Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар МИАТ компанийн агаарын хөлгөөр үйлчлүүлэхдээ суудлын зэрэглэлээ голж, “хуурай агсам” тавьсан тухай дуулиан одоо ч мөлжүүртэй яриа хэвээр байна.
Тэд хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн агаарын хөлгөөр үйлчлүүлэхдээ хэл ам хийсэн гэж буй. Тодруулбал, тухайн өдрийн 08.01 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх хуваарьтай байсан агаарын хөлөгт түшээд орж ирээд “Бид энгийн суудалд суухгүй. Биднийг танихгүй байна уу. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн хэл ам хийсэн тухай яриа байна. Энгийн суудалд суух тийз барьсан байтлаа шүү. Ийм хэл ам гаргаснаас болж нислэг 25 орчим минутаар саатжээ. Гэхдээ МИАТ компанийн удирдлагын газраас нислэгт саад учруулж байгаа иргэдийг ачаа тээштэй нь буулгаж, дараагийн нислэгээр явуул гэх үүргийг өгснөөр номхорсон гэх.
Гадаадад ирснийхээ дараа УИХ-ын гишүүн Д.Ганбатын Зам тээврийн сайдад илтгэснээр бол Шадар сайд Ц.Оюунбаатар эхэлж асуудал тавьсан бололтой юм.
Хэрвээ гадаадад ийм үйл явдал болсон бол МИАТ лав цагтаа нисээгүйн төлөө зогсолтын хөлс нэмж төлөхөөс аргагүй болох байсан биз. Улаанбаатарт байсан тулдаа нислэг саатсанаас үүдэлтэй хохирол гараагүй гэх.
Ийм хэрэг мандуулснаасаа болж нэр бүхий гишүүд онгоц саатуулагсад хочтой болж, улстөрчдийн онигоог нэмсэн юм даг уу даа.
Г.ХОРОЛ