Долдугаар сарын 27-нд гараагаа эхэлсэн “Монголралли” авто аяллын тухай хэвлэлд гарсан нэгэн мэдээг хүргэж байна.
Альберто болон Серхио нар ТББ-д өгөх хандив цуглуулах зорилгоор зохион байгуулж буй “Монголралли” аялалд оролцож буй Испанийн 50 багийн нэг юм.
“Монголралли” аяллын нэгэн төрөл үү? Эсвэл шинэлэг маягийн амралт уу? Эв санааны нэгдлийн нэгэн төсөл үү? “Монголралли” эдгээрээс илүү утга учиртай бололтой юм. Ямар ч гэсэн “Монголралли”-д оролцож буй нийт 300 багийн 50 нь Испанийн баг юм. Баг гэдэг нь нэг машинаар хамт аялж буй хүмүүсийг хэлдэг аж.
Одоогоос 10-аад жилийн өмнө Альберто болон Серхио нар автораллид оролцож эхэлжээ. Эдүгээ “Монголралли”-д оролцох “Dubsur”-ийн багийн бүрэлдэхүүнд багтан Барселона хотоос Улаанбаатар хүртэл аялахаар замдаа гарчээ. Тэд Франц, Итали, Турк, Казахстан, Орос зэрэг 12 орны нутгаар дамжин 25 хоногийн дотор 15000 орчим км зам туулах бөгөөд өдөрт дунджаар 600 км аялна. Ийнхүү Азийн том эзэнт гүрний нэгэн байсан Монголын нийслэлд хүрэлцэн очиж, машинаа худалдаж, олсон орлогоо тус орны хүмүүнлэгийн олон байгууллагад хандив болгон өгөх ажээ.
Буяны үйлс үйлдэх сэтгэлийн хөдөлгөөнд автсан энэ хоёр найз залуу Fiat-600 маркийн давхар мост, радио, сэрүүцүүлэгч гээд л ер нь илүү дутуу тоног төхөөрөмжгүй энэ машинаа эв санааны нэгдэл илэрхийлэх аялалдаа зориулан 1300 еврогоор худалдан авчээ. Аяны зам урт, удаан, түвэг бэрхшээлтэй учрах магадлал их байгаа боловч бариандаа хүрч чадна гэдэгт итгэл төгс байгаа аж. Соёл иргэншлийн ямар ч ул мөргүй хэдэн зуун км үргэлжлэх элсэн цөлд машин нь саатан зогсох юм бол юу болох бол гэдгийг бас бодууштай л асуудал. Нөгөө талаар тэдний хувьд “B” хувилбар ч гэж байхгүйхэцүү л болох байх.
Тэд аялалд оролцохоор бүртгүүлэхэд 1000 евро, машин худалдан авахад 1300 евро төлсөн нь ивээн тэтгэгчдийн хандив болон өөрсдийн халааснаас гарган нийлүүлсэн 1500 еврогоор ихэнх хэсгийг нь даржээ. Мөн визийн хураамжид 500 евро, замын даатгал, байр хоол, засвар үйлчилгээнд зардал гарна. Бас авлигын мөнгөө авч явахаа тооцоолох ёстой гэнэ. Гаалийнханд авлига өгөх шаардлага гардаг ажээ.
Гэвч сэтгэлээ тайвшруулах зүйл байгаа аж. Адал явдлаар дүүрэн аялал, бас эв санааны гэх өнгө аяс байгаа юм гэж Серхио ярилаа. Тэрээр бид бүгдээрээ л “Монголралли” гэсэн лого тэмдэгтэй явж байгаа. Магадгүй замд ийм лого тэмдэг бүхий өөр багийн гишүүдтэй тааралдаж болох л байх. Бид өөр өөрсдийн мөрөө хөөж явах юм гэж тэр тайлбарлалаа. Тэд долдугаар сарын 27-нд жижиг баяр ёслол үйлдэн гараагаа эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20-ны үеэр Монголд хүрэлцэн очих юм байна. Энэхүү адал явдлаар/эв санааны/ дүүрэн аялал амжилттай болно гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: ABC sociedad
Бэлтгэсэн Д.Пунцаг