Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

Байнгын хороодын хуралдаан дууссан тул УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы хуралдааныг өнөөдөр хаах болсноо мэдэгдлээ.

Үүний дараа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг хэлэлцэн баталлаа.

Уг хөтөлбөрт Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм.

Мөн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна.

Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж