Их Британийн хотын оршин суугч Сиаран Шеннон өөрийн твиттер сүлжээндээ охинтойгоо авхуулсан зургаа нийтэлсэн нь цахим сүлжээ хэрэглэгч олон зуун мянган хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Түүний жиргээ нэг сая орчим хүнд таалагдаж, 83 мянга хүн хариу сэтгэгдэл үлдээснийг BBC онцолсон байна.
Ноён Шеннон өөрийн охин Ниамынхаа сургуульд орж, ахлах сургуулиа төгсөж, их сургуулиа төгсөхөд нь нэг газраа, охиноо хөтлөн зургаа авхуулжээ. Тэрбээр эдгээр гурван зургаа “Ингэж эхэлсэн. Ингэж үргэлжилж байна” хэмээх тайлбартайгаар цахим сүлжээндээ нийтэлсэн нь олон мянган хүнд хүрсэн байна. "Би энэ аав охин хоёрыг танихгүй ч яагаад ч юм энэ зургийг хараад өөрийн эрхгүй хоолой зангирч байна" хэмээн нэгэн жиргээч бичжээ.
Эхний зураг нь бяцхан Ниам охин 1999 оны есдүгээр сард Беламфын хойд хэсэгт орших Лисио бага сургуульд элсэн орсон өдрийн зураг бол дараах нь 2013 оны тавдугаар сард Ниамын ахлах сургуулийн сүүлийн өдөр аавтайгаа хөтлөлцөн авхуулсан зураг байв. Харин хамгийн сүүлийн зураг бол 2018 онд Ниам их сургуулиа төгсөөд өнөөх л газраа аавтайгаа хөтлөлцөн авхуулсан зураг аж. Дээрх зургуудыг Ниамын ээж хатагтай Бренда авсан байна.
Ноён Шеннон энэ тухайгаа “Би зүгээр л нас хэмээх тоонууд маш хурдан нэмэгдэж байгааг мэдэрч байна. Яг л үсний сэнс ажиллуулахад цахилгааны тоолуурын тоо гүйж байгаатай л адил санагдаж байна. Бидний зураг ийм олон хүнд хүрнэ гэж төсөөлсөнгүй. Хамгийн сайхан нь нэг сая орчим хүн намайг охиноороо хичнээн их бахархдагийг мэдэж авлаа шүү дээ” хэмээн ярьжээ.
How it started. How it’s going pic.twitter.com/wm64ywTmmk
— Ciarán Ó’Seanáin (@CiaranNB) October 10, 2020
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ