Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэвч нийслэлд түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлүүд гарсаар байна.
Хөдөө орон нутгаас түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан дөрвөн иргэнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын эргүүлийн хяналтын ажилтнууд илрүүлэн саатуулжээ. Тэд энэ аравдугаар сарын 5-12-нд Хонхор, Эмээлт товчоогоор дөрвөн удаагийн үйлдлээр нийт 39.9 тонн түүхий нүүрс нийслэлд оруулахаар завдсан байна. Эргүүлийн хяналтын ажилтнууд зөвшөөрөлгүй тээвэрлэсэн нүүрсийг "Амгалан" дулааны станцад шилжүүлсэн бол зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.
Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд хяналт тавьж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ