УИХ ажил хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

УИХ ажил хаялт зарлав

УИХ ажил хаялт зарлав

Монголын парламентын түүхэнд өмнө нь хууль тогтоогчид  орон нутгийн сонгуульд ажиллахын тулд УИХ-ынхаа ажлыг гацаасан түүх үгүй. Гэвч МАН ийм муу түүхийг бичлээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн ирцийн асуудалтай тулсан УИХ-ын ажил Баасан гаригт цонхолж, өчигдрөөс шинэ долоо хоног эхэлсэн ч нөхцөл байдал дээрдсэнгүй.

Өнөөдөр товлогдсон байсан хоёр ч байнгын хорооны хуралдаан ирцгүйгээс хойшиллоо. Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус бүр хойшлоод буй. Энэ янзаар бол УИХ-ын үйл ажиллагаа ирэх Баасан гаригаас жигдрэх эсэх ч эргэлзээтэй болов.

Учир нь орон нутгийн сонгуульд аль нам хамгийн олон суудал авах вэ гэдгийг шийдвэрлэх санал хураалт ирэх Пүрэв гаригт буюу аравдугаар сарын 15-нд болно.  Энэ өдөр бүх нийтээр амрах тул УИХ мөн ажиллахгүй. Харин маргааш нь буюу Баасан гариг ажлын өдөр ч сонгуулийн дүн хэрхэн гарснаас хамаарч, УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэх эсэх шалтгаалах болоод байна.

Уг нь УИХ-д МАН 62 суудал эзэгнэж буй. Байнгын хороо нь 19 гишүүнээс бүрддэг. Хуульд зааснаар Байнгын хорооны хурал зарлагдахад хамгийн багадаа 10 гишүүн ирэхэд ирц  50 хувийн босго давж, хуулийн төслийг хэлэлцэх боломжтой  болдог. Харин өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн ч оролцох боломжгүй байгаа нь хууль  тогтоогчид тэр дундаа эрх баригчид УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн хайнга хандаж буйн нотолгоо юм.

Ардчилсан нам эрх барьж байсан 2012-2016 онд тухайн үеийн эрх баригч нам парламентад 34,  МАН 26, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 11, Иргэний зориг ногоон нам хоёр, бие даагч гурван гишүүнтэй байхад  УИХ-ын үйл ажиллагаа ирцгүйгээс саатах тохиолдол гарсан ч ихэвчлэн төслүүд дээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн байр суурь зөрүүтэйгээс ойлголцох, зөвшилцөх шаардлага тулгардаг байсан. Ардчилсан засаглалтай оронд энэ бол байх, эрүүл үзэгдэл.

Нөгөө талдаа тэр үеийн УИХ-ыг  өнөөдрийн парламенттай харьцуулахад  газар тэнгэр шиг том ялгаа бий.  Учир нь З.Энхболдын танхимыг таван намын төлөөлөл бүрдүүлж байв.

Н.Энхбаярын дохиогоор МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар нийтэд нь завсарлага авахад УИХ яаж ч чардайгаад ажлаа үргэлжлүүлэх боломж хомс байв.  Дээр нь өнөөдрийн эрх баригчид болох МАН мөн ирцээр “бойкот” хийж, эрх баригчдыг чангална. Бие даагчид бас амар заяа үзүүлэхгүй.  Нэгэнтэй нь зөвшилцөөд хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжүүлэх болоход үлдсэн тал нь зөрж шантааж хийнэ.  Гал дундуур явсан парламент гэвэл З.Энхболдын танхим.  Засгийн газраар нь барьцаа хийн,  УИХ-ын үйл ажиллагааг доголдуулах операци ажиллагаа явуулдаг байв. Гэсэн ч энэ парламент бүхнийг зөвшилцлийн шугамаар, ардчиллын зарчмаар шийдэхийн төлөө явсан.  Алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Гэлээ гэхдээ өнөөдрийнх шиг орно нутгийн сонгуульд зориулж, ажлаа тасалсан тохиолдол үгүй.

Харин  өнөөдрийн парламентыг  нэг нам дангаараа шахам бүрдүүлж байж, хэлэлцэх төслүүдээ хойш тавиад орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийн, ажлаа тасална гэдэг бол ёс зүйгүй үйлдэл.

УИХ-ын гишүүдийн үндсэн ажил бол хуулийн төслүүд дээр ажиллаж, хэрэгжиж буй хуульдаа хяналт тавих болохоос биш аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хэн сонгогдохыг зааж, зөвлөдөг улс төрийн зааварлагч биш.  Хэрвээ  хууль батлах сонирхолгүй, анхан шатны нэгжүүдэд ажиллах сонирхол байсан юм бол яах гэж УИХ-д сонгогдов.

УИХ-д хуулийн төсөл дээр ажиллах хүн хэрэгтэй болохоос биш ажил хийдүүлэгч, суудлын бөглөөс хэрэггүй.

Шинэ парламентад хийх ажил ч олон байна. Монгол Улсын 2021 оны төсвийн төсөл, 2021 онд баримтлах Төрийн мөнгөний бодлогуудаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулж, шинэчлэх шаардлагатай олон төсөл шилээ даран хүлээгдэж байна.

УИХ-ын намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар хийх ажлынхаа тухай танилцуулахдаа нийт 140 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хэлсэн үгээ өөрөө ч мартав бололтой, "Хүннү эйр" компанийн онгоцны нислэгийг гурван цаг гацаан, хүнд өвчтэй хүмүүсийг ч хөлдөө чирэн, орон нутгийн сонгуулийн ажил хийж явах гэж…

Парламентын түүхэнд ийм УИХ-ын дарга ч байгаагүй байх шүү. Орон нутагт ажиллах нэрээр үндсэн ажлаа хийдүүлэн, онгоц гацааж олон түмнийг чирэгдүүлж явахаар ирцээ бүрдүүлж, ажлаа хийхэд анхааръя, УИХ-ын дарга аа. Улс орон хэцүүдлээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж