Монголд эмчлэх боломжгүй 27 өвчин бий. 2017 оноос өмнө 39 байснаас 12-ыг нь эх орондоо анагаадаг болж, дээрх тоонд хүргэсэн. Жилдээ 100 орчим хүн эх орондоо эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаад орныг зорьдог аж. Гадаад улсад өвчнөө эмчлүүлэх өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Гадагшаа эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор дээрх 27 өвчний тоог дахин бууруулахаар ажиллаж байгааг салбарын сайд нь мэдэгдсэн.
Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг саяхан БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хөндсөн. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Эрсдэлийн сангаас эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэн тус бүрт 100 сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх боломж бүрэн бийг тодотгоод, уг асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг анхаарч ажиллахыг хүссэн. Одоогоор тус сангаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 5 сая төгрөг олгодог байна.
Тиймээс энэ долоо хоногийн VS буланд уг асуудлаар талуудын байр суурийг хүргэж байна.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:
Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39 нэр төрлийн өвчний жагсаалт 27 болсон. Нийгмийн сүлжээнд эмчилгээний зардал мөнгө гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа.
Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Гадагш явж эмчлүүлэх асуудалд бид анхаарал хандуулж байна. Бид гадагш явах бус Монголдоо эмчлүүлэх боломжийг хангах асуудлыг судалж, гаднын туршлагатай эмч, сувилагч нарыг Монголд авч ирэхэд илүү анхаарч байна. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байгаа.
Холбоотой мэдээ