Хятадын хөрөнгө оруулалттай "TTJVCO" хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгө оруулалттай "TTJVCO" хууль зөрчсөн гэв

“Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ны туслан гүйцэтгэгч  Хятадын хөрөнгө оруулалттай  "ТТJVCO" компаниас хууль бусаар халагдсан ажилчдын төлөөлөл өнөөдөр /2020.10.13/ мэдээлэл хийв. Тус компанид хүнд даацын техникийн оператароор ажиллаж байсан арван ажилтан хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж өөрсдийн эрхийг хамгаалахын төлөө “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулсан нь  ажлаасаа халагдах шалтгаан болжээ. Ажилчид Үйлдвэрчний эвлэл байгуулахаас өмнө удирдлагуудад хандаж,   шөнийн нэмэгдэл болон цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлсөө бодуулах хүсэлт нэг бус удаа тавьсан ч компанийн зүгээс саналыг нь хүлээн аваагүй байна.

Иймд тус компанийн 1000 орчим ажилтан хөдөлмөрлөх эрхээ хамгаалж, цалин хөлсөө шударгаар үнэлүүлэхэд Үйлдвэрчний эвлэл байгуулах нь хамгийн оновчтой шийдэл гэдэгт санал нэгдсэн байна. Гэвч Үйлдвэрчний эвлэл байгуулах ажилчдын саналыг компанийн зүгээс эсэргүүцжээ.

Улмаар Үйлдвэрчний эвлэл байгуулахад идэвхтэй оролцож буй нэр бүхий арван ажилтныг  энэ оны дөрөвдүгээр сарын 2-9-нд нэг дор халсан байна. Шалтгаан нь, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийж, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг, гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирсан хэмээн үзжээ. Үүнийг халагдсан ажилчдын төлөөлөл эсэргүүцэж компанийн нэр хүндэд халдах, дотоод нууцыг задруулах хэмжээний эрх бүхий албан тушаалтан биш гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Ажлаас халагдсан ажилчдын төлөөлөл “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулахыг ТТJVCO  компаниас  эсэргүүцэж байгаа нь Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн гуравдугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэдгийг онцлов.

Иймд гаднын хөрөнгө оруулалттай компани, аж ахуй нэгжүүд  Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийг баримталдаг эсэхэд холбогдох байгууллагууд хяналт тавихыг хүслээ. Энэ талаар  ТТJVCO компанид оператораар ажиллаж байсан Л.Ган-Эрдэнийн хэлснээр компанийн удирдлагууд  халагдсан ажилчдадаа  Үйлдвэрчний эвлэл байгуулах ажлаа зогсоовол эргүүлэн ажилд нь томилох санал дэвшүүлсэн байна. Харин ажилчдын төлөөлөл уг саналаас татгалзаж, хууль шүүхийн байгууллагад хандахаар болжээ. Ажилчдын төлөөллүүд хэлэхдээ “ТТJVCO компани нь баруун, зүүн цанхийн уурхайн бусад монгол олборлогч компаниудаас нэг дахин илүү үнэ өртгөөр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Гэвч ажилчдаа уртасгасан цагаар ажиллуулдаг атал цалин хөлс нэмэгдүүлдэггүй, цалингийн үнэлгээ бага, дарамт шахалт их, компанийн дотоод журмаар Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөлийг дордуулан ажиллуулдаг. Ийм байхад Монгол хүн өөрийн нутагтаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй ажиллана гэж байж болохгүй. Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх ёстой. Хууль хяналтын байгууллагууд ч бас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж