Найман жил нөхрийнхөө дарамт сүрдүүлэг дор амьдарсны эцэст амь насаа алдахын наагуур аврал эрэн гэрээсээ зугтсан эмэгтэй. Шөнө дөлөөр нөмгөн нүцгэн, нялх үрээ тэврээд зам дауу аврал эрж зогссон эх хүү хоёрын тухай цахим орчинд нийтээрээ шуугиад л өнгөрөв.
Арван зургаан жил нөхрийнхөө харгислалыг тэвчсэн бүсгүй амьд гарахын тулд гэрээсээ өмссөн хувцастайгаа зугтаж байв. Ийм хүчирхийлэл дунд арга мухардсан олон хүн хэнд, хаана хандахаа мэдэхгүй эцэс төгсгөлгүй зовлон дунд амьдарч байна. Хэдийгээр цагдаад хандахаа мэдэх ч олонх нь дуудлага өгөлгүй нууж явсаар амь нас нь дээсэн дөрөөн дээр ирэхэд л гэрээсээ зугтдаг. Зарим нь гартаа бэртэл авсан, хөл нь гэмтэж, дотуур цус алдалттай яваагаа үл хайхран “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийг зорьдог аж. Ийм тохиолдолд тус төвийнхөн эмнэлгийн байгууллагад холбон зуучилж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамгаалах байрандаа авч нийгмийн үйлчилгээг үзүүлэн хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Өнөөдөр гэр бүлийн орчин биш түр хамгаалах байр хүүхэд эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй аюулгүй орчин нь болжээ. Харамсалтай нь, төрийн хамгаалалт тийм ч “найдвартай арга” биш. Учир нь, эдгээр байгууллага дээд тал нь 90 хоног байрлуулдаг. Ихэнхдээ 3-7 хоног хамгаалах байранд амьдруулна. Эндээс гараад тэд эргээд л гэртээ очно. Эргээд хүчирхийлэгч нөхрийнхөө харгислал дунд амьдрахад хүрнэ.
Түр хамгаалах байрнаас гараад нөхрийнхөө харгис яргалалд өртөж, нэг эмэгтэй амиа алдсан тохиолдол ч бий. Угтаа бол хохирогч болсон хүүхэд эмэгтэйчүүд гэрээсээ зугтаж айлын хаяа, түр хамгаалах байр бараадах учиргүй. Тэд хохирсон болохоос хэрэгтэн биш. Тэднийг биш харин хүчирхийлэл үйлдэгчдийг тусгаарлах ёстой баймаар.
Үнэндээ, хүчирхийлэгчдийг Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах нь бараг толгойг нь илээд өнгөрч буйтай адил. Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд гэртээ үлдэж, гэдсээ илж хэвтэх биш тэднийг түр хамгаалах байранд хорьж, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, ядаж хүчирхийллийн эсрэг сургалтад хамруулах шаардлагатай. Хүчирхийлэгчийг "хүмүүжүүлэх"-гүйгээр хүчирхийлэл буурахгүй.
Хэдийгээр хууль боловсруулагчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль баталсан ч хэрэгжилт тийм ч хангалттай биш байгаа нь нууц биш. Харин цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт хангалттай сайн хэрэгжиж буйг тодотгоод хүчирхийлэгчдийг түр хамгаалах байранд тусгаарлах бус зан үйлийн сургалтад хамруулах ёстой гэх байр суурийг илэрхийлж байв.
ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ТУСГААРЛАХ БИШ ЗАН ҮЙЛИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.БАЯРБАЯСГАЛАН:
– Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт сайн байгаа гэж хэлж болно. Хууль батлагдахаас гурван жилийн өмнө хүчирхийлэл үйлдэгчид гэртээ дураараа авирладаг байсан. Харин одоо хууль батлагдснаас хойш хүн бүр гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг мэддэг болсны үр дүнд иргэдээс ирүүлэх дуудлага мэдээлэл ихэссэн. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байранд болон нэг цэгийн үйлчилгээнд холбож өгч болно. Мөн төрөл садангийн хамгаалалтад холбож өгөх хуулийн зохицуулалттай. Цагдаагийн байгууллагад хандаж буй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын дийлэнх нь төрөл садангийн хамгаалалтад очих хүсэлтээ өгдөг. Хэрэв хохирогч түр хамгаалах байранд байрлах хүсэлтээ гаргавал холбож өгнө. Харин хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан хохирсон, аюулын зэрэг өндөр бол түр хамгаалах байранд авна. Зөрчлийн тухай хуулиар хүчирийлэл үйлдэгчийг 7-30 хоног баривчлах заалттай, энэ хугацаанд албадан сургалтад хамруулдаг.
Хүчирхийлэл үйлдэгчийг түр хамгаалах байранд байлгадаггүй, тэднийг тусгаарлана гэхээс илүүтэй зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтад хамруулах нь үр дүнтэй. Тэднийг тусгаарлах биш сургалтад хамруулж гэм бурууг нь ойлгуулснаар дахин хүчирхийлэл үйлдэхгүй.
Зөрчил гаргасан этгээд өөрийнхөө буруутай үйлдлийг ухамсарлаж ойлгох боломжийг сургалт өгдөг гэсэн үг. Энэ оны эхний есөн сарын байдлаар зан үйлд нөлөөлөх сургалтад шүүхийн шийдвэрээр баривчлагдсан 6429 иргэн хамрагдсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхийн шийдвэрээр баривчлагдсан эдгээр хүмүүсээс дахин зөрчил үүсгэж баривчлагдсан тохиолдол маш цөөн. Зөрчил гаргасан ч маш бага тохиолдол бүртгэгддэг.
Тэгэхээр хүчирхийлэл үйлдсэн этгээд суллагдсаны дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь маш бага. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг нэг бус удаа үйлдвэл Эрүүгийн хуулийн 11.7-д заасны дагуу 2-5 жилийн ял оноох хариуцлага хүлээлгэдэг тул хүчирхийлэгчид дахин алдаагаа давтахыг хүсдэггүй болов уу. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийллийн зөрчил хэргийг хянан шалгах хугацаанд хүчирхийлэгч этгээд болон хохирогчийг уулзуулахгүй байх, нэг дор амьдруулахгүй байх хуулийн зохицуулалттай.
Хэрэв хохирогч төрөл садны хамгаалалтад байх бол зөрчил гаргасан этгээдийг 7-30 хоног баривчилна. Аль эсвэл хохирогчийг түр хамгаалах байранд шүүхийн шийдвэр гарах хүртэл 90 хоногийн хугацаанд хамгаалалтад авдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн үндсэн том шалтгаан архи согтууруулах ундаа биш эрх мэдлийн тэнцвэргүй байдал, хүчтэй, хүчгүйн ялгаанаас үүдэлтэй. Иймд иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, хэрэг зөрчил ихэсч байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн гэдгийг онцолсон. Учир нь, хаалттай хаалганы цаана үйлдэгдэх гэмт хэрэг нь далд учраас иргэд, хөршүүдийн тусламжтай цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байна.
Энэ оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 28 мянга гаруй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 845 нь гэмт хэргийн шинжтэй аж. Зөрчил гэмт хэргийн шалтгааны 50 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 50 хувь эрүүл байхдаа хүчирхийлэл үйлдсэн байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том үндсэн шалтгаан эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, хүчтэй, хүчгүйн ялгаа. Архи согтууруулах ундаа гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан биш аж.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн заалтуудыг шинэчлэн найруулж, хүчирхийлэгчдэд тооцох хариуцлагыг чангатгах боломж Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд байгаа гэнэ.
ХУУЛИА НЭН ДАРУЙ ЗАСАХ ЭРХ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙНА
Хуульч, Доктор Ч.ӨНӨРБАЯР:
-Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал зөвхөн Цагдаагийн байгууллага аль эсхүл цөөн хэдэн төрийн бус байгууллагын ажил юм шиг боддог. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 45.1.1-д зааснаар Монголын УИХ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг жил бүр хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах ажлаа хэр сайн хийж байна вэ? Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж чадаж байна уу гэдгийг асуумаар байна. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг асуудал босоод ирэхээр хууль руу чихдэг байж таарахгүй. Үнэхээр хэрэгжүүлэх явцад асуудал гарч байгаа бол хуулиа нэн даруй засах эрх нь энэ УИХ, Засгийн газарт байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогчдыг тусгаарлаж хамгаалалтад авах бус хүчирхийлэгчдийг тусгаарлах, шийдвэрлэх нөөц бололцоо одоогийн хуулиудад бий. Харин түүнийг ойлгож, хэрэгжүүлэх ажил хангалттай хийгдэхгүй байна. Цаасан дээр сайн хууль батлан гаргаснаараа асуудал бүрэн шийдэгддэг юм биш. Ер нь асуудлаа барьж авахгүй өөр зүйл хөөгөөд тойрч давхиад байгаа харагдах юм гэлээ.
Б.ЦЭЦЭГ