Бэлэн мөнгө гүйлгээнээс шахагдаж, банкны карт ашиглах нь цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Бэлэн мөнгө гүйлгээнээс шахагдаж, банкны карт ашиглах нь цөөрчээ

Бэлэн мөнгө гүйлгээнээс шахагдаж, банкны карт ашиглах нь цөөрчээ

Сүүлийн жилүүдэд монголчууд бэлэн мөнгө хэрэглэх нь буурчээ. Ялангуяа залуус бэлэн мөнгө байтугай банкны карт ч ашиглахаа больжээ. Тэд гар утсаараа QR код уншуулж, монпэй, сошиал пэй, супер апп ашиглаж, төлбөр төлөхийг илүүд үздэг болж. Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж буй 10 хүн тутмын найм нь бэлэн бусаар тооцоо хийж байсан бол хоёр хүн нь бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байв. Үйлчилгээний байгууллагуудын хувьд ч үйлчлүүлэгчдэдээ ойр ажиллахын тулд шинэ төлбөр тооцооны технологийг олноор нэвтрүүлж буй.

Шинэ ном худалдан авч, кино үзэхдээ, хоол идэхдээ ч хүмүүс бэлэн мөнгө төлөх нь цөөн болжээ. Биднийг “Интер” номын их дэлгүүрээр ороход үйлчлүүлэгч ихтэй байв. Ном худалдан авч буй хүмүүс банкны картаараа төлбөрөө хийж харагдана.

Тус дэлгүүрээс ном худалдан авч буй Э.Золжаргал “Би “Хаан” банкны интернэт банкыг байнга ашигладаг. Миний хувьд QR код уншуулж төлбөр төлөхийг найдвартай гэж боддоггүй. Гадуур худалдааны төв, үйлчилгээний газруудаар явж байхад карт уншихгүй, бэлэн мөнгөөр үйлчлэхийг шаардаад байдаг. Ялангуяа томоохон худалдааны төвүүд бэлэн мөнгөөр үйлчилдэг нь хүндрэлтэй санагддаг” гэлээ.

“Манай дэлгүүрийн хувьд нийт үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь бэлэн бус гүйлгээ хийдэг. Бид хэрэглэгчдэдээ улам ойртохын тулд “Q” пасс, монпэй, сошиал пэй, супер апп, монгол чат гэх мэт төлбөрийн шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлээд байна. Бидний зүгээс хэрэглэгчдэдээ илүү дөхөм үйлчлэхийн тулд шинэ төлбөрийн хэрэгсэл болгоныг авч, ашигладаг. Үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн их хэрэглэдэг нь мон пэй байдаг. Учир нь хүмүүст танигдчихсан, хэрэглэхэд хялбар байдаг байх. Харин сошиал пэй нь үнийн дүн заадаг учраас хэрэглээ нь арай бага юм шиг санагддаг. Супер апп-ыг ихэвчлэн залуус хэрэглэдэг. Мэдээж банкны картаар гүйлгээ хийдэг хүмүүс цөөнгүй.

Бэлэн мөнгө нь олон хүний гар дамждаг учраас нян бактертай байдаг. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчид бэлэн бусаар төлбөр төлснөөр эргээд үйлчилгээний байгууллага төлбөр тооцоо хийдэг амар байдаг. Гэхдээ банкны шимтгэл нь арай үнэтэй санагддаг. Ялангуяа номын зах зээл дээр. Бид Монгол Улсад номын татварын 10 хувийг төлж, үйлчлүүлэгчдээс 21-30 хувийн шимтгэл авч байдаг. Үүний 10 хувийг НӨАТ-д төлчихөөр ашиг гээд байх юм байдаггүй” талаар тус номын дэлгүүрийн маркетинг хариуцсан менежер Э.Мөнхзагар хэлж байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзах хэрэгтэй гэдгийг зөвлөж буй. Энэ зөвлөмжийн дагуу зарим хүмүүс бэлэн мөнгөний хэрэглээгээ багасгасан гэдгээ нуусангүй. “Миний хувьд төлбөр тооцоо хийхдээ мобайл банк ашигладаг. Энэ удаа мобайлиар төлбөрөө хийх боломжгүй учраас бэлэн мөнгөөр тооцоогоо хийлээ. Бэлэн мөнгө хэрэглэх нь эрсдэл ихтэй.

Жишээлбэл, би 100 мянган төгрөгтэй байхад бүгдийг багсайлгаад авч явах уу, дансандаа хийсэн нь дээр үү. Бэлэн мөнгийг хаяж үрэгдүүлэх, хулгайд алдах эрсдэлтэй байдаг. Өмнө нь 50 мянган төгрөг бэлнээр авч яваад хулгай алдаж байсан юм. Нөгөө талаасаа дэлхий нийтээр цар тахал гарсан учраас аль болох олон хүний гар дамжсан бэлэн мөнгө хэрэглэхийг татгалзах нь зүйтэй байх” хэмээн кофе шопоор үйлчлүүлж буй Э.Нацагдорж ярилаа.

Дараагаар нь “Өргөө 3” кино театраар орлоо. Кино театраар ихэвчлэн оюутан залуус үйлчлүүлж байв. “Мобайлаар мөнгөө шилжүүлж болох уу”, “Мон пэй ашиглаж болох уу” хэмээн залуус үйлчилгээний ажилтнаас асууна.

“Би “Хаан” банкны интернэт банкыг тогтмол ашигладаг. Ер нь бол карт ч зарим тохиолдолд ашигладаггүй. Гэхдээ гадуур утасны нэгж, автобусны карт цэнэглэхдээ заавал бэлэн мөнгө төлөхөөс өөр аргагүй байдаг юм. Уг нь техник технологи хөгжсөн юм чинь хүмүүст амар үйлчилгээг нэвтрүүлмээр санагддаг” гэдгээ Хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх курсийн оюутан Б.Парчин хэлсэн юм.

Ингээд Монгол Улсын багшийн их сургуулийн ойролцоох ТҮЦ-ээр орлоо. Уг ТҮЦ-нд ихэвчлэн автобусны картаа цэнэглүүлэхээр хүмүүс цуварна. Худалдагчаас “Автобусны карт цэнэглэхэд банкны карт унших уу? гэхэд “100 төгрөг нэмэгдэнэ” гэлээ. Учрыг лавлавал “Би карт цэнэглэх төхөөрөмжийг 500 мянган төгрөгөөр өөрийнхөө бэлэн мөнгөөрөө цэнэглэдэг. Чи карт уншуулбал, маргаашнаас нааш надад мөнгө орж ирдэггүй юм хэмээн тайлбарлалаа.

ТҮЦ-нд автобусны картаа цэнэглүүлж байсан Б.Урантөгс “Миний хувьд банкны карт уншуулдаг. Аль болох бэлэн мөнгө хэрэглэхээс татгалздаг. Гадуур зарим газрууд картаар үйлчлэхгүй, бэлэн мөнгөөр үйлчилнэ гэдэг. Тэр тохиолдолд АТМ машинаас мөнгө авах гэж хайж явах үе ч гарна. Автобусны карт цэнэглэх, утасны нэгж авахад заавал бэлэн мөнгөөр зарна гээд байдаг юм” гэв.

Мөнгөн тэмдэгтийн насжилт 3.8 жил гэсэн тоо бол дундаж үзүүлэлт юм. Том дүнтэй дэвсгэртүүд үүнээс илүү насжилттай, зарим жижиг дэвсгэртүүд 3.8 жилээс ч богино наслах  тохиолдол бий.  Өөрөөр хэлбэл, мөнгөн тэмдэгтийн насжилт дунджаар 1 -5 жилийн хооронд хэлбэлзэж байдаг.  Энэ үзүүлэлт цаашид нэмэгдэх эсвэл багасах нь нэг талаас олон нийтийн мөнгөн тэмдэгттэй харьцах соёлоос хамаарч байдаг аж.

Залуусын олноор үйлчлүүлдэг газруудын нэг бол “CU” болон “Cirkle K” сүлжээ дэлгүүрүүд. Монгол Улсын их сургуулийн зүүн урд байрлах дэлгүүрт орвол үйлчлүүлэгч оюутан залуус цөөнгүй байв. “CU” дэлгүүрийн менежер Х.Алтансолонго “Үйлчлүүлэгчид ихэвчлэн бэлэн бусаар тооцоо хийдэг. Ингэхдээ банкны карт болон сошиал пэй, мон пэй, QR код уншуулж, төлбөрөө төлж байна. Энэ нь үйлчлүүлэгч болон үйлчилгээний газартаа ч амар байдаг. Бидний зүгээс бэлэн мөнгө тоолж өгөөд байхгүй. Анх зөвхөн карт ашигладаг байсан бол төлбөр төлөх шинэ боломжууд нэмэгдсээр байна” гэдгийг хэлж байв.

“Ер нь би бэлэн мөнгө ашигладаггүй. Үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ банкны карт юм уу, Худалдаа хөгжлийн банкны QR код уншуулчихдаг. Бэлэн мөнгө авч явахад хүндрэлтэй. Хувцасныхаа халаасанд хийгээд мартах тохиолдол их гарна. Гэхдээ оюутны автобусны карт цэнэглэхэд заавал бэлэн мөнгө төлнө гэдэг. Картаар цэнэглэдэг газар ганц нэг л байдаг. Миний хувьд утасны нэгжээ “Юнител” апплейкшн ашиглан интернэт банкаар худалдаад авчихдаг. Ер нь дандаа цахимаар төлбөрөө хийдэг” тухай МУБИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Ундрахболор хэлсэн юм.

“Одоогоор манайх “Голомт” банкны сошиал пэй, пос машин ашиглаж гүйлгээ хийж байна. Үйлчлүүлэгчдийн 50-60 хувь нь бэлэн бусаар төлбөрөө төлдөг. Залуус аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, мобайл банкаар төлбөрөө хийж болох уу гэж их асуудаг” талаар “Cirkle” дэлгүүрийн үйлчилгээний ажилтан Г.Халиун хэлсэн юм.

Бэлэн бус тооцооны давуу тал нь бэлэн мөнгөний эрсдэлийг бууруулж, хугацаа хязгаарлахгүйгээр төлөх боломжтой. Мөн авч явахад авсаархан, далд эдийн засгийн нөлөө бага инфляци хөөрөгдөхөөс сэргийлдэг гэж эдийн засагчид үздэг байна.

Төлбөрийн картын ашиглалтыг нэмэгдүүлэх нь бэлэн мөнгөний хэрэглээг бууруулах, эрсдэлээс сэргийлэх, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зэрэг давуу талуудыг бий болгодог. Картын хэрэглээний талаарх мэдээ, мэдээллийг банкнаас тогтмол түгээснээр иргэдийн төлбөрийн картанд итгэх итгэл дээшилж, улмаар иргэн бүр өдөр тутмын төлбөр тооцоондоо түлхүү ашиглах хандлага нэмэгдсээр байна.

Хөдөлгөөнт банкны 2020 оны хоёрдугаар улирлын тайлангийн дүнгээр улсын хэмжээнд нийт 2.4 сая интернэт банкны эрхтэй хэрэглэгч байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 2.7 мянган хэрэглэгчээр буюу 1.7 хувиар өссөн байна.

Интернэт болон ухаалаг гар утсаар 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 61.6 сая ширхэг гүйлгээг хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.9 сая ширхэг гүйлгээгээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн эдгээр гүйлгээний 89.1 хувийг ухаалаг гар утсаар хийсэн байгаа нь нийт хэрэглэгчид гар утасны аппликэйшн-ийг түлхүү ашигладаг болохыг харуулна.

Одоогийн байдлаар банкуудаас гадна таван байгууллага төлбөрийн үйлчилгээтэй хамаарал бүхий үйл ажиллагааг Монгобанкны зөвшөөрөлтэйгөөр явуулж байна. Мөн сүүлийн үед цахим мөнгөөр төлбөр тооцоо хийх эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ онд Монголбанкнаас шинээр хоёр байгууллагад цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийг олгон тус үйлчилгээг нийт гурван байгууллага эрхэлдэг болжээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж