"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ өнөөдөр /2020.10.13/  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.


МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР:

-Хөдөлмөрийн тухай хууль нь бүх салбарт үйлчлэх онцгой хууль.  Тиймдээ ч хуулийн  үйлчлэл, ач холбогдлын  хувьд Үндсэн хуулийн дараа ордог том хууль. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа.  Ажлын хэсгийн бэлэн болсон шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их хуралд өнгөрсөн 2019 оны  гуравдугаар сард өргөн баригдаад хэлэлцүүлгийн үе шат явагдаж байгаа.  Өнгөрсөн хугацаанд  саналын зөрүүтэй  байсан зарим асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн ч дараах хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн заалтаасаа дордох магадлал өндөр,  хөдөлмөрийн харилцаа хэвийн  явагдахад хүндэрч болзошгүй байна. Тиймээс  УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт дахин хандаж байгаа юм.

Нэгдүгээрт:

-Хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ажил олгогч, төрийн байгууллага, ажилтан биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал нь сонирхлын маргааныг үүсгэдэг. Энэ хуулийн үйлчлэл  нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд бий. Харин  шинэчилсэн найруулгын  хуулийн  төсөлд  сонирхлын маргааныг байхгүй болгох, сонирхлын маргаан үүсэх эрхийг хязгаарлах заалтыг оруулж байгаад МҮЭХ эсэргүүцэж байна

Хоёрдугаарт:

-Манай бүх салбар үйлдвэрчний холбоод тухайн салбарынхаа ажил олгогчийн эрхийг хамгаалах хүрээнд тус салбарын төр захиргааны байгууллагуудтай хэлэлцээр хийдэг. Харин шинэчилсэн найруулгын  хуулийн  төсөлд талуудын зохицуулалт алдагдаад байгаа юм. Тухайн  салбарын төр захиргааны байгууллага буюу салбарын яам нь оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан. Хэрэв маргаан гарвал тухайн салбар нь хөндлөнгийн байдлаар буюу зохицуулагч хэлбэрээр  оролцох зохицуулалтыг эсэргүүцэж байна. Төр өөрөө, хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн үүргээсээ зайлсхийж байна гэж харж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа явах  ёстой. Маргаанд салбар яам, салбарын ажил олгогч, үйлдвэрчний эвлэл орох ёстой гэсэн заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна.

Гуравдугаарт:

-Шинэчилсэн найруулгын  хуулийн  төслийн 76.3-т зааснаар  "Зайлшгүй шаардлагатай  тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулж болно" гэх заалтыг хасах саналтай байна. Одоогийн хуулиар ажилтан илүү цагаар ажиллах асуудлыг тухайн ажилтантай тохиролцож шийдвэрийг гаргадаг. Шинэ хуулиар бол ажилтантай тохирохгүйгээр тухайн аж ахуйн нэгж байгууллага хэдэн цагаар  ч хамаагүй  илүү цагаар ажиллуулах нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Дөрөвдүгээрт:

-Уул, уурхайн салбарын  ажилчид  ээлжээр ажилладаг. Өөрөөр хэлбэл гэр орноосоо хол, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлэх нь сүүлийн хэдэн жил ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах тохиролцоог хийсэн боловч хэд хоногоор ажиллаж,  амрах вэ гэдэг  дээр ажлын хэсгийнхэн санал нэгдэж чадсангүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 20 өдөр ажиллаж 15 хоног амарна гэж заасан. Гэвч энэ төрлийн салбарын ажилчид ихэнх нь 20 хоног ажиллаж, арван хоног амарч байгаа. Гэтэл үүнийг хуульчлах гээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэлээ.

Дээрх заалтыг уул, уурхайн олборлолтын 14 компанийн 3400 ажилчид гарын үсэг зураад өргөдлийн байнгын хороонд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох хүсэлтийг өгсөн.

Өргөдлийн байнгын хороо татан буугдсан ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээрх асуудлыг хариуцаж байгаа. Тоо баримтаас харахад жилд 4500  гэр бүл салж, 5000-6000 хүүхэд өнчирч байна. Сүүлийн таван жилийн  хугацаанд  Өмнөговь аймагт амиа хорлосон 76 иргэний амиа хорлосон шалтгааны ихэнх хувийг эхнэр, нөхрийн хардалт эзэлж байна. Тиймээс  уул уурхайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амралтыг тэнцүү горимд шилжүүлэх шаардлагатай. Уртын ээлжид 14 хоног ажиллаж долоо хоног амарч байна. Зарим нь бүр 180 хоног ажиллаж, 20 хоног амрах жишээтэй. Зургаан  сар гэртээ ирэхгүй байх хооронд гэр бүлийн харилцаанд ямар ан цав гарах уу. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол уурхайчид ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж