Мексикт Зика вирусын халдвартай эхээс эрүүл хүүхэд төржээ. Мексикийн өмнөд хэсгийн Чьяпас мужид Зика вирусын халдвартай эх 2.8 кг эрүүл хүү төрүүлсэн байна. Мексикт түүнээс гадна таван жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авсан байгаа аж. Бусад таван эмэгтэйн биеийн байдал хэвийн, эмч нарын хяналтад байгаа аж. Хоёр эмэгтэй нь жирэмсний 28 дахь долоо хоногтоо хүрсэн бөгөөд ургийн толгойн хэмжээ хэвийн байгаа гэнэ.
Мексикт 80 хүн Зика вирусын халдвар авсан нь тогтоогдсоноос 45 нь өмнөд Чьяпас мужийн оршин суугчид аж. Мексикт жилд 600 орчим жижиг толгойтой хүүхэд төрөх эмгэг ажиглагддаг бөгөөд Зикагийн халдвар гарснаас хойш тоо нь нэмэгдээгүй байна.
Зика вирусын халдварын голомт Бразильд өнгөрсөн аравдугаар сараас хойш 508 жижиг толгойтой хүүхэд төржээ. Зика вирус Латин Америк болон Карибын 20 гаруй оронд тархаж 1.5 сая хүн халдвар аваад байна. Эдгээрээс Колумбад хамгийн олон буюу 6000 гаруй жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Зика вирусын халдвар жирэмсэн эхэд халдсанаар жижиг толгойтой оюуны хомсдолтой хүүхэд төрдөг байна.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА