Бүсгүйчүүд гэрлэхээр Өмнөд Солонгосыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд гэрлэхээр Өмнөд Солонгосыг зорьж байна

30 минут ярилцсаны дараа Ле түүний эхнэр нь болох болно гэж шийдсэн талаар “Associated Press” агентлаг дамжууллаа. Ле болон өөр гурван залуухан Вьетнам эмэгтэйг хууль бусаар гэрлэлт зуучлагчид Хо Ши Минь хотод Өмнөд Солонгосын хоёр эрэгтэйд танилцуулсан юм. Эрчүүд сонголтоо хийснээс гурав хоногийн дараа 25 настай Ле хуримаа хийсэн юм. Бичиг цаасны ажил дууссан дараа тэрээр Вьетнамын өмнөд нутагт байдаг фермийн ядуу амьдралаа хойноо үлдээн Өмнөд Солонгост амьдрахаар эх орноосоо явсан. Тэрээр түүн шиг замаар явсан олон арван мянган Вьетнам эмэгтэйчүүдийн нэг юм. “Гэр бүл маань эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байсан болохоор би явсан юм” гэж Ле ярьсан. Түүний эцэг эх нь сард хоёр сая донгоос (108 ам.доллар) бага орлого олдог, харин түүний нөхөр нь гэрлэхийнхээ өмнө түүний гэр бүлд түүнээс тав дахин их мөнгө өгсөн байна. Харин дараа нь мөнгө өгөхөө зогсчээ. Учир нь Легийн Өмнөд Солонгост очоод сайхан амьдрах мөрөөдөл нь гүйцэд биелсэнгүй. “Намайг зодоогүй, гэхдээ намайг бүхэл өдөржингөө түгждэг. Нөхөр маань байнга надруу хашгирч загнадаг” хэмээн нэрээ бүтнээр нь овогтой нь хэлэлгүй, зөвхөн өөрийн нэрийг хэлсэн Ле ярьсан.

Тэрээр гадаад хүмүүсийн эхнэр болохоор бодож байгаа болон хүндрэлтэй тулаад нутагруугаа “төрхөмдөө буцаж ирсэн” эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг Эмэгтэйчүүдийн эвлэлийн төвийн ажилтанд ийнхүү ярьсан байна. Ле нөхрийнхөө гэрээс зугатсныхаа бараа баривчлагдсан бөгөөд Винх Лонг мужид байдаг Меконг Дельта дахь гэртээ хүрч ирсэн байна. Ле бол 2004-2009 оны хооронд Өмнөд Солонгосын эрчүүлтэй гэрлэсэн 40,000 Вьетнам эмэгтэйн төлөөлөл гэж судлаачид ярьж байна.

Зүүн өмнөд Азийн эрчүүд, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Тайваний эрчүүд гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэх нь улам бүр их болж байгаа. Үүнд төрөлх нутагт нь эмэгтэйчүүд гэрлэж, гэр бүлийн уламжлалт үүрэг хүлээх хүсэлгүй болж байгаа нь нөлөөлж байна гэж Канадын Баруун Онтариогийн Их Сургуулийн судлаач Даниеле Белангер ярьж байна. Албан ёсны тоо баримтаас үзвэл 2009 онд Өмнөд Солонгосын 7,249 эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Вьетнамд Өмнөд Солонгосын ТВ-ийн шоунууд нэлээд өргөн гарж, олон хүмүүс үздэг бөгөөд энэ нь охид эмэгтэйчүүдийг Солонгосын соёлтой танилцуулдаг ба илүү дээр амьдрал хөөн Өмнөд Солонгосыг сонгоход нөлөөлдөг байна. Өмнөд Солонгос явах сонирхолтой эмэгтэйчүүдийн ихэнх нь ядууралд нэрвэгдсэн, боловсрол багатай Меконг Делта зэрэг хөдөө нутгийн эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд хуучнаар Сайгон буюу Хо Ши Минь Хотод байдаг хууль бус гэрлэлт зуучлагчдад ханддаг байна. Вьетнам судлаач Гианг Линхийн Кан То мужийн Дельта хотод хийсэн судалгаагаар зарим Вьетнам бэрүүд гэрлүүгээ жилд 3,000 гаруй ам.доллар илгээдэг бөгөөд энэ нь Вьетнамын нэг хүнд ноогдох орлогоос бараг гурав дахин их юм. Гэвч үүний хажуугаар зарим бэрүүд хуурамч сурталчилгаанаас болж өмч хөрөнгөгүй, өвчтэй, архичин, тэвчихэд хүнд зан авиртай хүмүүстэй сууж байна гэж нийгмийн идэвхтнүүд ярьж байна.

Энэ оны долоодугаар сард Вьетнамаас ирсэн бэр 20 настай Тач Ти Хоанг Нгок нас барсны дараа Сеул олон улсын гэрлэлт, танилцах, зуучлах явдалд шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулж байгаагаа зарласан. Талийгаачийг Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт байдаг Бусан хотод амьдардаг шинэхэн суусан нөхөр дээрээ ирээд наймхан хоноод байхдаа зодуулж, хутгалуулж нас барсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн. Эхнэрээ алсан хүн “эхнэртэйгээ хэрэлдэх үед нэгэн сүнс шиг хоолой эхнэрээ ал гэж шаардаад байсан” гэж цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 2005 оны 7 сараас хойш 57 удаа шизофренигээр эмчлүүлж байсан байна. Энэ талаар “Үүний шалтгаан нь гэрлэлтийг хууль бусаар лицензгүй хүмүүс зуучилж байгаатай холбоотой хэдий ч аль гэрлэлт нь хууль бусаар зуучлагдсан бэ гэдгийг олж тогтооход хэцүү байна” гэж Вьетнамын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Тайвань гадаад нөхөр хайсан Вьетнам эмэгтэйчүүдийн нэг сонголт байсан. 1990-ээд оноос хойш Тайваньд 100,000 гаруй Вьетнам эмэгтэй гэрлэлтээ бүртгүүлээд байна. Харин сүүлийн жилүүдэд Тайвань бичиг баримтын хяналт, шалгуураа чангатгасантай холбоотойгоор Вьетнам эмэгтэйчүүд Өмнөд Солонгосыг сонгодог болоод байна. “Одоо бол Өмнөд Солонгос гол очих эцсийн буудал нь болж байна” гэж Тайванийн Сун Ят-Сены Үндэсний Их Сургуулийн Социологийн Градюэт Институтын захирал Хонг-зен Ванг ярьж байна.

Вьетнамаас авчирсан эхнэрээ боолчилж, тарчлаан зовоож байсан гэх мэт хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарсны дараа өнгөрсөн жилээс Тайвань арилжааны зорилгоор олон улсад танилцуулж, зуучлах үйчлчилгээнүүдийг хориглосон байна. “Хөндлөнгийн зуучлагчаар дамжуулж танилцуулж, гэрлэх нь зохион байгуулалттай хүнд нөхцөл, гэмт хэргийн золиос болоход хүрдэг гэж ойлгож болохгүй. Гэхдээ тийм эрсдэл байгааг үгүйсгэхгүй” гэж Белангер ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж