"Мамба" Брайантаас "Хаан" Жэймс хүртэлх Лэйкерсийн 10 жил | News.MN

"Мамба" Брайантаас "Хаан" Жэймс хүртэлх Лэйкерсийн 10 жил

"Мамба" Брайантаас "Хаан" Жэймс хүртэлх Лэйкерсийн 10 жил

"Мамба" Брайантаас "Хаан" Жэймс хүртэлх Лэйкерсийн 10 жил

Хойд  Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар Лос Анжелес Лэйкерс баг тодорч, багийнхаа түүхэнд 17 дахь аваргын цомоо хүртсэн билээ. Лэйкерс багийн тухайд тэд хамгийн сүүлд 2010 онд агуу Коби Брайантын эрин үед мөнхийн өрсөлдөгч Бостон Селтикс багийг цуврал долоон тоглолтонд 4-3 гэсэн харьцаатай ялж, түрүүлж байсан юм. Үүнтэй холбогдуулан бид энэ удаад та бүхэндээ Лос Анжелес Лэйкерс багийн өнгөрсөн 10 жилийг тоймлон хүргэж байна.

  • 2011-2012 оны улирал

Сүүлийн гурван улирал аваргын төлөө шалгарч, хоёр улирал дараалан NBA-ийн аваргаар тодроод байсан Коби Брайант, Пау Гасол тэргүүтэй Лэйкерс баг энэ улиралд мөн л аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байлаа. Домогт дасгалжуулагч Фил Жексоноор удирдуулсан Лэйкерс 57-25 гэсэн амжилттай дивизоноо тэргүүлж, бүсийнхээ хоёрдугаар байрааар плей-оффт шалгарав. Улирлын завсарлагаанаар Лос Анжелес хотод зохион байгуулагдсан “Бүх оддын тоглолт”-нд тус багаас Коби Брайант, Пау Гасол нар сонгогдон, Коби тэрхүү тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн.

Тэд плей-оффын эхний шатандаа Крис Полоор ахлуулсан Нью Орлеанс Пеликанс багтай учраа тааран цуврал зургаан тоглолтонд 4-2 гэсэн харьцаатай ялалт байгуулан дараагийн шатанд шалгарав. Энэхүү цувралд Коби Брайант, Пау Гасол нараас гадна 22 настай Эндрью Байнам сайн тоглолтыг үзүүлж байлаа. Харин плей-оффын хоёрдугаар шатанд Дирк Новицки, Жейсон Кидд зэрэг туршлагатай тоглогчдоор багаа бүрдүүлсэн Даллас Маврикс багтай учраа тааран 4-0 гэсэн харьцаатай ялагдаж улирлаа өндөрлүүлэв. Аваргуудыг ялсан Даллас Маврикс баг цааш явсаар 2011-2012 оны NBA-ийн аварга болж байсан түүхтэй.

  • 2012-2013 оны улирал

Даллас Маврикс багт 4-0 гэсэн харьцаатай хожигдсоны дараа багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон ажлаа хүлээлгэж өгч буйгаа зарласан юм. Түүнийг орлохоор Кливленд Кавальерс багийн ахлах дасгалжуулагч асан Майк Браун ирэв.

Улирлын эхэнд тоглогчид ажил хаялт зарлан, явагдах ёстой 82 тоглолтын 66 нь явагдсан.

Лэйкерс багийн удирдлагууд дахин аварга авахын тулд Коби Брайантад туслах ахин нэг од тоглогч багт байх хэрэгтэй хэмээн үзэж, шинэ улирал эхлэхээс өмнө Нью Орлеанс Пеликанс багийн холбон тоглогч, бүх одод Крис Полыг солилцоогоор авахаар тохиров. Энэхүү солилцоонд гурван баг оролцохоор болж Крис Пол Лос Анжелес Лэйкерс баг руу, Ламар Одом Нью Орлеанс Пеликанс баг руу, Пау Гасол Хьюстон Рокетс баг руу тус тус явах байсан ч тухайн үеийн NBA-ийн комиссар Дэвид Стерн энэхүү солилцоонд хориг тавин, цуцалсан. Ийнхүү супер баг бий болгох Лэйкерсийн эхний төлөвлөгөө бүтэлгүйтэн хуучин бүрэлдэхүүнээрээ улирлыг эхлүүлэх болов.

Лэйкерс улиралд үзүүлдэг сайн амжилтаа үзүүлж, 41-25 гэсэн амжилттай дивизоноо тэргүүлж, бүстээ гуравдугаар байрт бичигдэн плей-оффт шалгарав. Энэхүү улиралд залуу Эндрью Байнам гайхалтай тоглолтыг үзүүлж, “Бүх оддын тоглолт”-нд анх удаагаа сонгогдон лигийн шилдэг төвийн тоглогчдын нэгт яригдаж байлаа.

Плей-оффын эхний шатандаа Денвер Наггетс багтай учраа тааран долоон тоглолтын эцэст хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан. Тэднийг плей-оффын хоёрдугаар шатанд залуухан их гурвалтай Оклахома Сити Тандар хүлээж байв. Тун ойрхон онооны зөрүүтэй явагдсан цувралын эхний дөрвөн тоглолтонд Лэйкерс баг харамсалтайгаар хожигдож байлаа. Коби ч энэхүү цувралд 31.2 оноог дунджилан бүхнээ гаргаж байсан ч энэ нь хангалтгүй байв. Оклахома Сити Тандер цааш шалгарсан.

Оклахома Сити Тандер багийн эсрэг хийсэн цувралын тав дахь тоглолт Коби Брайантын замналынх нь сүүлчийн плей-оффын тоглолт байна гэж тухайн үедээ хэн санах билээ.

  • 2012-2013 оны улирал

Хоёр улирал дараалан плей-оффын хоёрдугаар шатнаас хасагдаж, Крис Полын наймаанд хориг тавиулсан Лос Анжелес Лэйкерс баг улирлын өмнө жинхэнэ утгаараа супер багийг бүрдүүлсэн. Эхлээд Финикс Санс багаас NBA-ийн хоёр удаагийн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”, бүх цаг үеийн шилдэг холбон тоглогчдын нэг ахмад Стив Нэшийг гурван драфтын эрхээр сольж, багтаа элсүүлэв. Харин дараа нь тухайн үедээ NBA-ийн хамгийн шилдэг төвийн тоглогч гэх статустай байсан, гурван удаагийн улирлын “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналт Дуайт Ховардыг гурван баг оролцсон солилцооны эцэст багтаа нэгтгэв. Лэйкерс энэхүү солилцооны үр дүнд залуухан бүх одод Эндрью Байнамыг Филадельфиа 76 баг руу явуулсан.

Лос Анжелес хотод бүрэлдсэн супер баг улирлын эхнээс л асуудалд орсон. Майк Браун дасгалжуулагчийн удирдлага дор хийсэн улирлын эхний таван тоглолтондоо ердөө ганц л хожлыг байгуулж, шүүмжлэлд өртөв. Багийн удирдлагууд ч нэн даруй Майк Брауныг халж, довтолгооны мэргэжилтэн Майк Д’Антониг ахлах дасгалжуулагчаараа томилов.

Эхнээсээ л бүтэлгүйтсэн Лэйкерс баг плей-оффт шатанд шалгарна гэдэг хэцүү болж ирсэн. Гэвч Коби Брайант багаа "чирч", улирлын дунд үеэс “галзуурч” эхлэв. Өрнөд бүсийн плей-оффын наймдугаар байрны төлөө тэрбээр үдэш бүр 30, 40 оноотой тоглолтуудыг толилуулсан түүхтэй. Харамсалтай нь, улирал өндөрлөхөд ердөө хоёр тоглолт дутуу байхад буюу 80 дахь тоглолтонд ахиллесийн шөрмөсөө тасдаж, алхах бүү хэл зогсч ч чадахгүй болов.

Лэйкерс баг улирлын сүүлийн өдөр наймдугаар байраар плей-оффт шалгарсан.

Багийнхаа амин зүрхээ урт хугацааны гэмтэлд алдсан Лос Анжелес Лэйкерс баг ч плей-оффын эхний шатанд Сан Антонио Спурс багийн эсрэг юу ч хийж чадалгүй 4-0 гэсэн харьцаатай ялагдаж, улирлаа эрт өндөрлүүлэв.

  • 2013-2014 оны улирал

Улирал эхлэхийн өмнө Дуайт Ховард ердөө нэг улирлын дараа Лос Анжелес Лэйкерс багаас явж буйгаа зарлаж, Хьюстон Рокетс багтай гэрээ байгуулав. Коби Брайант ч хүнд бэртлийн улмаас улирлыг өнжих нь бараг ойлгомжтой байлаа. Гол тоглогчдоо алдсан Лос Анжелес Лэйкерс баг улирлыг санасныг бодвол сайн эхлүүлсэн. 13-13 гэсэн амжилттай улирлыг эхлүүлсэн хэдий ч үлдсэн тоглолтуудаа 14 хожиж, 42 хожигдож өрнөд бүсийн хамгийн муу амжилттай багаар нэрлэгдэв. Ердөө ганцхан улирлын дотор аваргын төлөө өрсөлддөг баг драфтын тэргүүн сонголтын төлөө өрсөлдөх болжээ.

  • 2014-2015 оны улирал

Улирлын өмнө Пау Гасол багаасаа явж, Чикаго Буллс багтай гэрээ байгуулав. Чөлөөт агентын цонхоор Кармело Энтони, Леброн Жэймс нарыг багтаа элсүүлэх оролдлого нь бүтэлгүйтэж, оронд нь Жереми Лин, Ник Янг, Жордан Хилл, Райн Келли зэрэг үүргийн тоглогчдыг авчрав. Харин өмнөх улирлын муу амжилтынхаа ачаар драфтын эхний тойргийн долдугаар сонголтыг хийх эрхтэй болж, Жулиус Рэндлийг сонгов. Гэвч Жулиус Рэндл улирлын нээлтийн тоглолтонд гэмтэж, улирлыг бүтэн өнжих болсон. Хүнд бэртлээс эргэн ирсэн Коби ч мөрөндөө ахин бэртэл аван хангалттай олон тоглолтонд оролцож чадсангүй.

Стив Нэш зодог тайлж буйгаа зарлаж, замналынхаа сүүлийн улирлыг Лэйкерсийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэв.

Бүхэлдээ бүтэлгүйтсэн Лэйкерс ахин нэг улирал плей-оффыг өнжиж, драфтын дээгүүр сонголт хийхийг зорив.

  • 2015-2016 оны улирал

Багийн удирдлагууд багтаа шинэчлэл хийхийг зорьж, олон тоглогчдыг явуулан драфтаас залуу авьяаслаг холбон тоглогч Д’Анжело Расселыг сонгов. Түүнээс гадна нэгэн онцлох үйл явдал тохиосон нь Коби Брайант 2015-2016 оны улирлын дараачаар зодог тайлж буйгаа зарлав. Бүхэлдээ тааруу үргэлжилсэн улирал нь Коби Брайантад хүндэтгэл үзүүлсээр өндөрлөсөн юм.

  • 2016-2017 оны улирал

Лэйкерсийн төлөө 20 жил хүчин зүтгэсэн Коби Брайантгүй анхны улирал багийн бүтцийн хувьд шинэчлэлээр дүүрэн байлаа. Тус багийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Бассыг явуулж оронд нь багийн домогт тоглогчдын нэг Мэжик Жонсонг томилсон бол багийн ерөнхий менежэрээр ажиллаж байсан Митч Купчакыг халж оронд нь Коби Брайантын төлөөлөгч байсан Роб Пелинкаг томилов. Женни Басс ч аавынхаа өдий зэрэгт хүргэсэн багийг ахаасаа аван удирдаж эхлэв.

Драфтын эхний тойргийн хоёрдугаар сонголтоор Брэндон Инграмыг сонгов.

Сүүлийн хэдэн улирлын драфтаас дажгүй сонголтуудыг хийсэн Лэйкерс багийг Люк Уолтон удирдах болж, багийн ирээдүй өнгөтэй харагдах боллоо. Гэхдээ Мэжик Жонсон хоёр том алдаа гаргасан гэдэг нь хожим нь мэдэгдсэн юм. Цалингийн цэсээ суллаж, од тоглогчдыг багтаа элсүүлэх бодлоготой байсан Мэжик Жонсон болон Роб Пелинка нар ахмад тоглогч Луол Денг болон Тимофей Мозгов нартай дэндүү өндөр үнийн дүнтэй урт хугацааны гэрээ байгуулж, шүүмжлэлд өртсөн. Гэсэн хэдий ч багийн уналт үргэлжилсээр.

  • 2017-2018 оны улирал

Мэжик Жонсон алдаа хийснээ ухаарч Тимофей Мозговтой байгуулсан өндөр гэрээнээс салахыг хүсэв. Үүний тулд тэрбээр багийнхаа ирээдүй гэгдэж байсан Д’Анжело Расселыг Тимофей Мозговын хамтаар Брүүклин Нетс баг руу сольж, оронд нь Брүүк Лопез болон Кайл Кузмаг сонгох драфтын эрхийг авч чаджээ. Дахиад л өмнөх улирлын муу амжилтынхаа ачаар драфтаас дээгүүр сонголтыг хийх эрхтэй болж, эхний тойргийн хоёр дахь сонголтоор Лонзо Боллыг сонголоо. Лонзо Боллоос гадна Жош Харт, Кайл Кузма зэрэг залуу авьяаслаг тоглогчдыг сонгож, бүрэлдэхүүнээ зузаатгав.

Шинэ удирдлагатай, залуу дасгалжуулагчтай, залуу бүрэлдэхүүнтэй Лэйкерс баг энэ улиралдаа өмнөх улирлуудаа бодвол харьцангуй сайн амжилтыг үзүүлж, 35 хожил, 47 хожигдолтой улирлыг дуусгалаа.

  • 2018-2019 оны улирал

Мэжик Жонсон, Роб Пелинка нар энэ улирлын өмнөх чөлөөт агентын зах зээлээс Леброн Жэймсийг багтаа элсүүлэх маш том төлөвлөгөөтэй байлаа. Леброн Жэймс ч Кливленд хотод 52 жил хүлээсэн аваргын цомыг нь авчирч, шинэ адал явдал хайхад бэлэн болоод байсан юм. Үнэндээ Лебронд Лос Анжелес шиг том зах зээлтэй, дүүрэн боломжтой хотыг сонгоход эргэлзэх зүйл алга байв. Тэрбээр Лос Анжелес Лэйкерс багтай дөрвөн жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулж, Лэйкерсийн шинэ эрин үеийг эхлүүлэв.

Леброн Жэймсээс гадна Кентавиус Колдуэлл-Поуп, Алекс Карусо, Ражон Рондо, Жавейл Макги зэрэг тоглогчдыг нэтгтэн ирээдүйд аварга авах бүрэлдэхүүнээ бүрдүүлж чаджээ.

Люк Уолтоноор удирдуулж, Леброн Жэймсээр ахлуулсан Лэйкерс улирлыг сайн эхлүүлсэн хэдий ч Леброн Жэймс бэртэл авч, залуу тоглогчид нь орон гаран тоглолтыг үзүүлсээр плей-оффт шалгарч чадалгүй улирлыг өндөрлүүлсэн. Улирлыг төгсгөлд Мэжик Жонсон дэд ерөнхийлөгчийн ажлаа өгч, Люк Уолтон ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгчээ.

  • 2019-2020 оны улирал

Мэжик Жонсон ажлаа хүлээлгэн өгсний дараа багийн ерөнхий менежэр Роб Пелинка бүхий л шийдвэрүүдийг бие даан гаргах эрхтэй болов. Тэрбээр Нью Орлеанс Пеликанс багийн бүх одод Энтони Дэвисийг багтаа элсүүлэхийн тулд Лонзо Болл, Брэндон Инграм, Жош Харт болон ирээдүйн драфтын дөрвийг эрхийг өгчээ. Ийнхүү Лос Анжелес хотод Леброн Жэймс болон Энтони Дэвис хэмээх хүчирхэг хослол бий болон аваргын төлөө өрсөлдөх хүчтэй багийг тэргүүлэх болов.

Энтони Дэвисээс гадна Кавай Леонардыг багтаа элсүүлэх гэсэн Лэйкерсийн төлөвлөгөө бүтэлгүйтэж, тэд түүнд төсөвлөсөн мөнгөө Данни Грин, Эвери Бредли нарыг нэгтгэхэд зориулж, бусад үүргийн тоглогчдынхоо гэрээг сунгав.

Дуайт Ховард энэ удаад Лэйкерс багт эргэн ирсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан. 2013 онд аварга авахын тулд Лос Анжелес Лэйкерс багийг орхиж байсан Дуайт Ховардыг 2019 онд Лэйкерстэй аварга авна гэж хэн санах билээ.

Хамгаалалтын мэргэжилтэн Фрэнк Вогелыг багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилж, Жейсон Киддийг туслах дасгалжуулагчаар нь багтаа элсүүлэв. Сайн дасгалжуулагчийн багтай, зузаан бүрэлдэхүүүнтэй Лэйкерс багт хүнд хэцүү олон саад бэрхшээл, үйл явдал тохиолдсон ч тэд эцэст нь NBA-ийн аварга болж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.109

Маш гоё нийтлэл байна Мөнхтамираа.. Ажлын амжилт хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж