Спортын талбайг иргэдэд нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Спортын талбайг иргэдэд нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулагдсан. Тэгвэл тус спортын талбайн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн тартан зам дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 21:00 цагт газар дээр нь ажиллаж, ашиглалт хамгаалалт болон иргэдэд зөв зохистой үйлчлэхтэй холбоотой зарим үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр энэ талбай дээр тухайн үеийн Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдсэн. Гүйлтийн тартан зам цар тахлын улмаас хил дээр саатаад байсан нь есдүгээр сарын сүүлээр бууж, дэвсэлтийн ажил эхэлсэн. Уг ажил бүрэн дуусч, өнөөдөр тэмдэг тэмдэглэгээгээ хийлээ” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Захирагчийн ажлын алба нэг зүйлд анхаарах ёстой. Энэ талбайг иргэдэд албан ёсоор яагаад нээлттэй байлгахгүй байна бэ гэдгийг хүмүүс их сонирхож байна. Зарим тохижилтын ажил бүрэн дуусаагүй байсан учраас бид шийдвэр гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдэд үйлчлэх асуудлыг түр зогсоосон. Одоо ажлууд дуусч байгаа учраас олон нийтэд нээлттэй болгох ёстой. Ямар зохицуулалтаар иргэдэд үйлчлэхийг Захирагчийн ажлын алба гаргаж, надад албан ёсоор танилцуул. Хадгалж байна гээд иргэдээсээ харамлаад байж болохгүй. Иргэд маань ирж тоглодог, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байх ёстой. Энэ талбайн гол зорилго нь хүүхэд, залуучууд спортоор хичээллэх, ахмад настан салхилах боломжтой газар байлгахыг зорьсон. Зориулалтын дагуу ашиглахад нь хяналт тавьж ажилла. Энд ирээд бүх нийтийн биеийн тамир спортоор хичээллэдэг боломжийг нь бид хангах ёстой” гээд талбайн арчлалт хамгаалалт болон иргэдэд чиглэсэн менежменттэй холбоотой ажлуудыг зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр “Тохижилтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан “Монгол менежмент төв” компани холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван жил энэ талбайн засвар арчлалтыг хариуцаж ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай ашиглалтад орж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж