Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын АЛДАА

Х.Баттулгын АЛДАА

Ирэх Пүрэв гаригт улс даяар нэгэн зэрэг болох орон нутгийн сонгуульд хэн ялах, аль нам олонх болох нь тодорхой болно. Үүрэг гүйцэтгэгчдээр удирдуулсан Ардчилсан намын нэр дэвшигчид өөрийнхөө бор зүрхээр өрсөлдөж буй бол эсрэгээрээ эрх баригч  Ардын нам бүх хүч, хөрөнгөө хаяж байна. УИХ дахь МАН-ын гишүүд хөдөө, орон нутагт мөлхөө сурталчилгаа хийх болсноос чуулган ч цагтаа хуралдаж чадахаа болив. МАН зуун жил дээрээ төрийн бүх эрх мэдлийг гартаа авахаар шийджээ. У.Хүрэлсүхэд, МАН-д ийм том эрх мэдэл олгосон  хүн бол Ерөнхийлөгч өөрөө юм.

Орон нутгийн сонгуульд гуравдагч намуудыг нэгтгэж, эвсэл болгосон нь АН-ын саналыг хуваалцахаас болгоомжилсон Ерөнхийлөгчийн стратеги байв. Энэ стратеги амжилттай хэрэгжвэл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахыг хүссэн ч биз.  Тиймээс өөрийнх нь хүсэлтэд “татгалзсан” ХҮН-ыг нийслэлд өрсөлдөх боломжийг нь шүүхээр хязгаарлаж өгсөн ч “үр дүн” муутай нүүдэл болсон.  Эсрэгээрээ МАН-ын хувьд АН-ын саналаас хуваалцах улс төрийн нам бол ХҮН байсан. ХҮН-ынхны сонгогдох, сонгох эрхийг хүндэтгэсэндээ МАН тэднийг дэмжээд байгаа юм биш л дээ.

Нэг.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулга У.Хүрэлсүхийг эрх мэдэлд хүргэж, “эвэр ургуулж” өгсөн нь өөрийнх нь хамгийн том алдаа байв. Чухамдаа 2017 оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болсон бөгөөд хожмоо өөрийнх нь гол өрсөлдөгч болно гэж Х.Баттулга зүүдлээгүй ч биз.

Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах, кноп дарахдаа АН улс төрийн тавцангаас бүр мөсөн авч хаях хүч, бяр У.Хүрэлсүхэд өгч байгаагаа төсөөлөөгүй нь тэдний алдаа байв.  У.Хүрэлсүх АН-ын богино зайны улс төр, Х.Баттулгын том амбиц дээр тоглож хүссэн суудал, хүссэн эрх мэдлээ ч авч чадсан.

Хэрэвзээ АН болоод Х.Баттулга М.Энхболдыг улс төрөөс хөөхөд У.Хүрэлсүхэд дэмжлэг, боломж олгоогүй бол МАН ингэтлээ мандан бадрахгүй байсан.

Өннөрсөн УИХ-ын сонгуульд МАН-ынхан М.Энхболдтойгоо орсон бол Ардчилсан нам ялахгүй юм аа гэхэд Ардын нам үнэмлэхүй олонх болж чадахгүй байлаа. Юу үнэн гэвэл энэ үнэн. Үнэндээ өнгөрсөн зуны сонгуульд МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн нэр нүүр.  Улстөрчийнхөө рейтингээр У.Хүрэлсүхийн өмнө гишгэх хүн өдгөө Монголд алга. Эрх мэдлээрээ ч  У.Хүрэлсүхийг давах хүн байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт түүнд үнэмлэхүй эрх мэдэл  өгчихлөө.

Эсрэгээрээ Х.Баттулгын рейтинг анх гарч ирсэнтэйгээ харьцуулах юм бол нэлээд унасан. ҮАБЗ-өөс хууль, шүүхийг авна гэж Г.Занданшатар зарласан нь өөрт нь хамаатуулж хэлсэн үг юм. ШХАБ-д элсэх, цаазын ялыг сэргээх амбицаас нь эхлээд Ардчилсан намын зүстэй болгоныг барьж аваад шоронд хийсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хасах оноо цуглуулж, М.Энхболдыг огцруулж, жаран тэрбумынхныг намаасаа болон улс төрөөс шахсан нь У.Хүрэлсүхэд эерэг оноо авч ирсэн.

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга сайндаа биш М.Энхболд муудаа ялагдсан. Тиймээс М.Энхболдтой нь МАН-ыг “хадах” тусмаа дотоод хагарал нь тэднийг хүссэн, ч эс хүссэн ч УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээлгэх байв. Х.Баттулга ердөө уулын орой дээрээс М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зодооныг хараад сууж байхад  хоёулаа унаж байсан газар. Даанч, Х.Баттулга үүнийг олж хараагүй, тооцоогүй, У.Хүрэлсүхийг барьсан гараа тавихгүй гэж бодсон нь түүний алдаа байв.

Хоёр.

УИХ-ын 2020 оны сонгуульд  Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын талд ажилласан гэж хэлж болно. Зөвлөх туслахаасаа эхлээд авааль эхнэрээ хүртэл УИХ-д өрсөлдүүлж, Ардчилсан намын саналаас хуваах аргыг сайн ашигласан. С.Эрдэнээс Ардчилсан намыг авахын тулд У.Хүрэлсүхийн намд “тусалсан” нь Х.Баттулгын хувьд ёстой “мэхт мэхэндээ” болсон гэсэн үг. Өмнөх парламентын гишүүдийг ЖДҮ, жаран тэрбумаар нь барьцаалж, өөрийнхөө хүссэн болгоныг гүйцэлдүүлж явсан Х.Баттулгын  үгийг Ардын намын П.Анужин хүртэл шоолоод, шоглоод сууж байгаа нь өөрийнх нь сонгосон тавилан юм даа.

Дээр нь С.Эрдэнийг гэмт хэрэгт холбогдуулж, экс Тамгын газрын дарга З.Энхболдыгоо С1-ээр гөвүүлж, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Болор, Д.Эрдэнэбат гээд Ардчилсан намын гишүүдийг албан тушаалын хэргээр яллаж Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Н.Золжаргал нарыг шүүхийн өмнө дуудсан нь Ардын намд ашигтайгаар туссан. Өнгөрсөн зуны сонгуулиар Ардын нам 62 кноп авсан нь Х.Баттулга  Ардчилсан намынхныг хууль, шүүхийнхэнтэй нийлж  баривчилж, хар пиараар балбаж, иргэдийн тархийг угаасны гавъяа ч гэх үү, гай ч гэх үү. Өнөөдөр Ардчилсан намын лидерүүд намаа зөнд нь хаясан нь Х.Баттулгын хувийн компани болох вий гэснээс болгоомжилсных ч байх.

Гурав.

Орон нутгийн сонгуулиа Х.Баттулга нь авна уу, У.Хүрэлсүх нь авна уу хамаагүй гэх шиг, АН-ын лидерүүд энэ удаагийн сонгуульд оролцоо, дэмжлэг муутай байна. УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намыг авах ажиллагаагаа эхлүүлсэн Х.Баттулгыг дэмжих лидер бараг байсангүй. Учир нь, Х.Баттулга 2012 оноос тоолбол, өнгөрсөн найман жил Ардчилсан намыг харлуулах, хүчгүйдүүлэх хар пиар явуулсныгаа шанг өнөөдөр өөрөө амсаж сууна. Үнэндээ, энэ удаагийн сонгуульд Ардчилсан намынхан намаа дэмжиж оролцохгүй байгаа нь Н.Энхбаяртай гар барьсан Х.Баттулгын  богино бодол, холын шуналаас болсон хэрэг.  Өнгөрсөн дөрвөн жил У.Хүрэлсүхэд “үйлчилсэн” Л.Болдын хатавчинд намаа аваачаад “буулгачихаар” Ардчилсан намыг хэн дэмжиж ажиллах юм бэ.
Ердөө жилийн өмнө ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулж ирсэн хамгийн эрх мэдэлтэй хүн байсан бол өнөөдрийн улс төрд намын болон амин найзуудынхаа итгэлийг алдсан, У.Хүрэлсүхтэйгээ тангараг тасарсан Х.Баттулга шиг ганцаардсан улстөрч алга. Түүний дэргэд Лу.Болд, Ө.Шижир хоёроос өөр хэн үлдэв. З.Энхболд нь хүртэл түүнээс явсан. Гэвч, “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
25
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж