Нагорно-Карабах бүс нутаг дахь Армен, Азербайжаны зөрчил бол геополитик, цэргийн том асуудлын талаар олон зүйлийг өгүүлнэ. Өмнөд Кавазын зөрчилтэй энэ бүс нутагт өрнөсөн хэдхэн хоногийн цус асгаруулсан тулаан орчин цагийн байлдааны хувьсал болон дэлхийн хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхой харуулна. Зарим талаар Азербайжаны хилийн дотор хашигдсан армен үндэстний Нагорно-Карабах бүс нутагт болж буй үйл явдалд онцын шинэ зүйл байхгүй мэт. Энэ нь Зөвлөлт холбоот улсын задралын дараа шийдэгдэлгүй үлдсэн “царцсан” зөрчлүүдийн нэг. Нагорно-Карабахын орчин цагийн зөрчил 1988 оноос эхэлсэн. ЗХУ задарсны дараа дайн 1994 онд гал зогсоох гэрээгээр өндөрлөж, Армены хүчин Нагорно-Карабах бүс нутагт хяналтаа тогтоосон. Энэ дайнд олон арван мянган хүн амь үрэгдсэн. Гал зогсоох гэрээгээр дайн өндөрлөсөн ч дайны цог уугисаар иржээ. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Азербайжаны арми Нагорно-Карабах бүс нутгийг эзлэхээр (армены талаас өдөөн хатгасан гэх) дайралт хийснээр дахин цус урсав.
Энэ бол АНУ, ОХУ-ын хоорондох далд сөргөлдөөний ил тулаан юм. АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллагын гишүүн Турк улсаас Азербайжаныг дэмжиж, нөгөө талд арменчууд ОХУ-тай ойрын холбоотон. ОХУ нь Азербайжантай найрсаг харилцаатай боловч Евразийн эдийн засгийн холбооны гишүүн Арментай илүү дотно. Туркийн хувьд үндэс угсаа шашин нэгтэй Азербайжан улсад цэргийн тусламж үзүүлэхийг санал болгож байна. Гэсэн ч Азербайжан бол Туркийн утсан хүүхэлдэй биш. Харин ч Анкарагийн дэмжлэгийг давуу талаа болгон ашиглаж байна. Гэхдээ Туркийн эртний дайсны эсрэг дайсагнал, зөрчил дахин сэдэрсэн нь хөрш орнууддаа геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлэх хүчний тоглолтынх нь нэг хэсэг юм. Турк нь сүүлийн жилүүдэд Сири, Ливи зэрэг орнуудын зөрчилд хөндлөнгөөс оролцох нь нэмэгдсэн. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Азербайжаныг Нагорно-Карабах бүс нутгийг Арменаас буцаан авахад нь бүрэн дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдэхдээ дан ганц АНУ-ын заавраар хөдлөөгүй нь тодорхой. Түүний мэдэгдэлд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шийдэмгий хариу үйлдэл үзүүлж “Туркийн ар тал бүхий зөрчлийг хурцатгахыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Франц, Турк улсын ашиг сонирхол Ливийн иргэний дайнд зөрчилдөж, Умард Атлантын цэргийн эвсэлд том хагарал үүсгэсэн. НАТО нь АНУ-ын удирдлага дор гишүүн байгууллагуудын нягт барьж, харилцаа холбоог хадгалах гэж хичээж буй.
Нөгөө талаар Нагорно-Карабах бүс нутгийн зөрчил нь ашиг сонирхлын зөрчил, геополитикийн далд явуулгын үр дүн юм. Улмаар Европын энх тайвныг хадгалж ирсэн хамтын нөхөрлөл, холбоотны харилцаанд сэв суулгах эрсдэлтэй. Хэрэв энэ зөрчилд Азербайжан ялалт байгуулвал ОХУ хямралд ялагдал хүлээнэ. Гэсэн ч энэ нөхцөлд хэдийнэ хуваагдаж эхлээд буй НАТО-гийн хүчийг сулруулахад ОХУ-ын талд байдал ашигтайгаар эргэх аж.
АРМЕН, АЗЕРБАЙЖАНЫ ЭРТНИЙ ЗӨРЧИЛ
Армен, Азербайжан эх сурвалжууд Нагорно-Карабах бүс нутгийн түүхийн талаар өөр өөр байр суурьтай байдаг. Маргаантай Нагарно-Карабах нутаг газрын зураг дээр Азебайжаны хил дотор багтсан байдаг ч үнэн хэрэгтээ Армянийн бие даасан муж улс хэмээгддэгээс гадна тус нутгийг өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн өргөмжилсөн, олон улсад танигдаагүй Арцах улс удирддаг юм.
Арменийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар МЭӨ 1-р мянган жилийн эхэн үед Нагорно-Карабах эртний армян нэр Артсах байжээ. Дундад зууны эхэн үед Нагорно-Карабах нь Арменийн нэг хэсэг байсан гэж Арменийн эх сурвалж мэдээлж байна. Энэ эринд Турк, Ираны байлдан дагуулсан дайны үр дүнд Арменийн нэлээд хэсэг эдгээр улсуудын мэдэлд байв.
Азербайжан энэ асуудалд өөрийн байр суурийг баримталдаг. Нутгийн судлаачдын үзэж байгаагаар Карабах бол тэдний улсын хамгийн эртний түүхэн мужуудын нэг юм. XVI зуунд аль хэдийн бусад мужуудтай хамт Карабах нь Сафавид улсын бүрэлдэхүүнд байсан бөгөөд дараа нь бие даасан хаант улс болжээ. 1805 онд Карабах хаант улс Оросын эзэнт гүрэнд захирагдах болжээ. Удалгүй 1813 онд Гулистаны энх тайвны гэрээний дагуу Нагорно-Карабах нь мөн Оросын нэг хэсэг болжээ.
Армянуудыг Турк, Иранаас нүүлгэн шилжүүлж, Умард Азербайжан, тэр дундаа Карабакийн нутаг дэвсгэрт байршуулсан байдаг. Тиймээс эдгээр газрын хүн ам нь гол төлөв армян гаралтай байдаг. Османы эзэнт гүрний үед нүүлгэн шилжүүлнэ гэх нэрийдлээр арменчуудыг хоморголон устгасан үйл явдал 1915 онд болсон. Армены баруун хэсэг Османт эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд нутаг дэвсгэр дээрээ нэг сая сая армян амьдардаг байв.
Холбоотой мэдээ