Францын Нант хотын түүхийн музей ӨМӨЗО-ны Хөх хотын музейтэй хамтран Чингис хааны тухай “Тэнгэр газрын хүү- Чингис хаан ба Монголын Эзэнт гүрний үүсэл” нэртэй үзэсгэлэнг 2020 оны аравдугаар сарын 17-нд гаргахаар гэрээ байгуулан ажиллаж байжээ. Гэхдээ Хятадын Засгийн газраас тавьсан саналыг Францын тал хүлээж аваагүйгээс уг гэрээ цуцлагдаж, үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулах болжээ.
Учир нь, БНХАУ-ын Засгийн газар уг үзэсгэлэнд “Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан” зэрэг үгсийг огт ашиглахгүй байх, үзэсгэлэнгийн агуулгад заавал Хятадын тал хяналт тавьж, Монголын эзэнт гүрний тухай түүх, газрын зураг, текстийг Бээжингийн өв соёлын алба дахин засварлан, өөрсдийнхөөрөө зохиох болзол тавьсан байна.
“Ийнхүү Хятадын тал хэт нэт талыг барьж, Монголын эзэнт гүрний түүх, соёлыг гуйвуулах, Хятад дахь монгол угсаатан буюу үндэсний цөөнхийн эсрэг хатуу байр суурьтай байсан учир уг үзэсгэлэнг цуцлан 2024 оны аравдугаар сар хүртэл хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Бид хамтран ажилладаг түүхчид, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүн төрөлхтний түүх, шинжлэх ухаан, ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргалаа” хэмээн Нант хотын түүхийн музейн мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: chateaunantes.fr
Холбоотой мэдээ