Хэвлэлийн эрх чөлөөний төлөө соргог, идэвхтэй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө соргог, идэвхтэй байхыг уриаллаа

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө соргог, идэвхтэй байхыг уриаллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна. 

Цар тахлын үед эрх баригчдаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн редакцуудын өдөр тутмын үйл ажиллагаа, агуулга, редакцын хараат бус байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Энэ нь хэвлэлээр түгээж буй мэдээлэлд төр засгийн мэдээлэл илтэд давамгайлах болсон, мөн төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч/албанаас гаргасан мэдээллийг л цор ганц найдвартай эх сурвалж хэмээн хязгаарлаж, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх боломжийг хязгаарлаж байгаа зэргээр баталгаажиж байна.

Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд батлагдсан зарим хуулийн заалт, нэмэлт журам нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай төдийгүй, мэдээлэл авах, түгээх сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа явдал хэмээн дүгнэлээ. Эдгээр нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.13, 13.3, 14.2 дахь заалтууд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.13 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалт, ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” мөн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт зэрэг болно.

Дээр дурдсан хуулийн заалтууд нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй”, “Төрийн байгууллага өөрийн дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж, чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.

Ийнхүү хууль зөрчин хэвлэлийн эрх чөлөөнд халтай хууль батлахгүй байхыг хууль тогтоогч, бодлого боловсруулагч нарт анхааруулж, улмаар шинээр батлагдаж буй хуулийн төслүүдэд соргог байж, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй дуу хоолой нь байх үүргээ ухамсарлаж ажиллахыг нийт сэтгүүлчид, редакцууддаа уриалж байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн редакц, сэтгүүлчид улс оронд өрнөж буй үйл явдлуудын талаар мэдээлэхдээ олон талын эх сурвалжийн байр суурь, үзэл бодлыг түгээх нь олон ургальч хараат бус сэтгүүл зүйн суурь зарчим мөн. Иймд сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдийн үнэнийг мэдэх эрхийг нэгдүгээрт тавьж, олон талын эх сурвалжаар баталгаажсан мэдээлэл бэлтгэх зорилгоо ухамсарлахын зэрэгцээ баталгаатай бус мэдээлэл түгээхээс сэргийлж, мэдээллийг нягтлан шалгадаг ур чадвараа улам хөгжүүлэх, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг чанд мөрдөн ажиллахыг нийт сэтгүүлчдэдээ дахин уриалъя.

Сэтгүүлчид мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйгээ баримталдаг, хуурамч мэдээллийн эсрэг, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг байхын тулд салбарын эвсэл холбоод хийгээд сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж, эдгээр асуудлыг цогцоор нь харсан, олон талын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль боловсруулагчид болон төр засгийн байгууллагуудад саналаа нэгтгэн хүргүүлэх хэрэгцээ байгааг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцлон тэмдэглэж байна.

 

2020.10.02, Улаанбаатар хот

“Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт 

редакторуудын зөвлөлдөх уулзалтад оролцогчид

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж