
21
ХарамсалтайХарамсалтай
19
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж