"Зөрчлийн 16 мянган гаруй хэрэгт шийтгэл оногдуулсан"

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

"Зөрчлийн 16 мянган гаруй хэрэгт шийтгэл оногдуулсан"

"Зөрчлийн 16 мянган гаруй хэрэгт шийтгэл оногдуулсан"

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.10.13/ өөрийн байрандаа “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зарлаж, 2020 оны III улиралд шүүхээр шийдвэрлэсэн хэргийн шүүн таслах ажлын дүн мэдээ болон Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”ийн талаар танилцууллаа.


 Монгол Улсын шүүх 2020 оны гуравдугаар улиралд 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс анхан шатны шүүхүүд эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 хэрэг нийт 53850 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 16635 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 10701 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан байна. Мөн 729 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө суллах шийдвэр гаргаж, 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1543 хүний цагдан хорих хугацаа сунгасан гэдгийг албаныхан мэдээллээ.

 “ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 27 МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВСАН”

Хэвлэлийн хурлын үеэр Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Орон нутгийн сонгуультай холбоотой хэрэг маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлэж буй хэчнээн тохиолдол байна вэ?

-Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа. Тийм учраас улс төрийн өнгө аястай мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд нийт 27 маргааныг шүүхийн байгууллага хүлээн авч, хоёр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Бусад маргаан нь шүүхийн шатанд явж байна. Тодруулбал, Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн Д.Эрдэнэбат, Ц.Уугантуяа нар байна.

Тус дүүргийн Сонгуулийн хорооноос есдүгээр сарын 21-нд 16 дугаар тогтоолыг гаргаж, хоёр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, хоёр  нэр дэвшигч гомдол гаргасны дагуу шүүхийн шийдвэр гарсан. Одоо энэ нэр дэвшигчид Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшиж байгаа. Мөн ХҮН-тай холбоотой асуудал гарсан. Тагнуулын ерөнхий газраас хуурамч тамга тэмдэг байсныг нотолсон учраас шүүх шийдвэрээ цуцалсан. Одоо ХҮН-ын нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан зургаан ч хүн анхан шатны шүүхээс ял авсан. Одоо хэргүүд нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Та бүхний мэдэж байгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын  шүүх хуралдаан болж, анхан шатны шийдвэрүүд гарсан. Хэрэгт оролцогчид хуулийн хугацаандаа давж заалдсан. Давж заалдах шатны шүүх болж, хоёр гишүүний анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.  УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын хэрэг давж заалдаад, давж заалдах шатны шүүх дээр материал нь ирсэн. Хянагдах шатандаа явж байгаа. Одоогоор шүүх хуралдааны тов нь хараахан гараагүй байна. Г.Солтаны хэргийн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэмээд 7.8 сая төгрөгийн торгууль гаргуулахаар шүүхийн байгууллага шийдвэрлэсэн. Сангийн сайд асан С.Баярцогтын  давж заалдах шатны гомдлыг шүүх аравдугаар сарын 1-нд хүлээн авч, хянаж байгаа. Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох анхан шатны шүүх хуралдаан эрүүл мэндийн шалтгаанаар нэг удаа, өмгөөлөгч нь  бас хэд хэдэн удаа шүүх хуралдаан давхацсан гэдэг шалтгаанаар хойшлуулж, аравдугаар сарын 23-нд шинээр тов гаргасан.

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан боллоо. Өмгөөлөгчөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргаж, шүүхийн байгууллага хүсэлтийг хүлээн авч, хойшлууллаа. “Жаст” группын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн авсан мэдээллээр эд мөрийн баримттай шүүх танилцаж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр шийдэгдэх болов уу.

Хурлын үеэр Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан “Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 729 хэргээр буюу 7.2 хувиар, иргэний хэрэг 11402 хэргээр буюу 37.4 хувиар тус тус өссөн бол захиргааны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 60 хэргээр буюу 5.1 хувиар буурсан. Давж заалдах шатны шүүх 2020 оны гуравдугаар улиралд эрүүгийн 2122, зөрчлийн 284, иргэний 2751, захиргааны 983 хэрэг, нийт 6140 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан” гэв.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БАГА ЗЭРЭГ БУУРЧ, МАНСУУРАХ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

Хүнийг алах, залилах, мал хулгайлах,  мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахууль авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй гарчээ. Харин авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25 хэргээр буюу гурван хувиар буурсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.

  • Хүнийг алах гэмт хэрэг 25 хэргээр буюу 14.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 28 хэргээр буюу 10.0 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 10.3 хувиар,
  • Хүчиндэх гэмт 18 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 20.8 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 144 хэргээр буюу 30.3 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 46.8 хувиар,
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 30 хэргээр буюу 2.6 дахин,
  • Хахууль авах гэмт хэрэг 10 хэргээр буюу 55.6 хувиар,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 12 хэргээр буюу 12 дахин,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 4 дахин,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 160 хэргээр буюу 87.4 хувиар тус тус өссөн байна.

ШҮҮХ ТОРГОХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖ, ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО ӨСӨВ

 Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Э.Ганцэцэг “Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 5949 хүн, гурван хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1901 хүн, хорих ялаар 2851 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 1.7 хувиар буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.7 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 25.1 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.

Улсын хэмжээнд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 41 хүнээр буюу 2.8 хувиар буурсан бол цагдан хорихоос татгалзсан хүний тоо 16 хүнээр буюу 5.9 хувиар өссөн байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 28 хүнээр буюу 16.8 хувиар буурсан” дүнтэй байгааг танилцууллаа.

 ШҮҮХЭЭС ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 23.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд харьяаллын дагуу зөрчлийн 16635 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 686 шийдвэрийг хянасан байна. Таван хуулийн этгээд, 2086 хүнд торгох шийтгэл, 14411 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 374 зөрчлийг хянан шийдвэрлэж 200 хэрэгт буюу 53.5 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 82 зөрчлийн хэрэгт буюу 21.9 хувьд нь өөрчлөлт оруулж, 92 хэрэгт буюу 24.6 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж