Нидерландад шинэ төрлийн коронавирусийн халдвараас эдгэрсэн ч дахин халдварласан эмэгтэй нас баржээ. Энэ талаар “BNO news” агентлаг дэлхий дээр "Covid-19"-ийн халдвараар дахин халдварлаад нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ хэмээн мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, өдгөө 89 настай эмэгтэй бөгөөд хорт хавдар (Лимфомын ховор хэлбэр болох Вальденстромын макроглобулинеми)-тай байсан аж. Тэрбээр энэ оны эхээр хүчтэй ханиалгах, өндөр халуурах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан байна. Түүнээс шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.
Өвчтөн халдварын шинж тэмдэг арилснаас хойш тав хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Түүнээс хойш бараг хоёр сарын дараа Нидерландын оршин суугч тэрбээр өндөр халуурч, ханиалган, амьсгал давчдах шинж тэмдэгтэйгээр дахин эмнэлэгт ханджээ.
Биеийн байдал нь муудахаас хоёр хоногийн өмнө химийн курс эмчилгээгээ эхлүүлсэн байсан аж. Өвчтөнд шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирусийн халдвар дахин илэрчээ. Найм хоногийн турш биеийн байдал нь сайнгүй байсан тэрбээр хоёр долоо хоногийн дараа нас барсан байна.
Эрдэмтэд өвчтөний хоёр удаагийн шинжилгээг харьцуулан үзэж, вирусийн генийн дараалал нь өөрчлөгдөж, дахин халдвар авахад нөлөөлснийг баталгаажуулжээ.
Эх сурвалж: RBC
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ