"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал"

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал"

Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.


-Засгийн газрын өр 8 тэрбум ам.долларын босго давсан мэдээлэл бий. Өр нэмэгдэх хэрээр үр дагаврын асуудал яригдана. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Өрийн хоёр статистик мөрдөж явдаг. Нэг нь, Засгийн газрын өр, нөгөөх нь Монгол Улсын нийт өр. Үүнийг эрх баригчид, зарим хүмүүс элдвээр тайлбарлаад, өр буурч байна гэхчилэн ярьдаг. Тэгэхээр иргэдэд хүрч буй мэдээлэл хоёр, гурван янз байгаад байгаа юм. Хуулиа дагадаг бол бид хэн нэгний амыг харах шаардлагагүй. Өрийн удирдлагын тухай хуульд өрийн талаар маш тодорхой заалтууд байдаг. Тодруулбал, улирал тутам Монголын Улсын нийт өр, Засгийн өрийг Сангийн яам, Монголбанктай хамтарч гаргаад, олон нийтэд танилцуулна гэсэн заалт бий. Монголбанкны сайт руу ороод харж болно. Засгийн газар харин сүүлийн үед өрийн статистикээ хөтлөхөө байчихсан байна лээ. Сүүлийн нэг жил юм харагдахгүй байна. Монголбанк харин хуулиа яг мөрдөж байгаа юм. Эхлээд хоёулаа Засгийн газрын өрийн талаар ярья. 2020 оны зургадугаар сарын 30 буюу II улирлын байдлаар Засгийн газрын өр 7 тэрбум 891 сая ам.доллар байна. Гэтэл 2016 оны зургадугаар сарын 30 буюу II улиралд 4 тэрбум 786 сая ам.доллар байсан гээд бодохоор дөрөвхөн жилийн хугацаанд 3 тэрбум ам.доллараар Засгийн газрын өр нэмэгдсэн байна. Үүнийг mongolbank.mn сайтын статистик гэсэн булангаас захын хүн харчихаж болно.

-Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авч, төсвийн алдагдлаа нөхөх нь гэж зарим хүн шүүмжилж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 25 тэрбум иенийн зээл авах асуудлыг яаралтай журмаар оруулж ирээд л шийдчихлээ. 25 тэрбум иен гэдэг бол 230 орчим сая ам.доллар. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл хэмээн нэрлэж байгаа боловч төсвийн алдагдлаа санхүүжүүлэх зорилготой юм билээ. Өмнө нь бонд босгохтой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага болж, чуулган дээр нухацтай авч хэлэлцдэг байсан бол одоо асуудалгүй шууд оруулж ирээд л шийдчихэж байна лээ. Хэд хоногийн өмнө Мазаалай бондын 500 сая ам.долларын өрийг Номад бонд буюу 100 сая ам.доллараар нэмэгдүүлээд, 600 сая ам.долларын өрийг 5 орчим жилээр сунгасан. Одоо бид өр тавьж, зээл авч байгаагаа ер нь тоохоо ч байчихаж. Бүр магтан дуулаад, “Бага хүүтэй зээл байна, үүнийг авах ёстой” гээд сууж байна. Шүүмжлэх, сануулах, анхааруулах ёстой сөрөг хүчний Доржханд нь хүртэл бага хүүтэй зээл авах нь зөв хэмээн дэмжиж харагдсан.

-Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өр яг хэд байна вэ?

-Монгол улсын нийт өр 30 тэрбум 814 сая ам.доллар болсон. Энэ өр их үү, бага уу? Гурван сая хүнтэй жижигхэн улсын хувьд асар ноцтой том тоон үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 230 хувиас дээш гарсан. Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас өр зээлтэй холбоотой зарим статистик үзүүлэлт гаргадаг. Бага-дунд орлоготой орнуудын ДНБ-ийг гадаад өрөнд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гэтэл бид үүнийгээ огт мэдэхгүй явж байна. Энэ бол үнэхээр гамшиг. Гадаад өрөө хугацаанд нь төлж чадахгүйн улмаас дахин гаднаас зээл авч санхүүжүүлэх тэр үеэс тухайн улс орныг өрийн хавханд оржээ гэж дүгнэдэг. Тэгэхээр бид өрийн хавханд чамгүй лав орчихоод байна. Өнөөдөр дэлхийн 200-гаад улсыг өрийн дарамтад орсон байдлаар жагсаахад манай Монгол Улс хамгийн дээгүүр цохиж явна. Ийм л хүнд байдалд байна. Миний хувьд “Монгол Улсын гадаад өр, түүнийг шийдвэрлэх арга замууд” гэдэг сэдвээр Москва хотод ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан. Өрийн талаар нэлээдгүй судалсан учраас энэ асуудалд санаа зовж явдаг нэгэн. Өрийн асуудлыг улс төржүүлж ерөөсөө болохгүй. Аль нэг намын өр гэж байхгүй. Харин Монгол Улсын өр гэж л бий.

-Энэ их өрийг Монгол Улсын ирээдүй, хойч үе төлнө?

-Харамсалтай нь бид хойч үедээ өр өвлүүлж байна. Гэтэл манай эдийн засаг өнгөрсөн гурван жил зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд байгаагүй таатай байсан. Манай зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн. ОУВС-гийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд бараг хүүгүй шахам зээл, тусламж цутгасан үе байв. Гэвч бид өрөө нэмчихээд сууж байна. Аливаа улс орны эдийн засгийн аюулгүй байдлын эхэнд гадаад өрийн асуудал ордог. Гадаад өрийн хэмжээ нь нэг улсаас хараат, их хэмжээтэй болвол бүр аюултай. Ийм олон жишээ дурдаж болно. 2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийхээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 онд Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Америкийн “www.visitsrilanka.com” сайтад 2018 онд “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарсан бөгөөд дурьдагдсан найман улсын тоонд Монгол Улс багтсан байсан. Тус нийтлэлд “Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болбол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг хэмээн анхааруулсан. Ийнхүү аливаа улс орон гадаад өрийн урхинд орвоос эдийн засгийн хувьд төдийгүй улс орны тусгаар тогтнолд аюул учирч болох юм. Ганц нэг судлаач яриад нийгэмд хүрэхгүй байна. Одоо бид алийн болгон хоёр намаараа талцаад, чи өр тавьсан, би өр тавьсан гэж явах юм бэ. Өрийн асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс ч Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой гэж олон жил ярилаа. Ийм өндөр зээлийн дарамттай улсад гадаадын ямар зоригтой хүн хөрөнгө оруулах вэ. Гадаадын өр гэдэг бол миний түрүүн ярьснаар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаас гадна эдийн засгийн макро үзүүлэлтэд муугаар нөлөөлж байдаг. УИХ-ын гишүүд зээлийн хүүг багасгаад нэг оронтой тоонд оруулна гэж ярьж байна. Ийм өндөр гадаад өрийн дарамттай улсад хэзээ ч зээлийн бага хүү байдаггүй юм.

-Өрөнд дарагдаад, өндийхгүй байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Өр гэдэг төсвийн бодлоготой салшгүй холбоотой. Нэгдүгээрт, төсөв өндөр алдагдалтай батлахаар дотоодын эсвэл гадаадын зээлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, тооцоо судалгаагүй бонд босгож байна. Сүүлийн жилүүдэд хоёр их наяд төгрөгөөс дээш алдагдалтай төсөв баталж байна. Саяхан төсвийн тодотголоор 4.8 их наяд алдагдал буюу өр үйлдвэрлэлээ. Төсвийн алдагдлаа, төсвийн зарлагаа багасгаач гэдэг дуу хоолой ч эрх баригчдад хүрэхээ байчихлаа. Тэгэхээр бид яаж өрнөөсөө өндийх вэ дээ. Манай улсын эдийн засаг маш ойлгомжтой л доо. Монгол Улс Солонгос, Япон шиг гар утас, компьютер, машин үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч биш. Бид гадагшаа эрдэс бүтээгдэхүүн, түүхий эдээ гаргаж зараад, олсон валютаараа гаднаас худалдаа хийж амьдарч байгаа хэрэглэгч орон шүү дээ. Бидний гаднаас олж байгаа 10 доллар тутмын 4-ийг нь зэсийн баяжмал, 4-ийг нь нүүрснээс олдог. Ингээд олсон мөнгөөрөө орчин үеийн гар утсаар гангарч, бренд хувцас өмсөж, машин хөлөглөн тансаглаж буй хэрэглэгч орон. Манай эдийн засаг ямар онцлогтой вэ гэхээр уул уурхайгаас нэн хараат бөгөөд ялангуяа зэсийн баяжмал, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр унангуут манай эдийн засаг дагаад уначихдаг. Тиймээс эдийн засгаа сэргээх зорилгоор гадаад зах зээл дээрээс тооцоо судалгаагүй бонд босгож, өр тавиад эхэлдэг. Мөн төсвөө асар их өндөр хэмжээний алдагдалтай баталдаг. “Ковид”-той холбоотой 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батална гэдэг нь 1.7 тэрбум ам.долларын алдагдал бүтэн жилийн дотор үйлдвэрлэж байна гэсэн үг. Үүнийг бид гаднаас зээл авч нөхнө. Түүний бодит жишээ нь Японоос 25 тэрбум иен буюу 230 сая ам.доллар аваад, төсвийнхөө алдагдлыг нөхнө гээд Сангийн сайд нь яриад зогсож байна. Манай эдийн засаг онгорхой цоорхойгоо өрөөр нөхсөн ийм хүнд байдалтай байна.

-Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Эдийн засгийн бодит нөхцөл байдалтай хэр уялдсан байна вэ?

-Мөнгөний бодлого, Сангийн бодлого гэсэн хоёр том бодлого улс орны тулгуур багана юм. Харин манайд мөнгөний бодлогод үл ойшоосон хандлага бий. УИХ дээр бодлого тодорхойлдог гишүүд маань энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Мөнгөний бодлого, төсөв сангийн бодлого харилцан хамааралтай байх учиртай. Гэтэл хугацааны хувьд УИХ-д эхлээд мөнгөний бодлого нь, дараа нь төсөв нь тус тусдаа өргөн баригдаж байна. Энэ нь хоёр бодлого хоорондоо уялдаа холбоогүй байгааг харуулж байна, харамсалтай. Тухайлбал, төсөв батлагдах үеэр Монголбанкны ерөнхийлөгч саналаа хэлж байх ёстой. Бид долларын ханшийг тэдэн төгрөгт баримаар байна, гэтэл та нарын замбараагүй хөрөнгө оруулалт биднийг ханшаа барих боломжгүй болгож байна. Тийм учраас наад хөрөнгө оруулалтаа буулга гээд шүүмжлээд зогсож байх ёстой юм. Өнгөрсөн хоёр жил дараалан гурван их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ их мөнгө валют болоод бүгд урагшаа гарсан. Монголбанк ийм нөхцөлд ханшаа барьж дийлэхгүй. Он гарсаар 2.3 тэрбум ам.долларын интервенц хийгээд ч ханшаа барьж чадсангүй. Дөрвөн жилийн хугацаанд манай монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш 40 хувиар суларсан. Энэ нь бага, дунд орлоготой болон тэтгэврийн насны иргэдийн амьдралд туйлын хүндээр тусч буй нь дамжиггүй. Монголбанкны бие даасан байдал тийм ч сайнгүй байх шиг байна. Засгийн газар тэтгэврийн насны ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргахад Монголбанк үг дуугүй дагаж байх жишээтэй. Капитал банк дампуурах нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байхад Монголбанкны хяналт таг дуугүй байсаар төсвийн олон тэрбум төгрөгийн хохирол гарч байх жишээтэй.

-Улсын төсөвтэй холбоотой хэлэхэд төсвийн орлогоосоо зарлагаа хэт давуулахгүй байх ёстой биз дээ?

-Өнөөгийн эрх баригчид бид төлөх биш, хойч ирээдүй төлөх юм чинь гэдэг байдлаар хандаж байна. Энэ хандлага хэзээ өөрчлөгдөх юм бол доо. Манай тойрогт ийм байшин, тийм барилга хэрэгтэй гээд, татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгөөр найрлаж байна гэхэд хилсдэхгүй. Гишүүн бүрийн хүслийг биелүүлэхийн тулд төсвөө алдагдалтай баталснаар гадаад болон дотоод өр нэмэгдэж байна. Зөвхөн өөрийнхөө нэрийг гаргахын тулд, дахин сонгогдохын тулд, өөрийн сонгуулиа санхүүжүүлдэг компанидаа тендер авч өгөх зорилгоор улсын төсөв рүү гараа дүрдэг үзэгдэл хэвийн мэт болчихлоо.

-Бодит жишээ хэлэхгүй юү?

-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт нэрээр 2,6 их наяд төгрөгийг 76 тойрогт хувиарласан, энэ жил ахиулан 3,6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Сумдын багууд дээр хурлын байр барих, багийн даргад мотоцикл авч өгөх гэх мэт аахар шаахар зүйлд энэ их мөнгө зарцуулагдаж байна. Энэ нь эргээд төсвийн зардлыг ихэсгэж, хүндрүүлж байна. Төсвийн хөрөнгөөр улс орон даяар баригдсан байр, савны халаалт, арчилгаа, багийн даргын унаа мотоциклын түлш шатахуун, засвар үйлчилгээ гээд төсвийн зардал өссөөр байна. Энэ чинь хөрөнгө оруулалт биш, шамшигдуулалт, үрэлгэн зан юм. Гадны зээлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг тооцоо судалгаагүй хийж байгаа нэг жишээ бол Улаанбаатар-Дарханы зам. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард хүлээн авна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн нь худал болж байх шиг байна.

-Жилээс жилд өр нэмэгдээд байна. Манай улс дефолт болоход ойрхон байна гэсэн үг үү?

-Дефолт болоход туйлын ойрхон ирсэн. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Дефолттой холбоотойгоор Грек улсын жишээ татъя. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВС-гийн 1,5 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн шүү дээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулсан. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд болчихлоо. 2020 оны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн мэдээгээр, манай эдийн засаг 9.7 хувиар агшилттай явж байна. Энэ бол сүүлийн 30 жилд байгаагүй агшилт. Валютын ханшаа дөрвөн жилийн хугацаанд 40 хувиар алдчихлаа. Өрийн асуудал ДНБ-ий 230 гаруй хувьд хүрчихлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд ийм хүнд байна.

-Сангийн сайдад та ямар “дүн тавих” вэ?

-Туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг. Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна. Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Байж болохгүй асуудал шүү дээ. Гэтэл тухайн цаг хугацаанд манай эдийн засаг туйлын таатай байсан. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн, асар таатай үе. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, маш их хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Монголын эдийн засагт ийм сайхан үе маш ховор. Бид энийг ашиглаад, тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, гадаад өр зээлээсээ салж болох байв. Гэтэл нэг цент ч төлөгдсөнгүй. Бондоо бондоор сольж байна, дээр нь зээл авч байна. Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч байна. Өр төлсөн гэдэг нь өөрсдийн төсвийн алдагдлаа төлсөн төдий асуудал. Дөрвөн жилд бараг 12 их наядын төсвийн алдагдалтай төсөв өргөн барьсан Сангийн сайд 8.5 их наядын өр төлөх нь зүйн хэрэг биз дээ. Гэвч бараг өмнөх улс төрийн хүчний өрийг дарж байгаа мэтээр худал яриад явж байна. Захын хүн Монголбанкны сайт руу ороод өр нэмэгдсэн эсэхийг харчих боломжтой үе шүү дээ. Гадаад өрийн хэмжээ, улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумслаж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеийнхээ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

Covid-19 цар тахлын үед хүндэрсэн эдийн засгаа “аврах” ямар гарц байна гэж та бодож байна вэ?

-Хамгийн түрүүнд улс төржилтөө болих хэрэгтэй. Ардчилсан нам ч бай, МАН ч бай нэгнээ харлуулахаас цааш огт хөдөлсөнгүй, байран дээрээ хий эргэж байна. Улс төржилтөө нэн даруй зогсоохгүй бол дээр дурдсан манай улсын өмнө тулгараад байгаа эдийн засгийн хүнд асуудлууд шийдэгдэх бус улам хүндэрнэ. Хоёрт, намууд дураараа дургидаг замбараагүй амлалтууддаа цэг тавих цаг ирсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлагуудаа төсөв өргөн барих бүртээ өөрчилдөг байдлыг хуулиар хорих цаг болсон гэж үзэж байна. Төсвийн тусгай шаардлагууд болох төсвийн алдагдал ДНБ-ээс хоёр хувиар хэтэрч болохгүй, гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн зөв заалтууд хэрэгждэг байх учиртай. Хэрвээ үе үеийн парламент энэ хуулиа дагаж мөрдөж байсан бол бид өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь улс төрийн сөрөг хүчнээс бүрдвэл төсөвт хяналт бий болно. Одоо эрх баригчдын талын хүмүүс энэ зөвлөлд сууж байна. Тэд нар алга ташихаас өөр ажил хийхгүй байна. Бодит шүүмжлэл огт алга. Улс орныхоо хөгжлийн төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө үг хэлсэн хүн буруу харагддаг боллоо.

-Манай улс олон улсын зах зээлд шинэ бонд гаргаж, өмнөх бондын өрөө дарсан. Ийнхүү өрөө өрөөр дарж байгаа нь хэр их эрсдэлтэй вэ? Бусад бондын төлбөрт нэмэр болох шийдвэр байв уу?

-Бидэнд өнөөдөртөө өөр сонголт алга. Сая Мазаалай бондын хугацааг 5,5 жилээр хойшлууллаа. Сонгуулийн өмнө олсон хэдээ гаргаад цацчихсан хүмүүс хаанаасаа мөнгө гаргаж өгөх юм бэ. “Ковид-19”-тэй холбоотойгоор асар их буюу 5.1 наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээр нь төсөв нь 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нөхцөлд бид гадаадын хөрөнгө оруулагч нараас зээлсэн мөнгөөрөө ингэж “хойд хормойгоо урд хормойгоор нөхөх”-өөс өөр арга алга. Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жил туйлын таатай байсан үед бид нэг ч цент төлөөгүй нь хамгийн харамсалтай.

-Хавтгайрсан халамжийг зогсоох нь бас нэг гарц гэж үзэх хүмүүс бий. Та юу хэлэх вэ?

-Энэ жилийн төсвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, бага орлоготой өрх, иргэдэд улс, орон нутгийн төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийн 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая 655.200 хүнд олгосон. Ажлын чадвартай 90 мянган иргэн халамж авч байна, ажил хийх хүн олдохгүй байгаа зэрэг нь халамж хавтгайрсны шинж юм.

-Монгол Улсын ирээдүй их хүнд байна гэж дүгнэж буй хүмүүс олон байна. Санал нийлж байна уу, та?

-Гадны улс орон биднийг юу гэж дүгнэж байгаагаас тодорхой харагдах болов уу. Өнгөрсөн гурван жилд дэлхийн гурван хар жагсаалтад Монгол Улсыг орууллаа. Европын холбооны татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсын жагсаалтад орсон, сая түүнээсээ гаргасан юм шиг байна. Хоёрт, ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Мөнгө угаах, терроризм санхүүжүүлэгч гэж цоллуулна гэдэг шившиг байхгүй юу. Дараа нь Европын холбооны хар жагсаалт орсон. Гадаад орнууд бидэнд ийм л дүгнэлт өгч байна. Харин бид дотроо нэгнээ хуураад хэр зэрэг хол явах вэ дээ. Ирэх жилүүдэд туйлын хүнд сорилт биднийг хүлээж байна. Уул нь жижигхэн эдийн засагтай улс зөв бодлого хэрэгжүүлбэл сэргэх нь ч амархан гэж би бодож байна. Яг туулж өнгөрүүлсэн алдаагаа засахгүй явбал дампуурах ч ойрхон байгаа шүү.

-Асар их баялагтай, гуравхан сая хүн амтай. Бид ийм арчаагүй байж болох уу?

-Манайх гурван сая хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүр орох улс. Гэвч баялагтай орны ард түмэн сайхан амьдраад байдаггүй гэдгийг бид харж байна. Бид халамж өгөөд, худлаа амлаад, иргэдээ залхууралд уриалаад, хооронд нь тэмцэлдүүлээд байх юм бол одоохон Африкийн орнуудын хэмжээнд очно. Зах зээлийн нийгэм сонгож байгаа бол бид зах зээлийнхээ дүрмээр амьдрах хэрэгтэй. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд гэхэд л мянга гаруй байгууллага байна. Яг социализмаараа, төсвөөс мөнгө сороод л хэвтэж байна гэсэн үг. Тэр олон байгууллагаас 30, 40 нь л ашигтай ажилладаг юм шиг байгаа юм. Бусад нь амиа аргацаасан, өр зээлтэй. Бид зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө ийм их том төрийн бүтцийг чирээд явж байна.

-Дэлхийн банкны эдийн  засагч "Монгол Улсын дундаж давхаргынхан ядуусын эгнээнд шилжиж байна" гэж нэгэн уулзалтын үеэр хэлж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Өөр дээрээ жишээ авч ярья. Би дөрвөн жилийн өмнө 800 мянган төгрөгийн цалинтай, дундаж давхаргын эгнээнд багтдаг байлаа. 400 гаруй ам.долларын цалинтай байсан гэсэн үг. Гэтэл одоо миний цалин хэвээрээ байгаа боловч валютаар тооцвол 200 гаруй ам.доллар болж байна. Монгол Улс хэрэглэгч орон учраас хэрэглээнийхээ 70 хувийг гадаадаас валютаар авдаг. Тэгэхээр миний хэрэглэж буй зүйлсийн үнэ ч бас ханшаа дагаад өсчихсөн гэсэн үг. Миний цалин багассан, миний худалдаж авах хүнс, хэрэглэх эд зүйлсийн үнэ бас өссөн. Тиймээс би хоёр дахин ядуурсан байгаа биз. Бусад иргэд ч ялгаагүй ийм зүйл ярих байлгүй. Монгол Улсад бүтээмжээ нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ ажлын байрыг шийдэх, амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц цалинтай болох гээд шийдэх маш олон асуудал байна. Бид зах зээлийн нийгэмд шилжээд  хэдийн 30 жил өнгөрчээ. Ийм хугацаа Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн улсууд дэлхийн хэмжээний хөгжилд хүрэхэд хангалттай хугацаа байсныг тэдний туулж өнгөрүүлсэн түүхээс харж болно. Харин бид хоёр талцан, юу ч бүтээж чадалгүй хий дэмий цаг алдаж сууна. Харамсалтай. Үе үеийн Засгийн газар улс орноо өөд татах дорвитой нэг ч алхам хийсэнгүй. Төр засаг иргэдээ зөв чигт удирдан чиглүүлж чадсангүй. Өдгөө дэлхийгээр нэг таран ажиллаж байгаа монголчуудын тоо 200 мянга дөхсөн. Тэд хэл мэдэхгүй, хэний ч дэмжлэг тусламжгүйгээр ажил хөдөлмөр эрхлэн, харийн оронд хэнээс ч дутахгүй амьдралаа авч яваа. Ид хөдөлмөрийн насны залуучууд. Хэрэв визний боломж нь гарвал гадаадад гарч хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд хэдэн арван мянгаараа байна. Залуучууд эх орондоо хөдөлмөрлөөд, амьдралд нь хүрэлцэхүйц, хийсэн ажилд нь тохирох хөлс авдаг байсан сан бол гадныг зорих гэж улайрахгүй нь лавтай. Газрын баялгаа гадагш зараад, олсон валютаараа үйлдвэр барьж импорт орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, залуучуудаа ажилтай, амьдралтай болгох боломж алга гэж үү.

Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Хятад зэрэг Азийн улсууд богино хугацаанд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ дотоод зах зээлээ бүрэн хангаад зогсохгүй олон улсад экспортлож, эдийн засгаа өөд нь татсан. Үүнд төрийн оролцоо асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг юм билээ. Тэд манайх шиг мундаг төсөл хөтөлбөр, бодлого гэж хий хоосон цаасаар хөөцөлдсөнгүй. Харин иргэдээ хөдөлмөрлөх, хувийн хэвшлээ ажиллах боломжоор л хангажээ. Энд үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй суурь гурван хүчин зүйлсийг төр хариуцаж бодлогоор дэмжсэн байдаг юм билээ. Уламжлалт үйлдвэрлэлийн гурван хүчин зүйлсэд: газар (баялаг), хөдөлмөр (ажиллах хүч), капитал (зээл) ордог. Азийн орнуудад ажиллах хүч хангалттай. Үйлдвэрлэл явуулах түүхий эд баялгийг худалдаж авч болно. Харин капитал буюу мөнгө, зээлийн асуудлыг төр нь хариуцаж шийдэж чаджээ. Ийнхүү үйлдвэрлэл явуулах суурь хүчин зүйлсийг шийдэж чадах аваас импортыг орлох төдийгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ямар ч улсын иргэдэд байдгийг тэдний түүхээс харж болно. Тэдгээр улсын төр хувийн хэвшилдээ боломж олгосон. Харин тэд хийж, үйлдвэрлэж, бүтээж чадна гэдгээ батлан харуулжээ. Миний дээр дурдсан Азийн орнуудын хөгжлийн нууц ийм л энгийн.

-ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтийг хассан байна лээ?

-Сангийн сайд төсөв мөнгө бага байна гээд бүх л болохгүй юмыг “Ковид”-той холбон тайлбарлаж байна. Ханш өслөө "ковид", Төсвийн алдагдал чинь болохоо байлаа бас л "ковид" руу заана. ЖДҮ-ийн санхүүжилт байхгүй байна. "Ковид" руу заах биз. ЖДҮС бол улс орныг хөгжүүлж, босгодог жишээг би сая хэлсэн. Дэлхийн хөгжилтэй орнуудыг харахад ЖДҮ хөгжсөн байдаг. Хамгийн их ажлын байр шингээдэг салбар шүү дээ. Гэтэл манайд санхүүжилт байхгүй байна гээд сууж байгаа бол төр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Санхүүжилтгүйгээр, бага хүүтэй урт хугацааны зээлгүйгээр улс орныг хөгжүүлэх боломжгүй. Өөрсдөө болохоор аваад хармаалчихдаг. Төсвийнхөө хөрөнгө оруулалтыг танаад ч болсон энэ санг санхүүжүүлэх  ёстой. ЖДҮС их хэмжээний мөнгөтэй байх тусмаа олон хүн зээлд хамрагдаж, тэр хэмжээгээр ажлын байр бий болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж